| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 116/2024/0042/З |
| Дугаар | 221/МА2025/0430 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0430
Л.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, гуравдагч этгээд А.А
Нэхэмжлэгч: Л.О
Хариуцагч: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: А.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлтэй, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 001017862 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116/ШШ2025/0011 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.О
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 116/2024/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Оээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлтэй, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 001017862 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116/ШШ2025/0011 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.8, 10.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах гомдлын агуулга:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хэт нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Шүүхээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.8, 10.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрлэсэн.
3.2. Тус хэлтэс нь иргэн А.А болон “А.А” ХХК, Л.О нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” узуфруктын гэрээ болон орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг /узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч Л.О нэр тусгагдсан/ үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон. Уг гэрээний 3.3-д “Үлдэгдэл 1.100.000.000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газар барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор 1 м.кв нь 2.200.000 төгрөгийн үнэ бүхий 550 м.кв талбайг узуфрукт өмгөөлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэж заасан байдаг.
3.3. Мөн “А.А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т, иргэн Л.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт болон узуфрукт эзэмшигч, узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагч нарын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Орон сууцны талбайн байрлалыг тогтоосон акт”-ыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасны дагуу эрх ашгийг хамгаалаг зорилгоор урьдчилсан тэмдэглэлийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажсан байдаг. Урьдчилсан тэмдэглэгээний гол зорилго нь тухайн орон сууцыг бусдад давхар борлуулахгүй байх эрсдэлээс хамгаалахад чиглэгддэг тул барилгыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад орж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэний нэр дээр гэрчилгээг гаргах болсноор урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн нөхцөл бүрдэж байдаг.
Гомдлыг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116/ШШ2025/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээд А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүргүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс холбогдох баримтуудыг гаргуулсан байх бөгөөд нийт 44 хуудас баримтыг ирүүлсэн. Уг баримтууд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан шаардлагыг хангаж байгаа болно.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч гэж тухайн захиргааны актаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг хэлдэг бөгөөд шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлснээр тухайн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байхыг ойлгодог. Маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болсноор иргэн Л.Оийн эрх хууль ёсны эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Иргэний хуульд зааснаас харахад узуфруктын гэрээний оролцогчийг тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэрээг буруу дүгнэсэн гэж үзэж байгаа болно.
4.3. Мөн маргаан бүхий захиргааны актууд 2023 оны 03 дугаар сарын 03, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан байтал нэхэмжлэгчээс шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч захиргааны актуудыг гарсан үеэс мэдэж байсан.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116/ШШ2025/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Оээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлтэй, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 001017862 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамжинд орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын 2106000107 дугаартай 1100 м.кв газар дээр 15 давхар орон сууц барихаар барилгын ажлыг үргэлжлүүлэх, нэмж хөрөнгө оруулагч оруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “А.А” ХХК болон иргэн А.А нартай “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээ байгуулсан, ... Гэтэл А.А нь 2023 онд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хөрөнгө оруулагч надад хэлэлгүйгээр дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаарт бүртгүүлж, миний өмчлөлд ирэх ёстой талбайнуудыг бусдад худалдан борлуулах гэрээ байгуулснаар миний өмчлөх эрхийг зөрчсөн” гэж тайлбарласан.
2.2. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасныг үндэслэн А.А, “А.А” ХХК, болон Л.О нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээ болон орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон, Л.Оийн хүсэлтээр улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн учраас түүний эрх ашиг зөрчигдөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
2.3. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “...Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах гэрээнд талууд гэрээнд заасан газарт орон сууц барих нэг л хүсэл сонирхолтой, орон сууцны барилга барихад шаардлагатай хөрөнгийг миний бие банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэйг гэрээ байгуулах үед талууд мэдэж байсан ба миний нэр дээр байгаа дуусаагүй барилгын гэрчилгээг банканд барьцаалан зээл авч орон сууцыг барьсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” хэмээн татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
3. Маргааны үйл баримтын тухайд;
3.1. Нэхэмжлэгч Л.О нь “А.А” ХХК-д хөрөнгө оруулж, хамтран 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, Баянтүмэн-2 кадастрын нэгж талбарын 2106027807 дугаар бүхий 1100 м.кв газарт, 16 давхар 62 айлын орон сууц барих “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” авсан.
3.2. Ингээд Л.О, “А.А” ХХК болон А.А нар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай /узуфрукт/” гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Тус гэрээний 1.1, 3.2, 3.3-д заасанчлан (а) Л.О нь узуфрукт өмчлөгчийн эзэмшил газар дээр барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилгад 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, (б) “А.А” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилгын ажлын зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг А.Ад шилжүүлэх, (в) А.Агийн хувьд дуусаагүй барилгыг барьж ашиглалтад оруулахдаа, хөрөнгө оруулагч Л.Од 1 кв.м талбайг 2,200,000 төгрөгөөр үнэлэн, нийтдээ 550 кв.м талбайг орон сууцны байрлал, давхар, талбай тогтоосон 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн актын дагуу тогтоосон хугацаанд шилжүүлэх, мөн “А.А” ХХК-д 400,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.
3.3. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь А.Агээс гаргасан хүсэлтийн дагуу тус аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2 дугаар гудамж, 202 байр, 6730.16 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр түүнийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэж, 001017825 дугаар бүхий гэрчилгээг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон.
Үүний дараа мөн л А.Агээс гаргасан хүсэлтийн дагуу дээрх дуусаагүй барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаарт бүртгэж, 001017862 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон.
3.4. Нэхэмжлэгч Л.О /хөрөнгө оруулагч/ болон узуфрукт өмчлөгч “А.А” ХХК-иас хамтран 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолон гаргасан хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Улсынэ бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
3.5. Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны А/536 дугаар захирамжаар байгуулагдсан Барилгын байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 32/2024 дүгээр дүгнэлтээр тухайн барилгыг ашиглалтад оруулахаар хүлээн авсан боловч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “...хууль хяналтын байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа /энэ/ хэрэг маргаантай холбоотойгоор бүртгэлд өөрчлөлт оруулах”-аас татгалзжээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... Л.О, “А.А” ХХК нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хөрөнгө оруулагч болох нь тогтоогдсон, ... дуусаагүй барилгад 40 болон 70 хувийн гүйцэтгэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож, А.Агийн өмчлөлд бүртгэхдээ хөрөнгө оруулсан, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах талаар хуулийн шаардлагыг хангаагүй, ... гэрчилгээнүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан эрх сэргэнэ” гэж дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны болж чадаагүй байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “... захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1. захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” хэмээн заасан.
6. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж хэргийн харьяалал тогтоохтой холбоотйо зохицуулалтыг зөв хэрэглэх талаар тайлбарлажээ.
Ингэхдээ, улсын бүртгэлийн маргааны хувьд эрх зүйн маргааны үндсэн шинжээсээ хамаарч иргэний болон захиргааны хэргийн шүүх тус тусын харьяаллын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, гагцхүү захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдэж, энэ үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд л захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
7. Энэ тохиолдолд, 40 болон 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох болсон үндсэн шалтгаан буюу маргааны үндсэн агуулга нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд, “А.А” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” /узуфрукт/ гэрээний нөхцөлтэй холбоотой байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй.
8. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах тайлбарын агуулгаас үзэхэд, захиргааны хэргийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь дээрх гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан агуулгатай гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нийтдээ 6730.16 кв.м талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй уг барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, тохиролцсон 550 кв.м талбайн хэмжээгээр шилжүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулснаар гэрээний нөхцөл биелж, нэхэмжлэгчийн эрх хангагдахыг талууд ч үгүйсгээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... өөр бусад захиалагч нар иргэний хэргийн шүүхэд хандаад, өмчлөгчөөр тогтоолговол, нэхэмжлэгч өмчгүй үлдэх нөхцөл байдал практикт байгаа, бүртгэл хүчингүй болохоор дахин бүртгэл хийх шаардлага үүснэ, энэ тохиолдолд гуравдагч этгээд өөрийн хэсгээ бүрэн олж авах, нэхэмжлэгч ч хэлцлийн үндсэн дээр, асуудлаа тодорхой болгоно” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд Л.Оийн нэхэмжлэлтэй А.Ад холбогдох иргэний хэрэг үүссэн явж байгаа” гэх тайлбарууд ч үүнийг нотолно.
9. Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбарласанчлан … Улсын бүртгэлийн хэлтэс нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн тул хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэнэ гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчийн шилжүүлэх авах 550 кв.м талбайд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэж баталгаажуулаагүй, гэрээний уг нөхцөлийн талаар буюу А.А нь тухайн барилгын аль байршилд, ямар хэмжээний талбайг Л.Оийн өмчлөлд шилжүүлэх талаар маргаж байгаа (хүлээлгэн өгөх орон сууцны байрлал тогтоосон актад заасан зарим талбайг бусдад худалдан борлуулсан) нөхцөлд захиргааны хэргийн шүүхээр сэргээн тогтоох шаардлагатай өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээгүй байна.
10. Маргааны үндэслэл болсон “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” /узуфрукт/ гэрээний маргаантай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлсний үндсэн дээр захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргах боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116/ШШ2025/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэлтэй, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 001017862 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ