Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

 

 

 

 

 

                                                                                                                                

 2023          02          02                                   2023/ШЦТ/170                                 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж,

нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Э.М түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ургийн овогт **** М-д холбогдох эрүүгийн 2302000000031 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ******** тоотод оршин суух хаягтай, **** ургийн овогт **** М/*******/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 8 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг өвсний 1207,1 грамм жинтэйг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ***** гэртээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдэснээр/

Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйлгүй. Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Бусдад төлөх хохирол, төлбөргүй...” гэжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гэм буруугийн асуудлаар.

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 8 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг өвсний 1207,1 грамм жинтэйг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 8 тоот гэртээ хадгалсан болох нь:

Хүний биед үзлэг хийсэн “...Э.М нь “Миний биед одоо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус эд зүйл байхгүй гэснээр үзлэгийг эхэлж түүний бие, өмсөж яваа хувцсанд нэг бүрчлэн явуулахад саарал өнгийн урт өвлийн куртик түүний халаасанд шар алаг өнгийн гэртэй түлхүүр, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны картууд, НӨАТ-н 2 ширхэг баримт, саарал өнгийн ноосон бээлий, шаргал өнгийн ноосон дотуур өмд, цагаан өнгийн дотоож, хүрэн ягаан өнгийн ноосон оймс, улаан өнгийн нимгэн даавуун оймс, ягаан өнгийн хагас түрийтэй гутал өмссөн, харааны нүдний шил зүүсэн байх бөгөөд өмссөн хувцасанд нэг бүрчлэн нарийвчлан үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 15-17/-р тал,

Э.М-аас биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 14/-р тал,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ө-ын өгсөн “...Миний охин М нь 2017 оноос Этүгэн Их сургуулийн сургалтын менежерээр ажиллаж 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад бөөрний идээт үрэвсэл гэх өвчнөөр хүндээр өвдөж ажлаасаа гарсан юм. Ажлаасаа гарсны дараа 6 сар гаран биеэ эмчлүүлж байгаад Red Image гэх нэртэй зургийн студид ажиллаж, үүнийхээ хажуугаар олон төрлийн судалгааны ажил бичдэг байсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эм эмнэлгийн хяналт, зохицуулалтын газарт мэргэжилтнээр орж ажиллаж байсан. Төрсөн эцэг Ц.Э нь 1994 оноос 2005 оны хүртэл охин бид хоёртой хамт амьдарч байгаад салсан ба 2013 онд нас барсан. Охин маань бага байхдаа бүжиг болон загвар өмсөгчийн дугуйланд явдаг байсан. Бүжилэх дуртай, их гоё бичдэг, ярих чадвар сайтай охин байсан. Талийгаач бид хоёрыг салсны дараа охин маань эмээ дээрээ ирж одоог хүртэл тэндээ амьдарч байгаа. Охин маань хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй ...” гэх мэдүүлэг /хх-26/-р тал,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд 1 гэж дугаарлан хураан авсан улаан өнгийн тагтай шилэн савтай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарлан хураан авсан тунгалаг өнгийн зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарлан хураан авсан хар гялгар ууттай ургамал мэт зүйл, 7 гэж дугаарлан хураан авсан цаас хуйлж хийсэн соруул мэт зүйлс тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол илрэв. 2 гэж дугаарлан хураан авсан улаан өнгийн тагтай том шилэн савтай ургамал мэт зүйл, 5 гэж дугаарлан хураан авсан бор өнгийн тагтай шилэн савтай ургамал мэт зүйл, 6 гэж дугаарлан авсан улаан цагаан өнгийн капсултай эм зэрэгт тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

3. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II  жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/-р тал,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Э.М 2022.12.19” гэж хаягласан шээсний дээжид тетрагидроканнабинол /ТНС/ ирлэв

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн I жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн40-41/-р тал

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1207 дугаартай “...Э.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-46-47/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.М-ийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 8 дугаар сарын дундуур Германы судалгааны багийнхантай сүү, сүүн бүтээгдэхүүний бактерийг судлах зорилготой Хөвсгөл аймгийн баруун тайгаруу явсан. Тэндээс буцах замдаа Булган аймгийн Сайхан самаар айрагны дээж авахаар дайрсан. Тухайн үед нэг айлд хоноглосон ба өглөө босчихоод бие засах гээд айлаас нилээн хол явж байхад өмнө нь кино, Юү түбээс харж байсан мансууруулах ургамал ургасан байхаар нь нууцаар түүсэн. Тэгээд тэрийгээ хувцсандаа ороож цүнхэндээ чихэж Улаанбаатар ирсэн. Ингээд уг ургамалаа гэртээ авч ирж хатаагаад хурц үнэртэй байхаар нь хоёроос гурван давхар гялгар уутанд хийж хадгалсан. Би тухайн өвснөөсөө нэг удаа хэрэгсэлэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад цагдаагийнханд баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, Э.М-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.М-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биед хадгалсан, бэлтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараах байгууллага ашиглаж болно...” гэж, 4.1.1-т “...эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага...”, 4.1.2-т “...лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага...”, 4.1.3-т “...харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага...”, 4.1.4-т “...эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж...” гэж тусгайлан хуульчилж, эрх бүхий дээрх байгууллагууд нь Засгийн газрын баталсан тусгай журмын дагуу ашиглахаар зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтуудаас харвал эрх олгосон дээрх байгууллагуудаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгаж өгчээ.

Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн объект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ.

Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд шүүгдэгч Э.М нь дээр дурдсанчлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, өөрийн биед хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.М-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.М-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “... Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Э.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Анх удаагаа Булган аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж хадгалсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөн Э.М нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдаг. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Гэрч чинь байгаа юу? гэж асуухад өөрөө зааж гаргаж өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Иймд эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Сонгох санкцитай учир Э.М-г 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш гаргахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Э.М-ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгч О.А-ы хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдэд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой ч энэ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм.

Монгол Улсад гол төлөв залуучууд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, донтогч болж байгаа тоо баримт байдаг бөгөөд өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан бусадтай нийлэх, бусдад уруу татагдах, сониуч зандаа хөтлөгдөх болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар мэдээлэл дутмаг байдлаасаа болж хэрэглэж эхэлдэг.

Өсвөр насны хүүхэд, залуучууд сурч боловсрох болон ажиллаж хөдөлмөрлөх насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, цаашлаад донтогч болж байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг илтгэж байгаагийн нэг хэлбэр мөн.

Өөрөөр хэлбэл хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй, эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг төдийгүй тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодийн болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг бөгөөд дээрх төрлийн бодисыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн эд эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтэж цаашлаад хүний амь насанд ч аюул учруулахуйц үр дагаварт хүргэх аюултай.  

Шүүхээс Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсан бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Э.М-ийн хувийн байдал, түүний өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил, цаашид ажил төрөл эрхэлж, аж амьдарлаа авч явах талаар хариуцлага хүлээж байгаа байдал болоод түүний нийгэмд эзлэх байр суурь...” зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.М  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан шилтэй жин нь 408.8 грамм, цэвэр жин 59 грамм “өвс” мэт зүйл, №2 гэж дугаарласан  шилтэй 828.1 грамм, цэвэр жин 51.4 грамм ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан 2719.7 грамм, цэвэр жин 210.2 грамм ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан ууттай жин нь 472.7 грамм, цэвэр жин 406.9 грамм ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан шилтэй жин нь 366.5 грамм, цэвэр жин 25 грамм ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан капсултай жин нь 0,6219 грамм, цэвэр жин 0,5134 грамм эм бүхий зүйл, №7 гэж дугаарласан хуйлсан цаасийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** ургийн овогт ****ын ***** хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын харъях Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан шилтэй жин нь 408.8 грамм, цэвэр жин 59 грамм “өвс” мэт зүйл, №2 гэж дугаарласан  шилтэй 828.1 грамм, цэвэр жин 51.4 грамм ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан 2719.7 грамм, цэвэр жин 210.2 грамм ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан ууттай жин нь 472.7 грамм, цэвэр жин 406.9 грамм ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан шилтэй жин нь 366.5 грамм, цэвэр жин 25 грамм ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан капсултай жин нь 0,6219 грамм, цэвэр жин 0,5134 грамм эм бүхий зүйл, №7 гэж дугаарласан хуйлсан цаасийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            5. Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН