Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 682

 

 

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 254 400 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Ц.А-д 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/16/04/018 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №БГ/16/04/018 тоот зээлийн барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 29-А тоот Г-2203004104 бүртгэлийн дугаартай 415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29-А тоот байрлалтай Г-2203009221 бүртгэлийн дугаартай 202 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан.

Ц.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 11 974 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 280 000 төгрөг, нийт 26 254 400 төгрөгийг тус байгуулагад төлөх үүрэгтэй байна. №ЗГ/16/04/018 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 26 254 400 төгрөгийг зээлийн барьцаанд бүртгүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 29-А тоот Г-2203004104 бүртгэлийн дугаартай 415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29-А тоот байрлалтай Г-2203009221 бүртгэлийн дугаартай 202 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан борлуулж, төлбөрийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "М ББСБ" ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зориулалттай 12 000 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зарах гэж олон удаа зар тавьсан боловч одоог хүртэл зарагдаагүй өдийг хүрсэн. "М ББСБ" ХХК-иас 12 000 000 төгрөгийн зээл авсан атлаа 15 200 000 төгрөг болгож төлөх боломжгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн төлбөр 12 000 000 төгрөг, хүү 2 086 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417 280 төгрөгийг, нийт 14 503 680 төгрөгийг нэхэмжлэх боломжтой. Зээлийн хүүг Иргэний хуульд зааснаар багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-с 16 318 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9 936 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 29-А тоот улсын бүртгэлийн Г-2203004104 дугаарт бүртгэлтэй 415 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29а тоот байрлалтай улсын бүртгэлийн Г-2203009221 дугаарт бүртгэлтэй 202 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-с улсын тэмдэгтийн хураамжид 239 542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.А энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үндсэн зээлд 12 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хүүд 2 038 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 280 000 төгрөг, нийт 16 318 400 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ..." гэж дүгнэсэн боловч шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн 9 936 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 11 974 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 280 000 төгрөг, нийт 26 254 400 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12 000 000 төгрөгийг сарын хүү 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.А-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 29-А тоот хаягт оршин байх, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 415 м.кв газар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29а тоот хаягт оршин байх, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 202 м.кв газрыг тус тус барьцаалсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн БГ16/04/018 тоот зээлийн барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч талаас зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтийг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Ц.А нь зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй, тэрээр зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтэд бичигдсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй, нийт 14 503 680 төгрөгийг нэхэмжлэх боломжтой гэж маргасан.                                                          /хх-10 дахь тал/

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээгээр зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь үндсэн зээлд 12 000 000 төгрөг, зээлийн хүүд /2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 17 сар 17 хоногийн хүү/ 12 240 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 248 000 төгрөг, нийт 26 488 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ зээл эргэн төлөлтийн хувиараас үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон учир хариуцагчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг зээлийн хүүд тооцох үндэслэлтэй тул зээлийн хүү 12 240 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нь зээлийн хүүд 11 240 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шүүх зээлийн тооцооллыг буруу хийж хариуцагч Ц.А-с 16 318 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагч Ц.А-с үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 11 240 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 248 000 төгрөг, нийт 25 488 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан БГ16/04/018 тоот зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул хариуцагч Ц.А нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 дүгээр гудамжны 29-А тоот, улсын бүртгэлийн Г-2203004104 дугаарт бүртгэлтэй 415 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29а тоот, улсын бүртгэлийн Г-2203009221 дугаарт бүртгэлтэй 202 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-с 25 488 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 766 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ