Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 17

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ж.Өлзийбат,

шүүгдэгч Ж.Чинбат, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Б.Нямдорж, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Жамъяны Чинбат, Монгол овогт Жамъяны Өлзийбат нарт холбогдох эрүүгийн 201626031134 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамж, 9 тоотод  бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Центрийн 38 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Жамъяны Чинбат  /РД:ЧО80121457/,

2.Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8 эхнэр 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 35-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Жамъяны Өлзийбат /РД: ЧО74062215/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/:  

 

Шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 58 дугаар байрны 82 тоотод дүү Ж.Баасансүрэнг зодлоо гэх шалтгаанаар иргэн Б.Нямдоржийг зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Ж.Өлзийбатаас: 2016 оны 8 дугаар сарын 14-ны өдөр ажлаасаа тараад дүү Чинбатын гэрт эхнэртэйгээ орж ирээд байж байхад дүү Чинбатын эхнэр Жаргал орж ирээд Нямдорж танай дүү Баасансүрэнг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Чинбат бид хоёр гарсан. Би орцонд нь үлдээд Чинбатыг тэдний гэр рүү оруулсан. Хүүхэдтэй айлд орж хэрүүл маргаан хийгээд яахав, чи ороод дагуулаад гараад ир гэж хэлээд Чинбатыг гэрт нь оруулсан юм. Тэгтэл Чинбат Нямдоржийн гэр рүү орчиход гарч ирэхгүй удаад байхаар нь би яваад ортол Чинбат, Нямдорж хоёр барьцалдаад ноцолдож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гэхэд Нямдорж сул байгаа халбага сэрээ, гарт дайралдсан бүх зүйл аваад Чинбатыг цохиод манай Баасансүрэн дүү рүү дайраад хэрэлдээд байхаар нь маргааш учраа олоорой гэж хэлээд дүү Баасансүрэнгээ аваад гарсан гэв.

Шүүгдэгч Ж.Чинбатаас: Тухайн өдөр манай эхнэр хуйцаа хийгээд Нямдорж дуртай болохоор гэрт нь орж дуудаж хоол идүүлэх зорилготой Нямдоржийн гэрт орсон. Гэтэл удалгүй нэлээн уурласан байдалтай Б.Нямдорж дүүг чинь зодоод байна гээд орж ирсэн. Тэр үед ах бид 2 хамт байсан болохоор тэр талаар сонсоод дүүгийнхээ гэр лүү ахтай хамт явсан. Тэгээд ах Нямдоржийн үүдэнд зогсоод би хаалгаар ороход Б.Нямдорж үгийн зөрүүгүй сэрээ бариад дайраад намайг баавгайчлаад тэврээд авахаар нь би Нямдоржийг мөргөсөн. Гэтэл гаднаас ах Өлзийбат орж ирээд Нямдорж бид хоёрыг салгаад намайг хөөгөөд гаргасан гэв.

Хохирогч Б.Нямдоржоос: 2016 оны 8 дугаар сарын 14-ны өдөр намайг гэртээ байж байхад Чинбат, Өлзийбат нар зөвшөөрөлгүй манай гэрт орж ирж намайг зодсон. Намайг гал тогооны өрөөндөө сууж байхад гаднаас Чинбат алнаа гэж орилоод намайг цохиж унагаасан. Гэтэл араас нь Өлзийбат орж ирэхэд намайг боож орон дээр унагасан. Би тухайн үед ухаан алдсан. Намайг ухаан алдаад сэрэхэд манай 3 настай хүү ирээд Өлзийбатыг өшиглөсөн. Гэтэл манай 3 настай хүүг Өлзийбат хаалга руу өшиглөөд унагасан. Түүнийг би хараад шүдээ зуугаад боссон. Тухайн хэрэг гарснаас хойш Чинбат, Өлзийбат нар надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй. Харин шүүх хуралдааны өмнө би эхнэрээ гомдоохгүйн тул эхнэр, 4 хүүхдээ бодоод Чинбат, Өлзийбат нарт гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Чинбат, Өлзийбат нар нь надаас уучлал гуйгаагүй,  худлаа мэдүүлэг өгч байна. Би Чинбат, Өлзийбат нар надаас уучлал гуйж, үнэнээ хэлбэл гомдол саналгүй, эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэв.

 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Нямдоржийн: ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө гаднаас Ж.Чинбатын эхнэр Жаргал, хадам талын хамаатан Мийгаа бас 10 жилийн охин дагуулан гурвуулаа орж ирсэн. Ж.Чинбатын эхнэр Жаргал нь манай гэрт орж ирж юм угаадаг бөгөөд тухайн өдөр хувцас угаах гээд бариад ирсэн учир би түүнд дургүйцэж уурласан юм.Тэр үед эхнэр маань уурлаад өрөө рүүгээ явсан бөгөөд би очоод түүний мөрнөөс татахад уурласан. Удаагүй хадам ах Чинбат орж ирсэн бөгөөд орж ирэхдээ Нямаа чамайг алах болно гээд орж ирээд миний хамар луу мөргөсөн. Чи яаж байна аа гээд би тэврээд авсан юм. Түүнийг тэвэрч аваад гэрээсээ түлхэж гаргах гэтэл Ж.Чинбат нь баруун гараа сугалаад намайг унтлагын өрөө рүү түлхэж бид хоёр тэврэлдэж орон дээр унацгаасан. Тэгээд газар унахад би доор нь орсон бөгөөд Ж.Чинбатаас мултраад босоход Ж.Чинбат миний нүүрэн тус газар цохьсон бөгөөд би тэр үед бултаж арагшлах гэтэл Ж.Чинбатын ах Ж.Өлзийбат нь миний 2 гарыг биедээ хавсран барьж хөдлөх бололцоогүй болгосон. Тэр үед Ж.Чинбат нь миний цээж рүү 2-3 удаа, нүүрэн тус газар 4-5 удаа цохьсон. Тэр үед миний үүдэн шүд хугарсан юм. Тэр үед Ж.Чинбат над руу улам дайраад байхаар нь би хөлөөрөө хаах гэтэл Ж.Өлзийбат нь миний хөлийг хааж эргүүлж байгаад ор луу цээж рүү цохиж суулгаад надтай ярилцъя гэхээр нь ярилцах гэтэл миний амаар дүүрэн цус байсан учир цусаа гараараа арчаад Ж.Өлзийбатын өмсөж ясан фудволкноос татаад боссон юм. Тэгэхэд Ж.Өлзийбат миний нүүрэн тус газар баруун гараараа хүчтэй цохьсон бөгөөд цохиулаад ор луу унахад миний дээр гараад миний хоолойг боогоод багалзуурдаад новш минь чамайг алахад амийг чинь гуйх хүн байхгүй гэж хэлээд байсан. Ж.Чинбат миний хамар луу мөргөж үүдэн доод шүд унасан. Толгойн тус газар олон удаа цохьсоноос болж хавдсан байсан. Мөн цээж рүү цохиж гэмтээсэн юм. Өлзийбат миний аман тус газар цохиж миний уруул язарсан. Хоолой боосноос болж ухаан алдсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26, 50-52 дугаар хуудас/,

Гэрч Б.Мягмарсүрэнгийн: ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би зээ охин Анужингийн хамт Нисэхэд байдаг төрсөн дүү Жамъянгийн охин Баасансүрэнгийн гэрт очсон. ...Баасансүрэн хоол хийх гэж байгаа бололтой махаа гаргаж байсан. Нямдорж надаас за Мийгаа эгчээ, засварын ажил дуусч байна уу гэж асуусан. ...тэгтэл би танай дүүг өдөр болгон л зодож байгаа гэсэн. Чи чинь юу яриад байгаа юм бэ гэхэд зодоод байхад ээж аав нь ирэхгүй байна, ах дүү нар ирж энийг авахгүй байна. Энэ надад их гай болж байна, би энэнээс салмаар байна гэсэн. Би тоглож байна гэж бодоод тэгвэл манайх руу явуулчих гээд Нямдоржийн мөр лүү гараараа зөөлөн алгадаж хэлсэн. Тэгээд байж байтал Баасансүрэнгийн ах Чинбатын эхнэр Жаргал хоол бариад гаднаас орж ирсэн. Авчирсан хоолоо ширээн дээр тавьсан. Би ч аяга бариад хоолноос нь идэх гээд сууж байсан. Нямдорж мөн хоол идэх гэж суугаад эхнэрээ халбага сэрээ аваад өг гэсэн. Эхнэр нь авчирч өгсөн. Баасансүрэн хойд өрөө рүү орж байсан. Тэгтэл Нямдорж би энийг хоол хийлгэх гэж авч суусан юм. Дандаа зодож байгаа харах уу гээд босоод араас нь явсан. Би хоол руу хараад огт тоогоогүй анзаарч хараагүй байж байтал нөгөө өрөөнд эмэгтэй хүн уйлах шиг чимээ гарсан. Гайхаад очоод хартал Баасансүрэн орон дээрээ уйлаад сууж байсан. Яасан гэхэд Нямдорж би танай дүүг зодчихоод байна, ингээд зодоод байхад танай дүү чинь явахгүй байгаа юм, ээж аав, ах дүү нар нь ирж дүүгээ авахгүй юм, надад их гай болоод байна, би салмаар байна гэж хэлсэн. ...Удалгүй Чинбат гаднаас ганцаараа орж ирсэн. Чинбатыг орж ирэхийг харангуутаа Нямдорж өөдөөс нь босч очоод аа Чинбаа юу гэж хэлсэн. Тэгтэл Чинбат чи яахаараа миний дүүг зоддог юм бэ гээд үгийн зөрүүгүй тэр хоёр барилцаж аваад жижиг өрөө рүү орсон. Дээр доороо ороод өнхөрөлдөөд, орон дээрээс унаад байсан. Тэр үед Нямдоржийн хамраас цус гарсан байсан. Би наанаас нь болиоч гээд орилсон боловч миний үгэнд огт орохгүй байсан...гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/

Гэрч Б.Жаргалын: ...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би ажлаа тараад гэртээ 18 цагийн үед ирсэн. Ирэхэд гэрт манай нөхөр, нөхрийн том ах Өлзийбат 2 байсан. Би хоолоо хийчихээд ойрд нөхрийн дүү Баасансүрэнгийн гэрт ороогүй, сар уулзсангүй, хоол өгөнгөө уулзчихаад ирье гэж бодоод тэднийд хоол бариад орсон. Тэднийд ороход Баасансүрэнгийн гэрт хадам эмээ Мягмарсүрэн, зээ охиныхоо хамт ирсэн байсан. Намайг ороход Баасансүрэнгийн нөхөр Нямдорж том өрөөндөө орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би хоол авчирсан, хоол ид гэхэд хоол идэх гээд босч ирсэн. ...Энэ нэг гайгаа эцэг эх нь ирж авахгүй юм, эцэг эх нь надаас ирж уучлалт гуйх ёстой гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ, яахаараа чамаас уучлалт гуйдаг юм бэ, би охиноо аваад явъя гэсэн. Тэгтэл Нямдорж би бүтэн сар энийг дарамталж, зодож байгаа, харах уу гээд жирэмсэн эхнэрээ алгадаад авсан. Би тэр үед болиулах гэж очоод ер нь 2 ах нь байгаа юм чинь дуудъя гэж бодоод гарч эрт ороод 2 ах болох Өлзийбат, Чинбат хоёрт болсон асуудлыг хэлсэн. Тэр хоёр гэрээс гарсан. Би гэртээ үлдсэн. 10-20 минут болоод ирэхгүй болохоор нь би гарах гэтэл өөдөөс Чинбат, Өлзийбат ах, Баасансүрэн гурав гэрт орж ирсэн. ...Баасансүрэнгийнхээс орж ирэх үед манай нөхрийн хувцас цус болсон. Хамар нь хугарсан байдалтай байсан. Нямдорж цохиж зодсон байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Баасансүрэнгийн ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19-20 цагийн орчим манай гэрт ах Чинбатын эхнэр Жаргал орж ирсэн. Мөн манай гэрт аавын эгч Мягмарсүрэн дөнгөж орж ирсэн байсан. Тэгтэл гэнэт манай нөхөр уурлаад эхэлсэн. Зүв зүгээр байж байснаа тэр хоёрыг ороод ирсэн чинь хүн орж ирлээ гэсэн шиг гэнэт уурласан. Тэгээд гэнэт тэр хоёрт уурласан гэдгээ харуулах гэж байгаа юм шиг намайг тэр хоёрын нүдэн дээр алгадаад авсан. Би дүүг чинь өдөр болгон ингэж зодсон боловч дүү чинь явахгүй байна гэж хүний уур хүргэх гэж байгаа байдалтай хэлсэн. Тэгтэл Жаргал эгч чи ямар сонин юм бэ гээд уурлаад гараад явсан. ...Удалгүй Чинбат ах ороод ирсэн. Тэгээд Нямдоржийг хоёулаа гаръя гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр шууд үгийн зөрүүгүй барилцаад авсан. Ширээн дээрээс нэг юм шүүрээд авч байсан. Яг юу авсан гэдгийг нь би анзаарч хараагүй. Халбага сэрээ хоёрын нэг байсан байх. Тэр хоёр коридорт нилээн ноцолдсон. Тэгээд тэндээс унтлагын өрөөний үүдэн хэсэгт очсон. Нямдорж Чинбат ахыг тэвэрч барьчихаад ерөөсөө тавихгүй байсан. Тэгээд салахгүй болохоор нь том ахыг дуудаж оруулж ирсэн. Том ах нялх нойтон хүүхэдтэй айлд орж яах юм, Нямдоржийг ороод дагуулаад гараад ир гээд өөрөө орцонд үлдээд Чинбат ахыг манайх руу оруулсан байсан юм байна лээ. Тэгээд Өлзийбат ах орж ирээд салгах гээд зөндөө оролдсон боловч зууралдаад Нямдорж тавихгүй байсан. Тэгээд арай гэж салгаад Нямдоржийг орон дээр суулгатал улайраад Чинбат ах Өлзийбат ах хоёр луу дайраад байсан. Нилээн ноцолдож байгаад Өлзийбат ах тэр хоёрыг аваад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11422  дугаартай актанд

  1. Б.Нямдоржийн биед уруулд шарх, цус хуралт, 1 шүдний булгарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна. гэсэн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч Ж.Чинбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 14-ний орой 21:00 цагийн үед манай эхнэр Жаргал нь Ж.Баасансүрэнгийн гэрт орж машины суудлын бүрээс угаах гэж орсон юм. Удалгүй хүрч ирээд нэлээн уурласан байдалтай Б.Нямдорж дүүг чинь зодоод байна гээд орж ирсэн. Тэр үед ах бид 2 хамт байсан бөгөөд тэр талаар сонсоод дүүгийнхээ гэр лүү ахтай хамт явсан юм. Ах маань 58 дугаар байрны гадаа орцонд үлдээд намайг дуудаад ир гээд хүүхдийнх нь хажууд юу ярих вэ гээд намайг оруулсан. Би 12 дугаар давхарт байрлах 82 тоот хаалгаар ороход Б.Нямдорж үгийн зөрүүгүй ширээн дээр байсан сэрээ аваад миний мөр лүү хатгасан юм. Тэгээд над руу дайраад тэврээд авсан бөгөөд би өөдөөс нь ноцолдож байгаад Б.Нямдоржийг тавиулах гээд нүүрэн хэсэг газар нь мөргөсөн. Тэгээд ноцолдоод зууралдаж байгаад ор луу унасан. Тэр үед Нямдорж нь бал аваад миний цээж рүү хатгасан бөгөөд тухайн үед гартаа таарсан бүх зүйлийг авч дайрч, хатгаж гэмтээгээд байсан юм. Тэр үед ах маань орж ирээд салгах гээд оролдсон бөгөөд тэр үед Нямдорж нь намайг тавихгүй, хувцас ураад би энийг алж байж тавина гээд тавихгүй байсан. Тэр үед ах маань тавь гээд гар луу нь цохиод байсан. 1-2 удаа цохьсон. Тэгээд салаад зогсож байтал Нямдорж нь би чамайг гүйцээнэ гээд хайруулын таваг аваад дайраад байсан. Тэр үед Нямдорж би чамайг алах болно, үе удмаар чинь хараах болно гээд хэл амаар доромжлоод байсан юм. Тэр үед ах намайг гар гээд би гадаа зогсож байтал ах маань Ж.Баасансүрэнг дагуулаад гараад ирсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Тэгэхээр нь Чинбат бид хоёр гарсан. Би орцонд нь үлдээд Чинбатыг тэдний гэр рүү оруулсан. Хүүхэдтэй айлд орж хэрүүл маргаан хийгээд яахав, чи ороод дагуулаад гараад ир гэж хэлээд Чинбатыг гэрт нь оруулсан юм. Энэ үед 20 цаг л болж байсан. Тэгтэл дотор хүмүүс орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би яваад ортол Чинбат, Нямдорж хоёр барьцалдаад жижиг өрөөний орны араар давхаралдан унасан байсан. Хүүе бос, боль гээд би тэр хоёрыг салгасан. ...нэг гараараа Чинбатын хувцаснаас зуураад нөгөө гараараа сул байгаа халбага сэрээ, гарт дайралдсан бүх зүйл аваад Чинбатыг цохиод байсан. Хөлийг чинь хугална. Сэвстэй чинь хутгана гээд орилоод байсан. Гараа тавихгүй болиулах гээд болихгүй болохоор нь би түүний гар руу цохиж байгаад гарыг нь тавиулсан. Тэгээд хоёр тийш салгаад орилолдож хэрэлдэж байгаад дүүгээ аваад яв гээд байхаар нь би дүү Баасансүрэнгээ аваад гараад явсан. ...Яг гэмтэл ярих юм бол манай дүү Чинбат Нямдоржид цохиулж гэмтсэн байсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлэх гэтэл Нямдорж гуйгаад эвлэрье гээд гуйгаад байсан учраас Чинбат үзүүлээгүй. Чинбатын хамар хавдсан байсан. Тэр хоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. Чинбат руу дайраад зууралдаж байх үедээ л бага зэрэг гэмтсэн байх. Нямдорж надаар цохиулах гээд чи хүүхдүүдээ нохойны хоолоор тэжээдэг биз дээ гэж хэлж байсан. Тэр үед нь би тэвчээд өнгөрсөн. Ер нь манайхныг хэл амаар доромжилж байгаа. Би түүнийг нэг цохих юм бол байхгүй болгоно. Гэхдээ тэгж цохиж зодоогүй, архи уугаагүй эрүүл байсан мөртлөө улангасаад дайраад байсан. Арай гэж би салгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Шүүгдэгч Ж.Чинбатын Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас

-Шүүгдэгч Ж.Өлзийбатын Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

-Шүүгдэгч нарын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 89-99 дүгээр хуудас/

2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-88 дугаар хуудас/

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 58 дугаар байрны 82 тоотод дүү Ж.Баасансүрэнг зодлоо гэх шалтгаанаар иргэн Б.Нямдоржийг зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 22-26, 50-52 дугаар хуудас/, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 58-61 дүгээр худас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11422  дугаартай акт  /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Б.Жаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/, гэрч Ж.Баасансүрэнгийн мэдүүлэг/хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Өлзийбат нь хохирогч Б.Нямдоржийг зодоогүй, дүү Ж.Чинбаттай зодолдож байхад нь салгасан гэж мэдүүлсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Ж.Өлзийбат нь зодоонд оролцоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ж.Чинбат, хохирогч Б.Нямдорж нарыг эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2 дахь хэсэг. 42.6 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямдоржид дээрх хуулийг сануулан мэдүүлэг авсан, шүүгдэгч Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарыг бүлэглэн зодсон, гомдолтой байгаа талаараа тогтвортой мэдүүлдэг  бөгөөд харин ар гэрийн байдлыг нь харгалзан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 2.450.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлэээсээ татгалзаж байгаа талаар шүүхэд бичгээр гаргаж өгсөн, хохирогчийн өгсөн мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11422 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

     Иймд шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, прокуророос сонсгосон хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Нямдорж нь гэмт хэргийн улмаас  учирсан хиймэл шүд хийлгэх хохиролд 2.450.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.