Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,Б.Г /…

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талын авто машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.С-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндай Старекс маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг гараараа цохиж хагалж, гэмтээн 705.000 төгрөгийн хохирол, ... улсын дугаартай Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг гараараа цохиж хагалж, гэмтээн 850.000 төгрөгийн хохирол тус тус учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талын авто машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.С-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндай Старекс маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг гараараа цохиж хагалж, гэмтээн 705.000 төгрөгийн, ... улсын дугаартай Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, толь зэргийг гараараа цохиж хагалж, гэмтээн 850.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 1.550.000 хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч   М.С -ийн "...Би 2023 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдах 21 аймгийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өөрийн ... улсын дугаартай Хюндай Старекс /Hyundai Starex/ маркийн тээврийн хэрэгсэл, ... улсын дугаартай Тоёота Алфард /Toyota Alphard/ маркийн тээврийн хэрэгслүүдтэй ирсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд тамирчидтайгаа бэлтгэл хийж байгаад 2023 оны 03 дугаар сарын 25-ны орой ойролцоогоор 21 цаг өнгөрчихсөн байх үед автомашинуудаа Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн авто зогсоолд байрлуулаад амарцгаасан. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 08 цаг 40 минутын орчимд машинуудын маань урд салхины шилийг цохилж хагалсан, хоёр талын толинуудын хугалсан, тээврийн хэрэгслүүдийн жолоочийн эсрэг талын цонхнуудыг цохиж, зурж гэмтээсэн байсан..." гэсэн /хх 5, 9 ху/, гэрч С.Э "...Бид нар ямар ч маргалдаж муудалцах асуудал гаргаагүй. ...Уг тээврийн хэрэгслүүд нь М.С багшийн автомашинууд байгаа юм" гэсэн /хх 13 ху/, гэрч Э.З-ийн "... зогсоол дээр махлагдуу 30 эргэм насны эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн Старекс маркийн тээврийн хэрэгслийн урд талд машинаа налчихсан байдалтай байсан" гэсэн /хх 16-17 ху/, гэрч Ш.Н-ийн “... жижүүрийн жолооч Э.У, мэдээлэл хүлээн авагч цагдаа Э.З нь Сайншанд сумын иргэн Г гэгчийг дуудлагаар авчирлаа, зогсоол дээр байсан машинуудыг цонхыг хагалчихсан байна гэж хэлж байсан" гэсэн /хх 25-26 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 30-32, 36-38 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 ху/, эрүүлжүүлэгдсэн хүний тэмдэглэл /хх 27-28 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Г-ын “...гэм буруугаа ойлгож байна. Машиныг нь засуулж өгсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г-ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Гантулгад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.С-ийн эд хөрөнгөд 1.550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан /хх 80 ху/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА