Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2021/0043

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж,

 

Нэхэмжлэгч: иргэн М.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/398 дугаартай захирамжийн М.С холбогдох хэсэг, 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот захирамжаар тус сумын Үдлэг 4-р багийн нутаг дэвсгэр Нарстай-320 газарт 5 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №04113-2020/00118 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг сумын газрын албатай байгуулсан. Би эзэмших эрх бүхий газартаа тог цахилгаан татуулж, газраа тойруулан хашаа барьж, худаг гаргах зэрэг ажлуудыг хийж, газрын төлбөрөө төлж, хууль болон гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, аливаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг гаргаагүй ба 2021 оны 7 сард эзэмшлийн газартаа тэжээлийн ургамал тарих ажлыг эхлүүлэх гэтэл чиний газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гээд Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №А/398 дугаартай захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр надад мэдэгдсэн. Төв аймгийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж хүчингүй болгосон тухай гомдлыг гаргахад Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №А/398 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна гэсэн хариуг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №07/577 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн №А/398 дугаартай захирамж нь газар эзэмшигч миний эрхийг ноцтой зөрчсөн юм. 1.3ахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж тус тус заасан ажиллагааг хийхгүйгээр надад огт мэдэгдэхгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байсан. 2.Батсүмбэр сумын Засаг дарга, 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн №А/398 дугаартай захирамждаа Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулийг зөрчсөн гэжээ. Газар эзэмшигч миний зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй, газрын чанар байдлыг нь алдагдуулаагүй өөрийн эзэмшлийн талбайг мал амьтнаас хамгаалах хашаа барьж, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор гүний худаг гарган, тог цахилгаан татах зэргээр хөрөнгө оруулалт хийж хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Мөн би эзэмшүүлсэн газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Санчир нь Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" A/398 дугаартай захирамжийн М.Санчирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга дээрх А/398 дугаартай захирамжид 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам зөрчсөн болгон өөрчилсүгэй гэж өөрчлөлт оруулж, А/398 дугаартай захирамжийн үндэслэх хэсгийг хүчингүйд тооцжээ. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаартай захирамжийн үндэслэлд Засаг даргын акт гаргах эрх хэмжээ заасан хуулийн заалт болон газар эзэмшигч, ашиглагч субъектийн талаарх Газрын тухай хуулийн зүйл заалтаас өөр шийдвэрлэж буй асуудлын талаар хууль эрх зүйн үндэслэл бариагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг тогтооно" 24.2-т " Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 26 дугаар зүйлийн 26.1-д - Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлийн 27.6-д "Сонсох ажиллагааны явц, ур дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна" гэж заасан ажиллагааг хийгээгүй. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "Захирамж залруулах тухай А/420 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, хууль зөрчиж гаргасан шийдвэр. Санчир газар эзэмших өргөдөл гаргасан, иргэн нь тухайн газрыг эзэмших эрх нь бүрдсэн байсан уу гэдгийг тухайн газрын даамал шалгаж авах үүрэгтэй. М.Санчир газар эзэмших хүсэлт гаргахад ямар нэгэн шаардлага тавиагүй. Газар эзэмшүүлэхэд М.Санчир мал амьтнаас хамгаалах хашаа бариад дээр нь тариалангийн газрын газрыг хамгаалах талаар хөрөнгө оруулж, иргэн Түвшинхүүтэй хамтран худаг гаргаж, тог цахилгаан татаад 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Төрийн гаргасан шийдвэрт итгэж хөрөнгө зардлыг гаргаад хөрөнгө оруулалт хийсний дараагаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаад байгаа нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/398 дугаартай захирамжийн М.Санчирт холбогдох хэсэг, 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ц.Булган шүүхэд гаргасан тайлбартаа: М.Санчирын нэхэмжлэлтэй Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн М.Санчирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. М.Санчирт 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот захирамжаар эзэмшүүлсэн газрыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны А/398 тоот захирамжаар хүчингүй болгосон захирамжийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны А/420 тоот захирамжаар залруулан хүчингүй болгосон. М.Санчир нь өмнө нь тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар тариалангийн зориулалтаар эзэмшлийн газар төлөвлөөгүй болно. М.Санчирын гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Санчир тариалангийн зориулалтаар газрыг давуу эрхээр эзэмшүүлэх гэж сумын Засаг даргын захирамж гарсан байдаг. Энэ давуу эрхээр газар эзэмшүүлэх журам нь сүүлийн гурван жилд тариалангийн үйл ажиллагаа явуулсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багийн Иргэдийн Нийтийн хурлаар оруулах журам байдаг. Энэ журмаар нэг ч ороогүй. Мөн Газрын тухай хуулийн 6.1 гэсэн заалт байгаа. Энэ заалт нь өөр иргэнд холбоотой хавсралтаар өөр насанд хүргээгүй иргэн орсон байсан. 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А420 дугаар захирамжаар өмнөх захирамжаа залруулсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар захирамж шийдвэрээ өөрчилдөг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэх үндэслэлээр 2020 оны 08 сарын 13-ны өдрийн захирамжийг гаргасан байгаа . Давуу эрхийн журмаараа бичиг хэрэг болон газрын даамалд өргөдлөө гаргаж өгөх шаардлага байхгүй. Эхлээд багийн Засаг даргад гаргаж өгөөд багийн Засаг дарга 14 хоногт багтаан иргэдээсээ санал авч багийн Иргэдийн Нийтийн хуралд өгөх ёстой. Багийн Засаг даргад өргөдлөө гаргаж өгөхдөө шаардлагатай баримтуудыг хавсаргаж өгөх ёстой. Яагаад газрын даамал, сумын Засаг дарга нь энэ талаар хянаагүйг мэдэхгүй. М.Санчирыг газар дээрээ хашаа барьж, тог татсан талаар би мэдэхгүй. Захирамж гарахад байгаагүй. М.Санчирын материал олдохгүй байсан, сүүлд өргөдөл нь Хууль эрх зүйн мэргэжилтний өрөөнөөс гарсан, өөр баримт байгаагүй. М.Санчирт эзэмшүүлсэн 5 га газрыг М.Санчираас өөр хэн эзэмшиж байсан талаар мэдээлэл байхгүй байна. Сүүлийн хэдэн жил ашиглаж байсан талаар мэдэхгүй байна. 2021 оны 06 сард газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж 5 иргэнд нэг нэг га газраар нь эзэмшүүлэхээр тусгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжийн М.Санчирт холбогдох хэсэг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч М.Санчир нь Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт хандан газар эзэмших тухай хүсэлт гаргаж, тус сумын Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамжаар М.Санчирт тус сумын Үдлэг 4-р багийн Нарстай 320 га газраас 5 га газрыг тэжээлийн ургамлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,[1] 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж[2], газар эзэмших эрхийн 000057361 дугаартай гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4112043593 дугаарт бүртгэсэн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль зөрчиж давуу эрхээр газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр М.Санчир нарын 8 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13 дахь хэсэгт 20.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй: 20.2.13.хууль тогтоомжид заасан бусад гэж тус заажээ.

Хариуцагч шүүхэд нэхэмжлэгчийг Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулиар хүлээсэн ямар үүргийг зөрчсөн талаар тайлбар гаргаагүй, нотлох баримтаар нотолж тогтоогоогүй, харин захиргааны акт гаргах болсон үндэслэлээ Санчир нь тус суманд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй хэмээн тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана. гэж заасны дагуу нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ хариуцагчид гаргасан, хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Сумын Засаг дарга...газрыг ...иргэн, аж ахуй нэгжид ... эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулан тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хариуцагчийн зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй байхад түүнийг Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам зөрчсөн гэж буруутган түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Мөн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөгүй, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хариуцагч зөрчсөн, маргаан бүхий захиргааны актын М.Санчирт холбогдох хэсэг хууль бус байна гэж дүгнэлээ.

 

3. Маргаан бүхий захиргааны акт болох Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаартай Захирамж залруулах тухай захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13 дахь заалтыг үндэслэсэн нь цуцлах үндэслэл болоогүй тул үндэслэл хэсгийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам зөрчсөн хэмээн өөрчилж, уг захирамж гарсантай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 захирамжийн үндэслэл хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ[3].

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т хэсэгт захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй гэж зааснаас үзвэл хууль тогтоогчоос тухайн захиргааны актаар зохицуулсан асуудлын агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны актын алдааг засаж болохоор зохицуулжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаартай захирамжаар сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжид баримталсан хуулийн заалт, үндэслэл хэсэг-ийг өөрчлөхөөр заасан нь тухайн захиргааны актын утга, агуулгыг өөрчилж шийдвэрлэсэн байх тул уг захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасанд нийцэхгүй, хууль бус байна.

Тодруулбал, хууль тогтоогчоос эрх бүхий Засаг дарга өөрөө хууль, журам зөрчиж иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн тохиолдолд өөрийн алдаагаа засах боломжийг хуулиар олгосон ч газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаа иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгох, тухайн иргэний эрхэд хуульд заагаагүй үндэслэлээр халдах эрхийг хариуцагчид олгоогүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэл заагаагүй, бөгөөд энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг хууль тогтоогчоос эрх бүхий Засаг даргад олгоогүй болно.

Нэхэмжлэгч М.Санчир нь эзэмшлийн газартаа хашаа барьж, иргэн Н.Түвшинхүүтэй хамтран гүний худаг гаргуулж, 2020 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд инженерийн хийцтэй цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт холболт хийлгэж, 100 квт-ын АТП суурилуулсан зэрэг нь хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, М.Санчирын эзэмшдэг Хаан банкны ...тоот дансны хуулга, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөгүй, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийг хууль тогтоомж ноцтой зөрчиж тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшсэн гэж буруутгах, тодруулбал хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлд иргэнийг буруутгаж, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн, М.Санчирын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/398 дугаартай захирамжийн М.Санчирт холбогдох хэсэг, тус сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамж тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д иргэн, аж ахуйн нэгж байгууллага газартай холбогдон үүссэн ...маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Санчирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжийн М.Санчирт холбогдох хэсэг, Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Санчирт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 21-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 24-р хуудас