Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1175

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Д.Б,

иргэний хариуцагч Д.Дорждэрэмийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1733 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Б-д холбогдох 1805054550364 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Д-гийн Б, 19.. оны ... дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, социологи, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Монгол Маамуу” цэцэрлэг ТББ-ийн бага “Б” бүлгийн ............... ажилтай байсан, ам бүл 8, ах, эгч, дүү, хүү нарын хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .......... дугаар гудамжны ... тоотод  оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

“Монгол Маамуу” цэцэрлэгийн багш Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа суралцагч М.Танхилуун өмдөндөө бие зассаныг цэвэрлэх зорилгоор гар угаалтуурт халуун ус гоожуулан суулгаж, хараа хяналтгүй орхиж, Суурь боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.6 дахь хэсэгт заасан “Багш сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” үүргээ биелүүлээгүйн улмаас суралцагч М.Танхилууны биед “бүсэлхий, хэвлий, баруун ташаа, баруун, зүүн өгзөг, баруун гуя, цавь, гадна бэлэг эрхтэн, хэлүү, хошногоны амсар, баруун шилбэнд 1,2,3-АБ зэргийн түлэгдсэн шарх” буюу бие махбодид нь удаан эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулж, хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                                                                                                                                 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02-09-087/1440 дугаар дүгнэлтээр “Тус цэцэрлэг нь зориулалтын бус барилга байгууламжид сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ...хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон тоног, төхөөрөмж, хэрэгслүүд байрлуулж тохижуулаагүй зэрэг нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, ... Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, ...Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага ММ86558:2015 стандартын 5.1.3, 5.1.4 дэх заалтуудыг,

- Бага бүлгийн багшаар багш бус мэргэжлийн буюу хуурамч боловсролын баримт бичигтэй Х.Анхцэцэг, дунд бүлгийн багшаар багш бус мэргэжлийн Д.Б нар ажиллаж байгаа нь Сургуулийн өмнөх насны боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс боловсролын зэрэгтэй багш ажиллана/, /багш нь багшлах эрхтэй байна/ гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол ...шийтгэнэ” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Иймд тухайн дүгнэлтээр “Монгол Маамуу” цэцэрлэгийн эрхлэгч Д.Дорждэрэмийг буруутай байна гэсэн атал тухайн хүний дээрх цэцэрлэг нь зориулалтын бус барилга байгууламжид сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ...хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон тоног, төхөөрөмж, хэрэгслүүд байрлуулж тохижуулаагүй, дунд бүлгийн багшаар багш бус мэргэжлийн Д.Б-г ажиллуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй эсэх, уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирол, хор уршиг учруулахад шалтгаант холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй нь үндэслэлгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Д.Б-г ажилд томилсон тушаал байх ба шүүгдэгч Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, аюулгүй ажиллагааны журам танилцуулсан эсэх, сургалт, зааварчилгаа өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Тухайн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг оролцогч нараас гараагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Б бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1733 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн” шинж нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болон хохирол хоёрын хооронд шууд шалтгаантай холбоо байна.

Гэтэл “Монгол Маамуу” цэцэрлэгийн эрхлэгч Д.Дорждэрэмийн зориулалтын бус барилга байгууламжид сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ...хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон тоног, төхөөрөмж, хэрэгслүүд байрлуулж тохижуулаагүй, Дунд бүлгийн багшаар багш бус мэргэжлийн Д.Б-г ажиллуулсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж Д.Дорждэрэмд холбогдуулан эрүүгийн Хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

2. Шүүгдэгч Д.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сургалт зааварчилгаа өгөөгүй тухай шүүх хуралдаанд мэдүүлсэн, гэтэл энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчиж байна.

3. Яллагдагч Д.Б-д холбогдох хэргийг 33.2 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлж, анхан шатны журмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1. “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ”, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасныг зөрчиж хэргийг прокурорт буцаасан байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1733 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулахаар, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.  

 

Иргэний хариуцагч Д.Дорждэрэмийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын газраас 12 заалт бүхий дүгнэлт гарсан. Осол гарсан шалгаан нь багшийн буруутай үйлдэлээс хамааралтай. Шүүгчийн захирамж үндэслэлгүй, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, “Монгол Маамуу” цэцэрлэгийн эрхлэгч Д.Дорждэрэм нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх насны боловсролын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дунд бүлгийн багшаар багш бус мэргэжлийн Д.Б-г ажиллуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй эсэх, тухайн үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирол, хор уршиг учруулахад шалтгаант холбоотой эсэх, мөн Д.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнд аюулгүй ажиллагааны журам танилцуулж, энэ талаар сургалт зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар зайлшгүй тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, Д.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Иймд энэ талаар шалгасны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1733 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Б-гийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ