Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/1402/Э |
Дугаар | 2023/ШЦТ/517 |
Огноо | 2023-04-28 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Э.Оргилбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/517
2023 04 28 2023/ШЦТ/517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
улсын яллагч: Э.Оргилбат,
улсын өмгөөлөгч: Б.Э,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022.11.01-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой /уншиж, бичиж чадахгүй гэх/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хангайн 00-00-б тоотод оршин суух, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Б овогтой Лын Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны аркаар гарч байх үед нь иргэн Б.Эгийн халааснаас IPhone-13 загварын гар утсыг хулгайлан авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-60-62/,
- Хохирогч Б.Эгийн “2022 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 40 минутаас Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 дүгээр байрт байх гэрээсээ гараад тус байрны аркаар гарах үед үл таних залуу гарч ирэхээр нь би ханан талаараа шахаад явтал тухайн үл таних хоёр залуугийн араас явж байсан хоёр хар куртиктэй залуутай зөрөх үед халаасанд байсан өөрийн гар утсаа алдсан” гэх мэдүүлэг /1-р х.х- 73-75/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-63-65/,
- Гэрч Д.Цын “Би тухайн зочид буудлыг түрээсэлдэг ба манай буудал надаас гадна өөр нэг ээлжийн ресейпшнтэй. Тухайн өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай нөгөө ээлжийн ресейпшн болон миний бие хамт байхад 10 цаг 20 минутад 4 эрэгтэй хүн орж ирж 220 тоот өрөөнд 2 ортой өрөө авсан. Өрөөнд бүртгүүлэхдээ **0000000 О гэсэн нэр дугаараар бүртгүүлж орж ирсэн. Тухайн хүмүүс анх орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба орой хүртэл орж гарч явсаар байгаад тухайн өрөөндөө хоноцгоосон. Тухайн өдөр нь гаднаас өөр нэг хүн орж ирээд танай 220 тоот өрөөнд 4 залуу байгаа маргааш дахиад хонуулчихъя гээд маргаашийнх нь хоногийн мөнгийг хийсэн. Хар өнгийн куртиктэй саравчтай малгайтай өндөрдүү залуу байсан. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний болон 30-ны өдрүүдэд хоноод 31-ний өглөө 09-өөс 10 цагийн хооронд өрөөнөөсөө гарсан байгаа” гэх мэдүүлэг /1-р х.х-79-80/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ц-640 дугаартай “Айфон-13 загварын гар утас-2850000 төгрөг” гэх дүгнэлт /1-р х.х-99-100/,
- Хохирогч Б.Эгийн дахин өгсөн “Тухайн үед би өөрийн |Рhоnе-13 маркийн гар утсаа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны арк дээр явж байхдаа халааснаасаа алдсан. Би үнэлгээтэй танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-76/,
- Яллагдагч *******ийн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын тогтоолтой санал нийлж байна. ...Тэгээд өглөө буудлаас гараад явж байгаад байрны арк дээр эмэгтэй хүн явж байхаар нь халаасанд байсан утсыг нь авсан. Тэгээд А, О хоёрт утас авсан талаараа хэлэхэд А надад Б гээд утас авдаг хүн байгаа гэж хэлээд А, О бид гурав Б дээр очоод тухайн гар утсыг 200000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1-р х.х-120-122/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Уын эзэмшлийн Рэдми-9а загварын гар утсыг халааснаас нь хулгайлж авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Дуудлагын лавлагааны хуудас /1-р х.х-4/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “үл таних этгээд Миний дэлгүүрийн хаалга руу чиглээд ирж байх ба тухайн этгээд дэлгүүрийн урд талын хаалгыг онгойлгоод орж байгаа эмэгтэйн араас гүйж ирээд хүрэмний баруун халаас руу гараа хийж байгаа нь бичигдсэн байв” гэх тэмдэглэл /1-р х.х-12-14/,
- Хохирогч Б.Уын: “2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагаас 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажил болох “Миний сүлжээ” дэлгүүр лүү орж байхад миний халаасанд байсан “Рэдми-9А” маркийн гар утсаа халааснаасаа алдсан. Би 2021 оны 9 дүгээр сард Тедигээс 360000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг ажил руугаа орж байхад миний халааснаас үл таних 30-35 орчим насны эрэгтэй хүн халааснаас гар утас авч байсан. Тухайн хүнийг би камерын бичлэгээр харсан” гэх мэдүүлэг /1-р х.х-20-21/,
- хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Ц-725 дугаартай “2021 оны 9 сард худалдаж авсан Рэдми-9 а загварын гар утас-360000 төгрөг” гэх дүгнэлт /1-р х.х-32-33/,
- Хохирогч Б.Уын дахин өгсөн “Надад эд зүйлийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо багадуулж хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /1-р х.х-24/,
- Яллагдагч *******ийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад миний дэлгүүрийн гадна очсон. Тухайн үед үл таних эмэгтэй дэлгүүр лүү орох үед нь би өмсөж явсан куртикний халааснаас нь Редми-9 маркийн гар утсыг нь хулгайлж авсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байгаад үл таних 40-45 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд бэлэн 50000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1-р х.х-45-46/,
- Яллагдагч *******ийн дахин өгсөн “зүс таних Баттулга гэх хүнтэй таараад манай дүүгийн утас байна надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 200000 төгрөгөөр зарсан. Тулгаа надаас байнга гар утас худалдаж авдаг зүйл байхгүй. Тухайн үед А хажууд байгаагүй, Б гэх хүнийг Хархорин замын ойролцоо хар ажил хийж байгаад танилцаж байсан. Б тэр хавиар гар утас худалдаж авдаг байсан” гэх мэдүүлэг /1-р 61-62/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2 удаагийн үйлдлээр иргэн Б.У, Б.Э нарын гар утсыг халааснаас нь нууцаар авсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Уын эд хөрөнгөд мөнгөн дүнгээр 360000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Эгийн эд хөрөнгөд мөнгөн дүнгээр 2850000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.04.27-ны өдрийн Ц-725, 2022.03.14-ний өдрийн Ц-640 дугаартай дүгнэлт /1-р х.х-32-33, 1-р х.х-99-100/, хохирогч нарын мэдүүлэг /1-р х.х-20-21, 24, 73-75/ дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-12-14, 60-62/ баримтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.У, Б.Э нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******ат-Эрдэнээс шаардах эрхтэй байна.
Иймд шүүгдэгч *******ээс нийт 3210000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уд 360000 төгрөг, хохирогч Б.Эд 2850000 төгрөг тус тус олгож, түүний гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008.07.17-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон.
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.13-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар үлдэгдэл 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-160/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р х.х-149-158/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол /1-р х.х-170/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шийтгүүлж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгасан ялын тооцоогүй болсон тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйл, хэсэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, улсын өмгөөлөгчөөс “ах, дүү болон гэр оронгүй нөхцөл байдал байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй” гэх тайлбарыг тус тус гарган оролцлоо.
Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн 2023.04.04-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогтой Лын Бнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дах хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогтой Лын Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс нийт 3210000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уд 360000 төгрөг, хохирогч Б.Эд 2850000 төгрөг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг *******д холбогдох эрүүгийн 22000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ