Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2021/0029

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Д.Оюунбаярыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Н нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Т аймгийн М газар;

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Төв аймгийн М газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч Д.О, гэрч О.М, Б.Х, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н болон түүний өмгөөлөгч М.М нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Нарангэрэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар 18-ны өдрийн "Х.Нарангэрэлийг төрийн албанаас халах тухай" Б/34 дугаар тушаалаар надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Уг тушаалыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж байна.

1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны Ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй: Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4 в гэсэн заалтыг удирдлага болгосон боловч уг заалт нь тухайн зөрчилд хамааралгүй. Хариуцагч уг заалтаа 3.1.4 д болгож залруулга хийж анх тушаал гаргасан огноогоор дахин тушаал гаргасан. Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалын үндэслэлээ Төрийн албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4 в гэсэн агуулгатай гэж ойлгож байсан. Гэтэл залруулга хийж тушаал гаргасан талаар огт мэдээгүй, залруулга хийсэн тушаалын талаар сонсох ажиллагаа хийгдээгүй. Дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2, 5.1-д ёс зүйн зөвлөлийн авч хэлэлцэх асуудал. Уг асуудлыг ямар журмаар хэлэлцэх, зөрчлийн байдлаас хамааруулан уучлалт гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээ авахаар заасан байхад ёс зүйн зөвлөлийн тогтоол ажлаас халах үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлгүй.

3. Тушаалын үндэслэл болсон Засгийн Газрын 2018 оны 258 дугаарын 1.7 дахь заалт нь нэхэмжлэгчийн үйлдсэн гэх зөрчлийн шинж байдалд хамааралгүй, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хамаарах заалт байхад өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн нөхцөл байдалд уг заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тушаалын үндэслэл хэсэгт "хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан, тайлан мэдээ хоцроосон гэх үндэслэлийг дурьдсан байдаг. Гэвч энэ талаар шалгаж тогтоосон бодит нехцөл байдал байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2 дахь хэсэгт ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач толбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж хуулиар тодорхойлсон байна. Мөн Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, үүрэг гүйцэтгэх талаар журамласан байна. Үүнээс үзэхэд сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдлыг тогтоох, шалгалт явуулах үүргийг захиргааны байгууллага хүлээсэн ба аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс дээрх үүргээ гүйцэтгээгүй ажлын хариуцлага алдсан, тайлан мэдээ хоцроосон гэх хангалттай нөхцөл байдлыг тогтоож тухайн зөрчлийг баримтжуулж эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд танилцуулан сонсох ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалттай байхад уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бухий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан байхал хуульд заасан журмын дагуу уг акт гаргах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар гаргаж өгөх боломж олгоогүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаараа огт мэдэгдээгүй юм. Мөн би байгууллагын тайлан мэдээ хоцроож байгууллагад ноцтой хохирол хор уршиг учруулсан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй.

4. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.6 дахь хэсэгт "шалгалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон бол зөрчил гаргагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна. гэсэн заалтыг зөрчиж тухайн тэмдэглэл үйлдээгүй.

5. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга болон Төрийн албаны Зевлелийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 3.3 дахь хэсэгт заасан Сахилгын шийтгэл ногдуулахад харгалзаж үзэх зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдал үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл эс үйлдэхүйн хоорондын чиг хамаарал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, төрийн албаны тухай хуульд олон төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байтал аль хүнд хэлбэрийг нь сонгож оногдуулсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, мөн журмын 6.1 дэх хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад өмнө нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан, мөн би тухайн албан тушаалд цаашид ажиллах ямар ч боломжгүй үндэслэл хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж, 102.1 Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. гэж заасан байхад Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг гаргах үед нэхэмжлэгч 10 сартай хөхүүл хүүхэдтэй байсан. Мөн тухайн үед нэхэмжлэгч Х.Нарангэрэлийг хариуцлагатай жижүүрээр ажиллуулах тухай тушаал гаргаагүй байх үедээ 24 цагийн хариуцлагатай жижүүрээр ажиллуулаад ажлаас халсанд гомдолтой байна. Мөн 2021 оны 01 сарын 18-ны нарийн А/03 тоот тушаалыг дараах үндэслэлээр хууль бус акт гэж үзэж байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны Ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй. Хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалын үндэслэл болгосон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийн 3.1.4.в гэсэн заалтаа 3.1.4 д болгож залруулга хийж А/03 тоот тушаал гаргасан. Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалын үндэслэлээ Төрийн албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийн 3.1.4. в гэсэн агуулгатай гэж ойлгож байсан. Гэтэл залруулга хийж тушаал гаргасан талаар огт мэдээгүй, залруулга хийсэн тушаалын талаар сонсох ажиллагаа хийгдээгүй А/03 дугаар тушаал нь Захиргааны еренхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн, тухайн зөрчилд нь ямар шийтгэл ногдуулах талаар огт мэдэгдээгүй, энэ талаар урьдчилан хэлсэн болон ашиг сонирхол чинь ингэж хөндөгдөх нь гэж тайлбарлаж таниулаагүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хосбаяр, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 1.4 дэх заалт нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болоогүй. Тушаалд Төрийн албаны сахилга дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 17 дахь заалтад холбогдуулан Х.Нарангэрэлийн согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг тодорхойлсон бөгөөд 3.1.4.в дахь заалтаас шалтгаалж тушаалын агуулга өөрчлөгдөөгүй юм. Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралд Х.Нарангэрэл өөрийн биеэр оролцож амаар болон бичгээр тайлбар гарган өгч тухайн хуралдааны тэмдэглэл 01 дугаартай тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагч захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгосон оролцогчтой биечлэн уулзаж тайлбарыг сонссон сонсох ажиллагааны явц ур дүнгийн талаар тэмдэглэл хөтлөж гарсан саналыг захиргааны шийдвэрт тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан нь шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4 3. 27.6 дахь хэсэгт заасан журмаар явуулсан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 24 цагаар ажиллаж хариуцлагатай жижүүр "Шуурхай жижүүрийн мэдээлэл ирүүлэх хүснэгт-ийн дагуу Газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариуцлагатай жижүүр болон байгууллагын ерөнхий жижүүрт шуурхай мэдээг цаг алдалгүй мэдээллэж ажлын уялдаа холбоог шуурхай хангаж ажиллахыг үүрэг болгосон. Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн хяналтын байнгын ажиллагаатай шуурхай штабын бүрэлдэхүүний бүтэц, ажиллах чиг үүргийг батлахдаа шуурхай штабын бүрэлдэхүүнд Х.Нарангэрэлийг томилсон Энэ хуваарийн дагуу Х.Нарангэрэл 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллахаар хуваарилагдаад 15-ны өдрийн 04 цагт хүүхдээ хөхүүлэхээр яваад согтууруулах ундаа хэрэглэн өглөө 07 цаг 30 минут орчимд ажилдаа ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабт 06:00 цагт өгөх шуурхай мэдээг цагт нь явуулаагүй болох нь Х.Нарангэрэлийн "Би 10 сартай нялх хүүхэдтэй хүүхдээ хөхүүлэх зайлшгүй шаардлагатай байсан үүрийн 04 цагт хүүхдээ хөхүүлээд өглөө 07 цаг 30 минут орчимд ажилдаа ирсэн нь үнэн" гэсэн мөн хариуцагчийн тухайн өдрийн 06 цаг 20 минутанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабын 263072 утсанаас танай газрын энэ өглөөний 06 цагийн мэдээ ирээгүй байна гэж мэдэгдсэн" гэсэн тайлбар зэрэг баримтуудаар нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэж заасан ч тус хуулийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан тул Мэргэжлийн хяналтын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гээд тус хуулийн 48 дугаар зүйлийн 48 2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын Шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгуй гэсний дагуу мөн хуулийн 48.1.3 дахь хэсэг буюу төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1.1а, 3.1.5a, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай" тогтоолын 1.7-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон учир Х.Нарангэрэлийг төрийн албанаас халсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаартай тушаал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48 1.3. 48.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах үндсэн зарчимд нийцсэн байна. Х.Нарангэрэлийн согтолтын зэргийг багаж хэрэгслээр тогтоогоогүй гэдэг тайлбарын хувьд ...Х.Нарангэрэл алхаад хүрээд ирсэн X.Нарангэрэл согтуу байсан болохоор Ариунболд карманаас нь түлхүүр авч байгууллагын хаалга онгойлгосон. гэх Мэргэжлийн хяналтын газрын жижүүр О.Мөнхбатын мэдүүлэг, ...Х.Нарангэрэлийг явуулах гэсэн боловч биеэ хянах чадваргүй, сандлаасаа унаад утсаа хайгаад" гэх Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн эрхлэгч ажилтай Б.Хишигтогтохын хууль сануулж авсан мэдүүлэг, Х.Нарангэрэл юм хэлж чадахгүй согтуу байсан" гэх Мэргэжлийн хяналтын газрын жолооч ажилтай Г.Ариунболдын хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг зэргээр Х.Нарангэрэл 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 7 цаг 30 минутын орчимд ажлын байран дээр согтуу ирснийг нотлож байгаа юм. Мэргэжлийн хяналтын газарт согтолтын зэрэг тогтоох багаж /дарайгер/ байдаггүй, тухай багажийг хэн дуртай этгээд ашиглах эрх байхгүй учраас согтолтын зэргийг багаж хэрэгслээр тогтоогоогүй. Х.Нарангэрэлийн өөрийнх нь Ёс зүйн зөвлөлийн хуралд өгсөн тайлбарт Гэрт зочин ирсэн байсан тул 3-4 хундага уусан" гэснээр нотлогддог. Мөн Х.Нарангэрэлийг төрийн албанаас халах тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны едрийн Б/34 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар "Дүрэм батлах тухай" тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4 в-д заасан заалтыг Засгийн газрын 2019 оны 4-р сарын 03-ны өдрийн 122 дугаар тогтоолоор зөрчиж 3.1.4 д-д заасан заалт болгон өөрчилсөн байдаг. Х.Нарангэрэлийг төрийн албанаас халах тухай Б/34 дугаар тушаалыг гаргахдаа техникийн дээрх алдааг гаргасан ч эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан захиргааны актад залруулга хийх эрх хэмжээний хүрээнд А/03 тоот тушаалыг гаргасан Х.Нарангэрэлийг төрийн албанаас халах тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар тушаалын агуулга тодорхой үндэслэл болгосон хуулийн заалт тодорхой буюу түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халж байгаа агуулга ойлгомжтой, тодорхой байгаа. А/03 дугаар "Тушаалын тэмдэглэх хэсэгт залруулга хийх тухай" тушаалын хувьд гарчигнаасаа эхлээд агуулга тодорхой ойлгомжтой эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан акт юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Оюунбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмыг зөрчин ажлын байран дээр архидан согтуурсан, шуурхай штабын мэдээ өгөх байсныг хугацаанд нь өгөөгүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй үед архидан согтуурсан байна. Энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна. гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлж дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нарангэрэлээс тус шүүхэд хандан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, зөрүүг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүчингүй болсон ба тус шүүхээс албан бичиг болон утсаар[1] нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг юуны өмнө дурдах нь зүйтэй.

 

Х.Нарангэрэлийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдлийн дагуу Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нь томилжээ[2].

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4.в заалт, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтыг тус тус үндэслэн Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан нь тус газрын Ёс зүйн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, өөрийн гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна гэж дүгнээд байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Нарангэрэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс төрийн албанаас халжээ.

 

Дээрх тушаалын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4.в заалтыг 3.1.4.д гэж залруулсан өөрчлөлтийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаал гаргажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар[3] Төв аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улмаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрээр Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2020 оны 12 дугаар сард ажиллах пост болон хариуцлагатай жижүүрийн хуваарийг[4] батлан мөрдүүлжээ.

 

Х.Нарангэрэл дээрх хуваарийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Өндөр дов дээр, 9-ний өдөр IY пост дээр, 14-ний өдөр Шуурхай штаб дээр хариуцлагатай жижүүрээр ажиллажээ.

 

Ийнхүү 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.Нарангэрэл Шуурхай штаб дээр ирж ажиллаж байгаад шөнийн 03 цаг 30 минутын орчим хүүхдээ хөхүүлэх гэсэн шалтгаанаар байгууллагыг гаднаас нь цоожилж явсан байна.

 

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08 цагийн орчим биеэ хянах чадваргүй архидан согтуурсан байдалтай Шуурхай штаб дээр ирсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабт өгөх өглөөний 06 цагийн мэдээг гаргаж өгөөгүй болох нь гэрч Б.Хишигтогтохын ... Би өглөө 08 цаг 20 минут гээд ажил дээр ирэхэд Х.Нарангэрэл нь согтуу ажил дээр сууж байсан. Би мэдээг нэгтгээд 08 цаг 40-50 минутын хооронд Ерөнхий газар луу 2 мэдээгээ явуулчхаад газрын дарга руу орж хэлсэн. Дарга Нарангэрэлийг штаб дээрээс гэр лүү нь явуул, эрүүл болохоор нь ёс зүйн зөвлөлийг хуралдуулж тайлбар авъя гэж үүрэг өгсөн. Нарангэрэлийг явуулах гэсэн боловч биеэ хянах чадваргүй сандлаасаа унаад, утсаа хайгаад байсан..., Г.Ариунболдын ...Дарга өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг болж байхад над руу яриад Х.Нарангэрэлийг гэрээс нь аваад ир гэж хэлсэн. Би гэрт нь очиход Нарангэрэл гэртээ байгаагүй, нөхөр нь ажил дээрээ байгаа гэж хэлсэн. Байгууллагын хаалга түгжээтэй байсан учраас жижүүр Мөнхбаттай цонхоор яриад зогсож байхад булан тойроод Нарангэрэл согтуу, нэлээн даарсан байдалтай ирсэн. ...Нарангэрэл юм ярьж чадахгүй согтуу байсан. Байгууллагын хаалганы түлхүүр хаана байгааг мэдэхгүй байхаар нь би өмдний карманаас нь түлхүүрийг аваад хаалга онгойлгосон., О.Мөнхбатын ... Нарангэрэл 12-р сарын 15-ны өдрийн үүрийн 03 цаг 30 минутаас 15-ны өдрийн өглөөний 08 цаг хүртэл гарч явсан. ...Хүүхдээ хөхүүлчхээд ирье гээд явсан. ... Нарангэрэл байгууллагын гадаах хаалгыг түгжээд явсан. Ирэхдээ даарсан малгай өмсөөгүй, хувцас хунар нь цас болсон байдалтай согтуу ирсэн. ...Нарангэрэл согтуу байсан болохоор Ариунболд карманаас нь түлхүүр авч байгууллагын хаалга онгойлгосон. гэсэн шүүхэд болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг[5], нэхэмжлэгч Х.Нарангэрэлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 04 цагаас 07.30 цагийн хооронд хариуцлагатай жижүүрийн байрыг орхин явснаас мэдээ тайлан хоцроосон, албан хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн тайлбар, Ёс зүйн зөвлөлийн хурал дээр Гэрт зочин ирсэн байсан тул 3-4 хундага архи уусан тэгээд унтчихсан байсан /хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан/ гэсэн тайлбар[6] зэргээр нотлогдож байна.

 

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шуурхай штабаас Төв аймгийн өглөөний 06:00 цагийн мэдээг хүлээсээр байна гэсэн цахим шуудан[7], дээр дурдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр мэдээг Х.Нарангэрэл гаргаж өгөөгүй нь тогтоогдож байх тул тушаалын үндэслэх хэсэгт хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан, тайлан мэдээ хоцроосон гэсэн боловч энэ талаар шалгаж тогтоосон бодит нөхцөл байдал байхгүй гэсэн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс залруулга хийсэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг гаргахдаа мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа гэдэг нь захиргааны акт гарахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож байгаа ажиллагаа юм. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөл хуралдсан байх бөгөөд тухайн өдөр Х.Нарангэрэл өөрөө биечлэн оролцож тайлбар гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа гэдэг нь шийдвэр гаргахад нөлөөлөх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг тухайн этгээдэд олгож байгаа болохоос байгууллагын шийдвэр өөрчлөгдөөгүй, захиргааны актын тэмдэглэх хэсэгт гаргасан техникийн алдаагаа залруулсан шийдвэр нь эцсийн шийдвэрт нөлөөлөөгүй байхад хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

 

Мөн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн хуралд Х.Нарангэрэл биечлэн оролцож, тайлбараа гарган тэмдэглэлд гарын үсэг зурсан байх тул Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.6 дахь хэсэгт зааснаар ...тухайн зөрчлийн үндэслэлийн талаар урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн аваагүй.

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2, 5.1-д ...зөрчлийн шинж байдлаас хамааруулан уучлалт гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээ авахаар заасан байхад Ёс зүйн тогтоол ажлаас халах үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч маргаж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: гэж заажээ.

Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; үүрэгтэй.

 

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно., 10.1.2.төрийн захиргааны албан тушаал; гэж заажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн

дүрэм-ийг баталсан байх бөгөөд дүрмийн 3.1.4.д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх..., гэж заасныг[8], Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.5 Дараах хориглох зүйл зөрчсөн албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна. 3.5.1 Ажилдаа согтуу ирсэн, ажлын цагаар, мөн ажлын байранд болон томилолтын үүрэг гүйцэтгэж явахдаа архидан согтуурсан гэж заасныг Х.Нарангэрэл зөрчиж ажлын цагаар ажлын байраа орхин биеэ хянах чадваргүй архидан согтуурсан байдалтай ажилдаа ирсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байгааг дээр дурдсан.

 

Төрийн албаны тухай хуульд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг ч Х.Нарангэрэл нь өндөржүүлсэн бэлэн байдал улс орон даяар тогтоосон цаг үед ажлын байраа орхин архидан согтуурсан сахилгын ноцтой зөрчил гаргасандаа гэмшсэн байдал огт байхгүй төдийгүй шүүх хуралдаанд би балга айраг л уусан, архи уугаагүй гэж Ёс зүйн хороонд өөрийн гаргасан 3-4 хундага архи уугаад унтсан байсан, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлд[9] өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн нөхцөл байдалд уг заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбараасаа илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн, өөрийн эсрэг мэдүүлэг өгсөн 3 гэрчээс шүүх хуралдаан дээр асуух асуулт байхгүй гэж няцаасан тайлбарыг хэлээгүй, Ёс зүйн хорооны хурал дээр архи уусан гээд хэлчихвэл хөнгөн шийтгэл ногдуулах байх гэж бодсон гэх мэтээр төрийн жинхэнэ албан хаагчийн гаргаж боломгүй тайлбарыг гаргасан, олон нийтийн өмнө төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг унагаасан зэргээс үзвэл Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрээр ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Тушаалын үндэслэл болсон Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт нь[10] нэхэмжлэгчийн үйлдсэн гэх зөрчлийн шинж байдалд хамааралгүй, ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хамаарах заалт байхад өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн нөхцөл байдалд уг заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь дан ганц Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан байх бөгөөд 1.7 дахь заалтын ...ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх.. гэдэгт өндөржүүлсэн бэлэн байдалд ажлын цагаар архи уусан Х.Нарангэрэлд ч мөн хамааралтай зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл ажлын цагаар ажил дээр болон ажлын байраа орхиод архи уусан аль аль нь хамааралтай.

 

Нэхэмжлэгчээс маргаж байгаа дараагийн нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно., гэж заасныг зөрчсөн гэжээ. Х.Нарангэрэл нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч, төрийн жинхэнэ албан хаагч байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж заасан байдаг ба түүний сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байгааг дээр дэлгэрэнгүй дурдсан учир энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тушаалаар баталсан Удирдамжийн 4.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Нарангэрэл нь дээрх хууль, журамд заасан эрхээ эдлэхээр өмнө нь байгууллагадаа хүсэлт гаргаж байгаагүй, хариуцлагатай жижүүрээр ажиллахаар ажилдаа ирсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан зөрчил гаргасны дараа энэ эрхээр хангаагүй гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

Иймд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаал нь хуульд үндэслэж, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий, нэхэмжлэгч Х.Нарангэрэлд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж гаргасан шийдвэр байх тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Нарангэрэлийн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 219, 235-р хуудас

[2] Хавтаст хэргийн 28-29-р хуудас

[3] Хавтаст хэргийн 147-р хуудас

[4] Хавтаст хэргийн 27-р хуудас

[5] Хавтаст хэргийн 59-66-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл,

[6] Хавтаст хэргийн 19-21-р хуудас

[7] Хавтаст хэргийн 79-р хуудас

[8] Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоолоор 3.1.4.в дэд заалтын дугаарыг 3.1.4.д гэж өөрчилсөн. Хавтаст хэргийн 146-р хуудас,

[9] Хавтаст хэргийн 220-р хуудас, 3 гэсэн хэсэгт

[10] Хавтаст хэргийн 159-р хуудас