Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01421

 

  

С.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалтай,

 

С.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

*******-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр 3 дугаар орцны зоорийн давхрын 288 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн газар таеквондогийн клубын үйл ажиллагаа явуулдаг. 2019.08.11-ний өдөр Б.Доржням гэдэг хүн яриад клубынхээ хаалгыг онгойлгоод өгөөч, ус хаах гэсэн юм, дээд айлаас чинь ус алдаад байна гэхээр нь очье гэтэл бөглөөг нь гаргачихлаа, ирээд хэрэггүй гэсэн. Тухайн өдөр би зусландаа байсан. 2019.08.12-ны өдөр клуб дээрээ ирэхэд дээд айлын бохир хальж битүү усанд автсан байсан. Дээд айлын буруугаас бохир халиагүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэх ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-д гомдол гаргаж, холбогдох хүмүүс ирж Техникийн комиссын акт үйлдэн бохирын гаргалгааны шугам бөглөрч, дээд айл болох 42 тоотын суултуураар хальж, доошоо бохир ус алдсан гэдгийг тогтоосон. Энэ талаар хариуцагч байгууллагын удирдлагуудад гомдол гаргахад газар дээр нь шалгаж үзээд, техникийн подвалиар явсан шугам сүлжээнд гэмтэл гарахад урьдчилан сэргийлэх боломж бага тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Г.Дамиран инженер дарга уулзъя гэж байна гэснээр очиж уулзахад таны нэхэмжилсэн төлбөрийг гаргах боломжгүй, он дуустал ус, дулаан, ашиглалтын зардлыг тэглэе гэсэн. Энэ саналыг би зөвшөөрөөгүй. Тус газрын буруутай үйл ажиллагааны улмаас бохирын ус их хэмжээгээр алдаж, хана, таазны эмульс, замаска норж хуурсан, шаланд дэвссэн дэвжээ дахин хэрэглэхгүйгээр бохирдож хохирсон. Хэрэв ******* нь цаг тухай бүрд нь бохирын шугам сүлжээндээ хяналт, шалгалт хийж, засч янзалсан бол би хохирохгүй байх байсан. Бохир бөглөрсөн нь үл буцах хавхлага байрлуулсан эсэхээс хамаарахгүй. Иймд хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тооцоолж 6,847,380 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс зөвхөн барилгын засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан 3,600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-д 2019.08.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр, 42 тоот айл бохир бөглөрсөн гэх дуудлага ирүүлсэн. Засварчин очиж бөглөөг гаргаж байхад нэхэмжлэгчээс ямар нэгэн санал ирүүлээгүй. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ариутгах татуургын босоо шугамыг манай байгууллага эзэмшиж ашигладаггүй, зөвхөн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг. Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг Арслан клуб нь манайд ямар нэгэн дуудлага мэдэгдээгүй, өөрсдөө дур мэдэн ариутгах татуургын гаргалгааны шугамтай ижил түвшинд ариун цэврийн өрөө байгуулан шугам дээр үл буцах хавхлага суурилуулсан нь бохир бөглөрч бохир халих, ус алдах шалтгаан үүссэн байж болзошгүй. Иймд С.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас хохирол болох 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/-аас улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас хохирол болох 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 596 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байрны нэг давхраас буюу 42 тоотоос ус алдсан дуудлага ирснээр манай засварчид очиж гэмтлийг шуурхай илрүүлэн засварлаж, хэвийн болгосон. Гэмтэл гарсан шалтгаан нь тухайн байрны хэрэглэгчид санаатай болон эсхүл санамсар болгоомжгүйгээсээ болж бохирын шугаманд даавуун материал оруулснаас болж бохирын гаргалгааны шугам бөглөрсөн байсан. Гэтэл анхан шатны шүүх ...Хариуцагч ******* нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дахь хэсэгт ...хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих, 14.2.4 дэх хэсэгт ...өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд хийх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй /бохир усны шунас бөглөрч/-гээс С.Ган-Эрдэнийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлт хийж тус байгууллагаас хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдсэн байна. Тухайн байрны бохирын гаргалгааны шугам бөглөрсөн нь энэ асуудал нь засвар үйлчилгээтэй ямарч холбоогүй бөгөөд харин хэрэглэгчдийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна.

Давж заалдах шатны шүүх ...Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар хортой бодисын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гээд Хуулийн энэхүү заалтад зааснаар хариуцагч байгууллага гэм буруутай эсэхээс үл хамааран тухайн эд зүйл буюу бохирын гаргалгааны шугамд үүссэн бөглөрлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл шугам сүлжээний бохирын ус хальсан нь хортой бодисын улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдалд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Гэтэл манай байгууллагын байр хариуцсан засварчид графикийн дагуу холбогдох үзлэг, шалгалтуудыг тогтмол хийдэг бөгөөд харин тухайн шугаманд гарсан бөглөрөл нь хэрэглэгчдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс хамаарч үүссэн эсэхийг шүүх хянаж үзээгүй байна. Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 182/ШШ2020/00190 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 596 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* *******-т холбогдуулан гэм хорын хохиролд 3,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   2019.08.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 73/1-р байрны 3-р орцны бохирын гаргалгааны шугам бөглөрснөөс С.Ган-Эрдэнийн өмчлөлийн зоорийн давхрын 288 м.кв талбайд бохир ус их хэмжээгээр алдаж, 6,847,380 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...ОСНААУГ-аас цаг тухайд нь бохирын шугам сүлжээндээ хяналт шалгалт хийж, засч янзалж байсан бол надад хохирол учрахгүй байсан, ...ОСНААУГ-ын 6-р төвийн дарга, инженер надтай уулзаж, ус дулааны төлбөрийг 2019 оныг дуустал чөлөөлж өгье гэсэн болзол тавьсан. Миний хувьд клубын үйл ажиллагааг явуулдаг бүхий л эд зүйлс эвдэрч, хэмхэрсэн, их хэмжээний хохирол учирсан тул зөвхөн засвар үйлчилгээ хийлгэсэн 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ариутгах татуургын босоо шугамыг манай байгууллага эзэмшиж ашигладаггүй, шугам бөглөрөх үед нэхэмжлэгч дуудлага өгөөгүй, манайд ямар нэг санал ирүүлээгүй, харин дур мэдэн ариутгах татуургын гаргалгааны шугамтай ижил түвшинд ариун цэврийн өрөө байгуулан, шугам дээр үл буцах хавхлага суурилуулсан нь бохир бөглөрч бохир халих, ус алдах шалтгаан үүссэн байж болзошгүй, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч ******* нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-д зааснаар орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд тул мэргэжлийн байгууллага.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3.-т зааснаар мэргэжлийн байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах үүрэгтэй, мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4.-т зааснаар өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хоёр шатны шүүх хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, улмаар оршин суугч нь эзгүй үед оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц ус алдах, гал гарах зэрэг эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн орон сууцанд нэвтрэн орж, эвдрэл гэмтлийг арилгаж, ...эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

 

Түүнчлэн бохирын шугамаар урсах ахуйн бохир хар ус нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвчний нян үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аюултай тул давж заалдах шатны шүүхээс хортой бодисын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсанд тухайн инженерийн шугам сүлжээг хариуцсан хариуцагч байгууллагын гэм буруутай эсэхээс үл хамаарч хариуцлага хүлээнэ гэсэн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч нь хууль болон гэрээнд заасны дагуу шугам сүлжээнд графикийн дагуу үзлэг, шалгалт, засвар үйлчилгээ хийсэн болохоо баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийг хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэн, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул ...тухайн шугаманд гарсан бөглөрөл нь хэрэглэгчдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс хамаарч үүссэн эсэхийг шүүх хянаж үзээгүй... гэх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.04.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД