Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1984

 

2019 оны 09 сарын 23 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01984           

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, О овогтой Л С /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах, *******-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Л С, Л Б нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж *******инд олгохоор шийдвэрлэсэн. ******* Х ХХК-иар Л.С-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 2 өрөө 49,96 мкв орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар 80 634 600 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу ******* нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн дүнгийн 70 хувь болох 56 444 220 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахад санал болгох доод үнийг тогтоосон байна. Энэхүү мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.М, Л.С-д 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр утсаар мэдэгдэж өгсөн. Х ХХК нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 2 өрөө 49,96 мкв орон сууцыг өнөөдрийн зах зээлээс үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Х ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Л С, Л Б нараас 70 973 498 төгрөгийг гаргуулж, *******инд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.С, Л.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 49,96 м.кв орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0000000/00 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 000000/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 160 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ******* ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 80 634 600 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/0000 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Л.С-д 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 56 444 220 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Л.С-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч *******т холбогдуулан Хөрөнгө Истимэйт ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №01/00 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчөөгүй байна.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 49,65 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Л.С байх бөгөөд Л.С, ******* ХХК нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулан Л.С гарын үсэг зурсан байна. 

 

Зээлдэгч ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч ******* ХХК нь шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00000 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 70 973 498 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 583 017 төгрөгийг тус тус  гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл гэрээний үүрэг хангуулах барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 49,65 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 183//ГХ2018/00000 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч ******* уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 000000/01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Л. С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00-р байр ны 00 тоот 49,65 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0000000/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч 160 000 000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагч Хас Банк ХХК эс зөвшөөрсөн тул ******* 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 000 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Л.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, 00-р байр ны 00 тоот 49,65 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үнэлгээг тогтоохоор Х ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

Х ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 80 634 600 төгрөг гэж тогтоосон. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага байгаа талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, улмаар үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Шүүх 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Л.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-д хуульд заасны дагуу мэдэгдэж, Н.Г нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч *******т холбогдох холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ