Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Н.Ундрах, 

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох 2108019902036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчинд хохирогч Ц.Б ийг “эхнэртээ агсам тавьсан” гэх шалтгааны улмаас гэдэс хэсэгт цохин газарт унагаж, цээжин дээрээс нь гуталтай хөлөөрөө дэвсэж, гэрээсээ чирч гарган эрүүл мэндэд нь баруун 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийн баруун талд хий, цус хуралт, баруун уушгины авчилт бүхий амь биед аюултай хүнд хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б ийг “эхнэртээ агсам тавьсан” гэх шалтгааны улмаас гэдэс хэсэгт цохин газарт унагаж, цээжин дээрээс нь гуталтай хөлөөрөө дэвсэж, гэрээсээ чирч гарган эрүүл мэндэд нь амь биед аюултай хүнд хохирлыг санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-22, 24/,

            - хохирогч Ц.Б ийн...Би 2021.08.15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчингийн гудамжинд байрлах Э ы гэрээс нь гагнуурын аппарат аваад өөрийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчингийн **** тоот өөрийн гэртээ ирж, Э ы хашааны хаалганы шон янзлаад гагнаж дуусаад, шинэ 7 ширхэг хувцаснууд байсныг Э  уутанд хийж аваад эхнэртээ үзүүлнэ гэхээр нь би Э ы хамт гэр рүү нь явсан. Тэгээд гэрт нь ороход Д.О халамцуу байхаар нь Э д хандаж хоёулаа ганц шил архи уучих уу гэхэд Э  тэгье гээд зөвшөөрөөд, би дэлгүүр орж 0.33 литрийн архи 1 шилийг аваад бид 2 хувааж уусан...Дахин архи авч, манай эхнэр, бид 4 хувааж уугаад дуусаж байхад би өөрийн эхнэр болох Птай “окхарина, харихгүй” гэж маргалдаад эхнэрээ ор руу түлхэж унагаасан чинь Э  намайг эхнэртээ агсан тавилаа гэж миний аймхай руу нэг удаа гараараа цохихоор нь газар унасан чинь миний цээжин дээр Э  хөлөөрөө маш хүчтэй дэвсээд, нухаад миний хөлөөс чирээд гэрээсээ гаргасан. Би тухайн үед босох гээд чадахгүй мөлхөөд Э ы гэр рүү орсон чинь ахиж намайг чирч гаргасан...Гэр рүү ороход манай том охин Б надад ор засаж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд 2-3 хоног гэртээ өвчин намдаах эм уугаад хэвтэж байгаад сүүлдээ болохоо болиод амьсгаа давчдаад ханиалгах гээд ханиалгаж чадахгүй манай охин түргэн дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-40, 42- 43/  

- гэрч Ц.П ын...Манай гэр бүл Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчингийн 00 тоотод 2021 оны 06 дугаар 06-ны өдөр хашаа авсан. Тухайн хашааны үүд хаалгыг гагнуулах зорилгоор гагнуурчин хайж явж байгаад 22 дугаар гудамжныхаа үзүүрт гагнуур хийнэ гэсэн айл байхаар нь орж учраа тайлбарлаж хашаагаа гагнуулахаар болж шууд дагуулаад гэртээ ирсэн. Тэгээд хашаагаа гагнуулчхаад сайхан танилцлаа гээд гэртээ 0.5 граммын Соёрхол архийг С түүний эхнэр О, тэр хоёрын найз гээд нэг хүүхэн машин барьж байгаа гээд уугаагүй, нөхөр Б бид 4 хувааж уусан. Тэгээд гагнуур хийж өгсөн С гэх залуу манайхаар оръё гэж хэлэхээр нь нөхөр Бийн хамтаар С болон түүний эхнэр О бид 4 гэрт нь очих замдаа С дэлгүүр орж 0.5 граммын Соёрхол архи хоёрыг авч гарч ирсэн. Тэгээд гэрт нь очиж уусан. Эхний архийг уучхаад манай нөхөр нэлээн халж 2 дахь архинаас уугаагүй. Харин 2 дахь архийг ууж байх явцад нөхөр бид 2 ууж идэж чадахгүй байна гэх мэт ярианаас болж маргалдаж нөхөр Б миний үснээс зулгааж хүзүү рүү гараараа цохисон. Тэгтэл С манай нөхөр лүү дайрч олон жил ханилсан ханиа цохидог яасан арчаагүй юм гэж хэлээд нөхрийн цээжин дээр...нэг удаа хөлөөрөө дэвссэн, мөн гараараа цээжин тус газар нэг удаа цохисон...Бид хоёр гэртээ унтаж байтал шөнө манай нөхрийн амьсгаа их давхцаж хоносон...Эм уулгасан ч бүр их амьсгаадаад байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл түргэн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очоод үзүүлтэл баруун хавирга хугарсан, уушгинд цус хурсан байна, уушгийг нь цоолж гуурс тавина гээд тавьсан. Тэгээд манай охин цагдаагийн байгууллагад хандсан....”гэх мэдүүлэг, /хх-45-46/,

- гэрч М.О ын...Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэл эргүүлийн цагдаа жолоочийн ажил хийдэг юм. Би 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эргүүгийн офицер цагдаагийн дэслэгч Д.Гийн хамтаар Дуулгат-118 чиглэлд авто үүрэг гүйцэтгэж байхад өдрийн18 цаг 37 минутад уг утгатай дуудлага мэдээлэл ирсэн ба уг дуудлагад дээр очоод шалгахад мэдээлэл өгсөн гэх Б.Этай хашааны үүдэн дээр уулзаад юу болсон талаар асуухад манай гэрт хүмүүс ирж хамт архи уусан. Намайг гар утас авчихлаа гээд гүтгээд, энэ асуудлыг шийдээд өгөөч гэж хэлсэн ба Э  архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд гэрт ороход хоёр эмэгтэй архи согтуулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай шалан дээр хэвтэж байсан. Мөн 10 орчим настай жоохон хүүхэд тал буюу том дэлгэцтэй гар утсаар юм үзээд сууж байсан. Тэр хоёр эмэгтэйн нэг дуудлага өгсөн Э ы эхнэр гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйн хамт архи ууж байгаад явсан залуугийн эхнэр гэж хэлсэн. Тэр эмэгтэйн хувцас хунар урагдсан, ам хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь энэ эмэгтэйн яасан юм бэ гээд асуухад Э  сая эхнэр нөхөр хоёр хоорондоо баахан зодолдоод нөхөр нь гараад явсан гэж хэлэхээр нь нөгөө эмэгтэйгээс юу болсон юм бэ гээд асуухад надад ямар нэгэн гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй бид нар өөрсдөө хоорондоо учраа олъё гэхэд дуудлага өгсөн Э  дуудлагаа буцаая цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэхээр нь уг дуудлагыг хяналтад аваад дахин шалгахаар үлдээсэн...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уг чиглэлд авто эрүүгийн үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооХилчин **** тоотод иргэн Б.Даас би гэртээ хороололд байна, манай аавыг хоёр хоногийн өмнө гэрт нь хамт архи уусан хүн зодсон байна гэсэн дуудлага мэдээлэлд өгсөн. Тэгээд уг дуудлага мэдээллийг очиж шалгахад Ц.Б э гэдэг хүн гэртээ ганцаараа байсан орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд Ц.Б эд хандаж сая танай хүүхэд Д цагдаагийн байгууллагад танайг 2 хонгийн өмнө хүнд зодуулсан гэж дуудлага өгсөн, юу болсон юм бэ гээд асуухад Ц.Б э миний цээж хөндүүр амьсгалж чадахгүй юм ярихад хэцүү байна гэсэн, 103 дуудаад гэмтлийн эмнэлэг лүү явуулсан...”гэх мэдүүлэг /хх-56-58/,

- шинжээчийн дүгнэлт: Ц.Б ийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийн баруун талд хий, цус хуралт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь цээжний хэнхэрцгийн баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал дэвсэх, өшиглөх гэх мэт үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-72-74/,

- шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг: Дээрх гэмтлийг авснаас хойш үзүүлэгч Ц.Б э нь идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн үедээ цээжээр өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй, амьсгал давхцах, амьсгаадах гэх мэт шинж илрэх боломжтой. Хохирогчид учирсан эдгээр гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр дэвсэх, өшиглөх гэх мэт хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой...” /хх-78, 80-81/,

- Б.Эы яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Б эхнэртэйгээр маргалдаад салахгүй байхаар нь эхлээд хойноос нь татахад салаагүй, тэгэхээр нь хоёр мөрөн дээрээс барьж байгаад хүчтэй татаад салгасан, нуруугаараа хүчтэй унасан...Б хойшоо уначхаад хөлөөрөө өөдөөс өшиглөх гээд сарваганаад байхаар нь дахин мөрөн дээрээс нь бариад хойшоо чирсэн.../хх- 90-91/...цээж рүү нь 2 удаа цохисон...тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан байна.

2.2. Шүүгдэгч Б.Эы гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ. 

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хүнд гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулсан эсхүл хохирогч өөрөө өөртөө учруулсан гэж үзэх үндэслэл, үйл баримт огт тогтоогдоогүй болно.            

2.3. Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулсан /хх-89-91, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар тус тус нотлогдсон байна.    

Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

3. Хохирол, хор уршиг :        

 

Тус хэрэгт хохирлын талаарх хууль ёсны нотлох баримт байхгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Мөн тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан баримт /хх-64-71/ байсаар атал Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын асуудлыг шалгалгүй орхигдуулсан, энэ тухай шүүгчийн захирамжийн заалтыг үл биелүүлсэн байгааг анхааруулан тэмдэглэж, тус асуудлыг иргэний журмаар даруй шийдвэрлүүлэхийг тус хэргийн хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь урьд 2022 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийг эдэлж дууссан болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан баримтууд байх тул /хх-116, 146-152/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Тус хэрэг үйлдэгдсэн шалтгаан нь хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн гэр бүлийн зарим гишүүд хамтран бага бус хэмжээгээр архидан согтуурсан, энэ хүрээнд хохирогч нь өөрийн эхнэртээ халдсан зүй бус үйлдэл гаргасан нь тус тус нөлөөлсөн байх ба хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, хувиараа хөдөлмөр эрхэлдэг  гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, насанд хүрээгүй хүүхэдтэй, эхнэр нь өвчтэй зэрэг  хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-49, 90-91, 106-110, 116, 154-171, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгчид анх ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай байгаа тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд түүний ажил хөдөлмөр, орлого зэрэгт хамаарах нотлох баримтыг нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн байх нь мөрдөгч, прокурорын чиг үүрэгт хамаарах ёстой боловч тус үүргээ биелүүлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул шүүгдэгчээс гаргасан “хувиараа гагнуур ажиллуулдаг, хөрөнгө орлоготой, гэр бүлийн гишүүнийхээ дансаар орлого, зарлага хийдэг” гэх нотлох баримтын эх сурвалжийг торгох ял оногдуулахад харгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

  1. Бусад асуудал   

 

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 11.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б э нь өөрт учирсан хохирлын талаарх, эрх бүхий прокурор нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР