Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2019/00299    

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр                      Дугаар 142/ШШ2019/00299                                 Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-т холбогдох,

“хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 2016 онд Б.О-тай танилцаж бидний дундаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Г төрсөн. Б.О нь өмнөх гэрлэлтээ салгаагүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. Хүү О.Г-ийг төрснөөс хойш 2018 оны 4 сар хүртэл хамт амьдарсан ба цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Би оюутан тул надад ямар ч орлого байхгүй, хүүгээ өсгөхөд хүндрэлтэй байна. Иймд Б.О-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие  Э.Г-тэй 2016 онд танилцаж 2017 оны 10 дугаар сарын 23-нд хүү О.Г маань мэндэлсэн. Хүүгээ 6 сар хүртэл бид хоёр хамт амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Э.Г нь өөрөө хүүгээ аваад гэрлүүгээ явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хүү О.Г-дээ тэтгэлэг төлнө. Жич: Одоогоор миний бие эрүүл мэндийн улмаас хуралд суух боломжгүй байгаа болно.” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г нь Б.О-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Э.Г, Б.О нар нь 2016 онд танилцан, хамтран амьдарч, тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Г төрсөн болох нь зохигчдын тайлбар, О.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Б.О нь хүү О.Г-ийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба, өөрийн хүүхэд мөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т эцэг эх нь үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд хүү О.Г-ийг насанд хүртэл нь эцэг Б.О-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Хариуцагч нь өөрийнхөө эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Г-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.О-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай. 

2. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 26 092 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА