Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000065 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Таргад ургийн овогт Галаагийн *******, 1973 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, одоо тус сумын 12 дугаар (*******) багийн ойн бүсэд оршин сууж байгаа гэх, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаарт: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч *******ыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бугаан гол” зах дотор хохирогч ******* нүүрэн тус газарт хуванцар тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч ******* “...Намайг Бямбаагийн ******* гэдэг би Бугаан гол зах дээр махны худалдаа эрхэлдэг. Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед намайг зах дээр махаа зараад зогсож байтал өмнө нь 3 жилийн өмнө надаас хонины гулууз мах зээлж байсан ******* гэх эмэгтэй Бугаан гол зах дээр орж ирэхээр нь би 3 жилийн өмнө зээлээр өгч байсан хонины гулууз махныхаа мөнгийг нэхэхэд ******* “тэр махны мөнгийг би өгөхгүй манай дүү өгнө” гэж хэлэхээр нь би чиний дүүг танихгүй ш дээ чи авсан юм чинь чи өгөөрэй гэж хэлээд зогсож байтал *******ийн хажуунаас дагаж явсан нөхөр нь “чи юу яриад байгаа юм чамд юу өгдөг юм гичий минь” гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би чамд хамаагүй чи хол бай гээд хөлөөрөө би тэр залуугийн хөл рүү өшиглөсөн. *******т хандаж чи дүүгийнхээ утсыг өгөөдөх гээд утасны дугаарыг нь аваад залгах гээд утсаа оролдоод *******ийн дүүгийн дугаарыг хийх гэж байх хооронд нөхөр гэх залуу миний лангуун дээр байсан улаан өнгийн пиавар (хуванцар) түмпэнгээр (саваар) миний нүүр хэсэг рүү цохиод тэр даруй миний хамраас цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас);

- Гэрч *******ийн “...Тухайн өдөр би өөрийн нөхөр ******* болон том охиныхоо хамт Бугаангол зах дотор мах сонирхоод явж байтал тухайн захын махны худалдаачин Б.******* гэх хүн миний нэрээр намайг дуудаад “чи тэр махны мөнгөө өгөөч ээ, чи аваагүй юм бол тэр хамт явж байгаад мах авсан хүндээ хэлээч ээ” гэхээр нь би тэр махыг чинь аваагүй ш дээ би танаас мах авсан хүний утасны дугаар танд өгсөн биз дээ гэтэл “би тэр хүнтэй чинь ярьсан чамайг махны мөнгө авсан гэж байна, чи луйварчин, гуйлгачин” гээд намайг доромжлоод байхаар нь миний нөхөр хажуунаас нь “чи жаахан дуугаа багасгаач амьтан хүний анхаарал татаад байх юм” гэтэл тухайн эмэгтэй манай нөхрийг “чи муу архичин юу юм, чамд ямар хамаатай юм, муу гуйлгачин, хулгайч шоронгийн хадаас” гэх мэтээр доромжлоод бас миний нөхрийг өшиглөөд авсан. Миний нөхөр тэсэлгүй лангуун дээр нь байсан улаан өнгийн хуванцар тавгийг аваад гартаа барьж байгаад нүүр лүү нь нэг удаа дэлсчихсэн. Тэгсэн тухайн эмэгтэйн хамраас цус гараад цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр ******* охин Б.Энхмаа нарын хамт 11 цагийн үед цагаан сарын бэлтгэл хийхээр захаар явж өвчүү ууц хайж яваад Бугаангол гэх зах руу орсон. Тэндээс юм аваад явж байтал миний эхнэр *******ийг нэг эмэгтэй хүн дуудаад “чи тэр мөнгөө өгөөч луйварчин минь” гээд хашхираад байхаар нь би эхнэрээсээ юун мөнгө нэхээд байгаа юм гэтэл миний эхнэр “би энэ хүнээс н.Цэцэгмаатай явж байгаад нэг удаа мах зээлж авч байсан юм аа, тухайн махны үнийг н.Цэцэгмаа өгөх ёстой өгөөгүй юм байна л даа” гэж надад хэлээд тухайн эмэгтэйд “би танд н.Цэцэгмаагийн утсыг өгье” гэтэл тэр эмэгтэй “чи аваад идчихсэн гэж байна, би дүүтэй чинь ярьсан чамд өгсөн гэж байна, чи авч идсэн” гээд манай эхнэр лүү орилоод байсан. Би тэр эмэгтэйд хандаж чи жаахан чимээгээ аядаач олон хүн хараад байхад гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм, муу архичин чинь, чи харваас архичин хулгайч байна” гээд над руу шүлсээ үсчүүлээд дайраад намайг өшиглөөд авахаар нь би чи одоо нөхөр сүүдрээ ингээд зодож байдаг юм уу хаашаа юм гэтэл тэр эмэгтэй лангууныхаа ард гарчхаад хутгаа билүүнд хавираад намайг өмсөж явсан хувцсаар минь дүгнээд байгаа юм уу архичин, хулгайч, гуйлгачнаар дуудаад “чамайг шоронгийн хадаас болгоно” гэж хашхираад байхаар нь би тэр эмэгтэйн лангуун дээр байсан ягаан өнгийн хуванцар таваг аваад шидчихсэн чинь тэр эмэгтэйн нүүр хэсэгт оноод хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);

- Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхнэр, оюутан охин хоёртойгоо цагаан сарын жаахан мах авах гээд орсон. Энэ хохирогч гээд байгаа эмэгтэйг танихгүй, эхнэртэй хамт ажиллаж байсан гэх хажууд нь явсан хүн урьд нь мах зээлж авсан мөнгийг өгөөгүйгээс болж эхнэрийг чи авсан луйварчин гэж доромжлоод орилоод чарлаад байхаар нь та жаахан эвтэйхэн ярьж болохгүй юм уу? энэ хүмүүс дотор санаа зовмоор байна ш дээ гэж гэр бүлээ хамгаалж хэлсэн. Тэгэхэд тэр хүн тэгж хэлсний төлөө намайг доромжилж, цохиж нүдсэн. Би гуйгаад болохгүй, өшиглөөд цохиод нүдээд, янз бүрээр доромжлоод хараагаад байхаар нь та одоо болиоч дээ ямар ядаргаатай юм бэ? энэ хүмүүсээс ичихгүй байна уу? гэсэн. Тэгсэн чинь бүр дайраад байхаар нь урд нь байсан тавгийн аваад дуугүй болооч ямар ядаргаатай юм, энэ хүмүүсээс ичиж байна ш дээ гээд ингэсэн чинь хамарт нь цохичихсон. ...Тэр буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг зэргээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бугаан гол” зах дотор хохирогч Б.******* нь гэрч *******т урьд зээлээр өгсөн махны мөнгөний улмаас олон нийтийн газарт маргалдах явцдаа шүүгдэгч *******ыг зүй бус үгээр доромжилж, өшиглөсний улмаас шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт хуванцар тавгаар нэг удаа цохисон нь нотлогдож байна.

1.2. Хохирогч Б.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 174 дугаартай “...******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) авагдсан байна. Энэхүү дүгнэлтийг хохирогч Б.*******ийн “...нөхөр гэх залуу миний лангуун дээр байсан улаан өнгийн пиавар (хуванцар) түмпэнгээр (саваар) миний нүүр хэсэг рүү цохиод тэр даруй миний хамраас цус гарсан гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн “...би тэр эмэгтэйн лангуун дээр байсан ягаан өнгийн хуванцар таваг аваад шидчихсэн чинь тэр эмэгтэйн нүүр хэсэгт оноод хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

1.3. Хохирогч ******* “...би чамд хамаагүй чи хол бай гээд хөлөөрөө би тэр залуугийн хөл рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас), гэрч *******ийн “...миний нөхөр хажуунаас нь “чи жаахан дуугаа багасгаач амьтан хүний анхаарал татаад байх юм” гэтэл тухайн эмэгтэй манай нөхрийг “чи муу архичин юу юм чамд ямар хамаатай юм, муу гуйлгачин, хулгайч шоронгийн хадаас” гэх мэтээр доромжлоод бас миний нөхрийг өшиглөөд” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас), шүүгдэгч *******ы “...Би тэр эмэгтэйд хандаж чи жаахан чимээгээ аядаач олон хүн хараад байхад гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм, муу архичин чинь, чи харваас архичин хулгайч байна” гээд над руу шүлсээ үсчүүлээд дайраад намайг өшиглөөд” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл: хохирогч шүүгдэгч нар үйлчилгээний газарт буюу олон нийтийн газарт маргалдаж, улмаар хохирогч шүүгдэгчийн биед эхэлж халдаж, зүй бус үгээр гутаан доромжилсон байна. Тодруулбал хохирогч худалдаа эрхэлдэг атлаа олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдын биед халдсан зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна.  

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бугаан гол” зах дотор хохирогч Б.******* нь гэрч *******т урьд зээлээр өгсөн махны мөнгөний улмаас олон нийтийн газарт маргалдах явцдаа шүүгдэгч *******ыг зүй бус үгээр доромжилж, өшиглөсний улмаас шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт хуванцар тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг эд зүйлээр буюу хуванцар тавгаар цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ы “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас), Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Хохирогч нь олон нийтийн газарт үйлчилгээ үзүүлдэг атлаа уг газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдсан зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Улсын яллагч болон шүүгдэгч нар ялын төрлийн хувьд санал зөрөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

3.2. Шүүгдэгч ******* “...Би өөрийн эзэмшлийн Корола маркийн тээврийн хэрэгслээрээ хувиараа таксинд явж өдрийн 20’000 мянган төгрөгийн цэвэр орлого олдог өөр ямар нэгэн нэмэлт орлого гэвэл миний эхнэр болох ******* Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж цалин авдаг манай гэрийн өрхийн сарын орлого 1’200’000-аас 1’300’000 төгрөг байдаг” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан тул шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 160’000 (нэг зуун жаран мянган) төгрөгөөр 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

3.3. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.******* “...*******аас би өөрийн биед учруулсан хохирлоо болон мөн би бизнес эрхэлдэг хүн учраас 2023 оны 02 дугаар сарын 15-аас хойших 12 хоногийн орлогоо прокурор, шүүхийн шатанд нотолж цаашид иргэний журмаар хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч өөрт учирсан хохирол, хор уршгаа нотолсон баримтаа ирүүлээгүй байна.

Хохирогчид учирсан хор уршгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, түүнийг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй боловч хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

5. Шүүгдэгч *******ы гэмт хэрэгтээ ашигласан гэх улаан өнгийн хуванцар тавгийг прокурорын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай зөвшөөрлөөр (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) хураан авч, эд мөрийн баримтаар тооцон ирүүлжээ. Тухайн зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...дотогшоо зууван хэлбэртэй хоёр талдаа хуванцар бариултай, улаан өнгийн түмпэн байх ба уг түмпэнгийн доод ёроол хэсэг цуурч хагарсан байдалтай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) дахин ашиглах боломжгүй болсон нь нотлогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таргад ургийн овогт Галаагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 160’000 (нэг зуун жаран мянган) төгрөгөөр 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн улаан өнгийн, хагархай хуванцар тавгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА