Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Б.Энхбаяр,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б д холбогдох 2308000000427 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, урианхай, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, дугаар тусгай салбарт тамирчин ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тус сумын 8 дугаар баг зам нүүрний 13 тоотод байх Х.Т ын гэрт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хадгалсан, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Г.Б  жолоодон явсан 00-00БӨҮ улсын дугаартай Renault маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал : 

      Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

Шүүгдэгч Б.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тус сумын 8 дугаар баг зам нүүрний 13 тоотод байх Х.Т ын гэрт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хадгалж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Г.Б  жолоодон явсан 00-00БӨҮ улсын дугаартай Renault маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн болох нь :        

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10 хуудас/

-  шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль шувуу нь эм хүйстэй, Алтан хойлог tetraogallus altaicus (Сeblег, 1836) байна. Экологи, эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 бодгаль шувуу нь бие гүйцсэн байна...Aгнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй...” /хх-54-58/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т н....Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.А ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан 130.000 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийг тооцож 260,00 төгрөгийг нэхэмжилж байна’ гэх мэдүүлэг, /хх-45-46/, 

- гэрч Т.Х ын "... 2023.02.02-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн орчим 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б нь Монгол оны ховор амьтны жагсаалтад орсон байж болох 1 бодгаль Алтайн хойлог шувуу, 7 бодгаль тарвага тээвэрлэж явсныг зогсоож саатуулсан. Тухайн үед дээрх амьтдыг тээвэрлэх зөвшөөрөл холбогдох бичиг баримт байгаагүй...тээврийн хэрэгслийн арын ачааны хэсэгт хайрцагт хийж, битүү скочдсон байдалтай байсан...”гэх мэдүүлэг /хх-32-33/,  

- гэрч Г.Б ...Би Баян-Өлгий аймгаас 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаа ачаад Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед эмээлтийн шалгалтын цэгт ирэхэд цагдаа зогсоож ачаа, бичиг баримтаа шалгуулаарай гэсэн. Цагдаа тэр 2 хайрцагтай зүйлийг онгойлгоод үзүүлнэ үү гэсэн ба цагдаа миний нүдэн дээр онгойлгосон. Тэгэхэд тэр хайрцгаас 7 ширхэг хөлдөөсөн тарвага, 1 ширхэг хөлдөөсөн Алтайн хойлог шувуу гарч ирсэн...Нэг машинтай залуу ирээд 2 хайрцагтай ачаа Улаанбаатар хот руу хэдээр авч явах уу гэж асуухаар нь 20,000 төгрөг болно гэж хэлсэн, машин дээр тавьчих гэсэн тэр хүн ачаагаа тавьчихаад миний дугаарыг аваад яваад өгсөн...Хэн ямар ачаа ачуулж байгаа талаар би өөрөө үзэж шалгадаггүй нь ийм асуудал боллоо...гэх мэдүүлэг /хх-16-18/,

- гэрч Б.Ц ын...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн ах болох Улаанбаатар хотод оршин суудаг Б  утсаар холбогдож, “миний хүр дүү болох Т ын гэрт миний үлдээж явсан хайрцагтай зүйл”-ийг Улаанбаатар хот руу явж байгаа ачааны автомашинд хийж явуулж өгөөч гэж хэлсэн. Би тэгээд Т тай утсаар холбогдож 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр амбаарт нь байсан дунд зэргийн 2 ширхэг хайрцагийг авч, тухайн өдөр Улаанбаатар хот руу явж байсан ачааны машинд хийж явуулсан. Ахтай ачаагаа машинд хийсэн талаар утсаар холбогдож хэлсэн. Дотор талд нь юу байсныг мэдэхгүй...”гэх мэдүүлэг /хх-28-29/,

- гэрч Х.Т ын... 2023 оны 01 дүгээр сарын дундуур байх, Б  ах надад Булган сумаас дайвар ачаа ирсэн байгаа, тухайн ачааг аваад ирье гэж хэлэхээр нь хамт яваад тухайн хайрцагтай зүйлийг Б  ах аваад миний эзэмшлийн Өлгий сумын *** дугаар багт зам гүүрний *** тоот хаягт байрлах байшинд аваачиж тавьсан юм...Б  ах надад ачаа дайвар байгаа юмаа гэдэг л зүйл хэлж байсан ба дотор нь юу байгаа талаар хэлээгүй юм...гэх мэдүүлэг /хх-38-39/,

- Б.Б ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...Би өөрийнхөө яллагдагчаар татагдсан хэргийн зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг уншиж танилцлаа. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 02 дугаарын сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх хяналтын постоор Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон алтайн хойлог шувууны хөлдөөсөн 1 ширхэг бодгаль, мөн 7 ширхэг хөлдөөсөн тарваганы бодгалийг 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэн яваад цагдаагийн байгууллагад cаатуулагдсан талаар өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жолоочийн ****** дугаартай утсаар ачаагаа авах гэж залгаад мэдсэн. Жолооч дайвар ачаа дотор юу байгаа талаар мэдээгүй юм. Бас дүү нар мэдээгүй байсан. Би дотор нь юу байгаа талаар мэдчихвэл нааш нь тээвэрлэж авч ирэхгүй байх гэж бодоод өөр хүмүүст огт хэлээгүй. Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт явж байхдаа нэг хүнээс худалдаж авсан. Тэгээд би өөрөө хайрцаглаж, скочирдож янзлаад эхнэрийн дүү Х.Т ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар баг зам гүүрийн ** тоот хаягт байх эзэнгүй хашаа байшинд нь би өөрөө аваачаад хадгалсан юм. Тэгээд өөрийн төрсөн дүү Б.Цаар 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу унаанд тавиулаад, би жолоочийнх нь дугаарыг авсан. Өөрийн дүү болон эхнэрийн дүүд нарт дотор нь юу байгаа талаар хэлээгүй бас жолоочид хэлээгүй энэ талаар зөвхөн би мэдэж байсан. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гадаа захын үүдэнд хөдөөний эрүү малгаатай, 40 гаран насны эрэгтэй хүнээс худалдаж авсан...Алтайн хойлог шувууг гэмтэл бэртэлд сайн гэж хүмүүс ярьдаг болохоор өөрөө хэрэглэх гэж авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-105, 170-173, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт : 

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.  

2.2. Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн “ховор амьтан болох хойлог шувууны бодгаль буюу түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Б  ховор амьтан болох хойлог шувууны түүхий эдийг Баян-Өлгий аймагт худалдан авсан, хадгалсан үйлдлийнхээ дараа Улаанбаатар хот руу тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэнд хамаарах үйл баримт хэрэгт авагдсан байх ба тухайн тээвэрлэсэн жолооч болон жолоочид хүлээлгэн өгсөн этгээдийн хувьд ачуулсан тухайн  боодол, баглаатай зүйл нь хойлог шувууны бодгаль болохыг мэдээгүй гэх үйл баримттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг “ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн” гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсон болно.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-168-173, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б ыг  хууль бусаар ан агнах буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас байгаль орчны санд учирсан нийт 260.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс төлж барагдуулсан /хх-68, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-67, 69-81, 115-136, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах газарт буй 1 ширхэг алтайн хойлог шувууны бодгаль буюу түүхий эдийн зүйлийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус  дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б ыг “хууль бусаар ан агнах буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хойлог шувууны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алтайн хойлог шувууны бодгаль буюу түүхий эдийн зүйлийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР