Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                         Б.Алтансүх    

Улсын яллагч                                                                      Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                      Д.Энхтуяа

Хохирогч                                                                               Л.Отгонбаяр

Гэрч Л.Ганцэцэг, Л.Туулцэцэг    нарыг оролцуулан  шүүхийн  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ёндонжунайн Оргилбаатарт холбогдох эрүүгийн 201610010144 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Мөнгөншонхорын 2-19 тоотод оршин суух, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ёндонжунайн Оргилбаатар РД:/АА86010418/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Ё.Оргилбаатар нь архи ууж согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг  Амарын гудамж 3-13 тоотод иргэн Л.Отгонбаярыг гэртээ унтаж байхад нь тодорхой шалтгаангүйгээр зодож цээжний зүүн талын 4, 5-р хавиргыг нь хугалж хүндэвтэр, баруун гар, цээж, хүзүүнд нь  цус хуруулж хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Оргилбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Отгонбаярыг зодоогүй. Прокурор руу явж байхад хохирогч Л.Отгонбаяртай таараад хамт архи уусан. Отгонбаяртай архи ууж байхдаа намайг байнга цагдаа дээр дуудаад хэцүү байна, та надад гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Та намайг зодсон гэж байгаа бол эм тарианы мөнгийг чинь өгье,  энэ хэргээс салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд прокурор дээр очсон юм... гэв.

Хохирогч Л.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би гэртээ орон дээрээ унтаж байсан. Гэнэт гаднаас Ё.Оргилбаатар ууртай орж ирээд араас босохын завдалгүй зодсон... гэв.

Гэрч Л.Туулцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би 12 цагт Л.Ганцэцэгийн гэрт нь очиж архи уугаад унтсан. 5 цаг өнгөрч байхад сэрээд хүүгээсээ дүү нь хаана байна гэж асуухад дүү тоглож байгаа гэж хэлсэн. Тэгээд аав чинь хаашаа явсан юм бэ гэж асуухад аав Отгоогийнд очих гээд явсан гэж хэлсэн. Тэгээд энэ юун цус юм бэ гэж асуухад Оргил ах манай гэрийн гадаа цустай гар угаачихаад явсан гэж хүү маань хэлсэн... гэв.

Гэрч Л.Ганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр шөнө Ё.Оргилбаатар манайд ирж манай нөхөртэй хамт архи ууя гэж хэлэхэд нь би уулгахгүй гэж хэлэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь би эгч, ахыг нь дагуулаад ирэхэд гараад явсан байсан. Тэгээд шөнө Оргилбаатарыг гадуур хайгаад явахад олдоогүй. Маргааш нь Л.Отгонбаяр хүнд зодуулсан гээд орж ирсэн. Би эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд шөнө Ё.Оргилбаатарыг дахиад хүрээд ирж магадгүй гээд байж байтал Оргилбаатар ирээд би согтуудаа таныг зодсон байна гэж Отгонбаярт хэлж гуйж байсан... гэв.

Гэрч Э.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 26-ны орой Ё.Оргилбаатар халамцуу байдалтай халаасандаа нэг шил архи хийчихсэн манай гэрт ганцаараа ирээд намайг гэрээс нь машины хроп хулгай хийсэн гээд агсан согтуу тавиад байхаар нь би аваагүй, мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Ганцэцэг бид хоёр Ё.Оргилбаатарын ах эгч дээр нь очоод танай гэрээс би юм хулгай хийгээгүй, дүүгээ манай гэрээс очиж ав гэж хэлээд дагуулаад очтол явчихсан байсан. Ингээд тэр өдөр Ё.Оргилбаатарыг хайгаад олоогүй. Маргааш өглөө нь Ганцэцэгийн төрсөн дүү Отгонбаярын гэрт очиход хүнд зодуулсан байдалтай орон дээрээ  хэвтэж ганцаараа байхаар нь эмнэлгийн тусламж дуудсан. Тухайн үед хэнд зодуулсан талаар Отгонбаяраас асуухад Оргилбаатар намайг гэртээ унтаж байхад зодчихсон гэж байсан. Миний бодлоор ахынх нь машины хропыг хулгай хийж авсан гэж хардаад Отгонбаярыг зодсон болов уу гэж бодож байна. Өөр түүнийг зодох ямар нэг шалтгаан байхгүй.” гэжээ. /хх-ийн 7, 165 тал/

Гэрч Б.Занданчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Отгонбаярын эгч Ганцэцэг нөхөр Баадаагийн хамт манай гэрт ирээд танай дүү Оргилбаатар манай гэрт ирээд агсан согтуу тавиад байна, дүүгээ ирж ав  гэхээр нь наад хүний чинь авахгүй цагдаа  дуудаад өгчих гэж хэлсэн. Ингээд би нөхрийнхөө хамт Ганцэцэгийн гэрийн гадаа очиход Оргилбаатар байгаагүй бөгөөд тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ харьж амарсан. Тэр шөнө Оргилбаатар манай гэрт ирээгүй ба маргааш өглөө нь согтуу байдалтай гэрт ирэхээр нь хаагуур  юу хийгээд архи уугаад явчихдаг юм бэ гэхэд би архи уугаагүй гээд байсан. Тэгээд манай нөхөр машины хрод боогоод сууж байтал цагдаа нар ирээд Оргилбаатарыг аваад явсан....” гэжээ.  /хх-ийн 9 дүгээр тал/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Отгонбаярын биед цээжний зүүн талар суганы урд шугамаар 4,5-р хавирганы хугарал, зүүн нүдний салстанд цус хуралт, цээжинд урд талаар цус хуралт, хүзүү орчимд цус хуралт, баруун гаранд цус хуралт, баруун тохойн үе орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүдийн цээжний зүүн талаар суганы урд шугамаар 4,5-р хавирганы хугарал гэмтэл нь “Гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний салстанд цус хуралт, цээжинд урд талаар хүзүү орчимд, баруун гар нэлэнхүйдээ зөөлөн цус хуралт, баруун тохой үе орчимын цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 19 тал/ гэжээ.

- Хохирогч Л.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 5-6, 60 тал/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/

- 2013 оны 11 дүгээр сарын 07-нй өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-35 тал/

- Ё.Оргилбаатарын ял хэрэг, зан байдал, суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 36 тал/

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засан даргын тодорхойлолт /хх-ийн 38 тал/

- Гэрч Л.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 144 тал/

- Хохирогч Л.Отгонбаярын мэдүүлэг Ё.Оргилбаатарыг сэжигтнээр тооцон байцаалт авахын өмнө авсан гэрэл зураг  /хх-ийн 147-148 тал/

- 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн  150-152 тал/

- Гэрч Б.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 154 тал/

- Гэрч Л.Туулцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 158 тал/

- Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Амарын мэдүүлэг /хх-ийн 160 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Оргилбаатар нь “...би Отгонбаярыг зодоогүй” гэсэн мэдүүлэг гаргаж байгаа боловч 2016 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг  Амарын гудамж 3-13 тоотод хохирогч Л.Отгонбаярыг гэртээ унтаж байхад нь тодорхой шалтгаангүйгээр зодож цээжний зүүн талын 4, 5-р хавиргыг нь хугалж хүндэвтэр, баруун гар, цээж, хүзүүнд нь  цус хуруулж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Отгонбаярын “…тэгэхэд Оргилбаатар түрийгээ эргүүлсэн хромон гуталтай, дээгүүрээ цамцтай явж байсан. Үүнээс хойш ойролцоогоор 2-3 цагийн дараа Оргилбаатар яг тэр хувцастайгаа манай гэрт орж ирээд намайг зодчихоод гарсан…” гэсэн мэдүүлгээр,

Насанд хүрээгүй гэрч Э.Энх-Амарын “ … тэгээд тэр шөнө унтах гээд хэвтэж байтал хойд айлын Оргилбаатар ах орж ирээд цус болчихсон гараа угаах гээд надаар ус хийлгүүлээд гараад явсан…” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.Туулцэцэгийн “…тухайн шөнө буюу орой нь Ганцэцэгийн гэрт архи хамт ууж байгаад орж амарсан бөгөөд тэр  шөнө Оргилбаатар нь манай гэрт согтуу орж ирээд цусаа угаачихаад гарсан гэж миний том хүү 9  настай Энх-Амар хэлж байсан…” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Л.Ганцэцэгийн “… Оргилбаатар эмчилгээний мөнгө төгрөг өгье, яаж энэ хэргээс салах уу гээд явж байсан.. .” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч Ё.Оргилбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ё.Оргилбаатар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан ба ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтайд тооцох хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ё.Оргилбаатар нь 24 хоног цагдан хоригдсон бөгөөд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ёндонжунайн Оргилбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ё.Оргилбаатарыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар  хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Оргилбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Оргилбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ё.Оргилбаатар нь 24 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон бичгийн баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Оргилбаатарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ