Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/00559 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00559                                  Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Т банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Х.У

Хариуцагч: Д.Ц нарт холбогдох,   

“20 170 567.03 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Х.У, Д.Ц нар 2016 оны 01-р сарын 15-ны өдөр 2016/37 тоот зээлийн гэрээг байгуулан Т банкны Сэлэнгэ салбараас 14,939,306.36 /Арван дөрвөн сая есөн зуун гучин есөн мянга гурван зуун зургаан төгрөг гучин зургаан мөнгө / төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.4, 3.2.8, 3.3 дахь заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар зээлийн гэрээний үүргийн хугацаа дууссан байна.

Иймээс хариуцагч нараас 2019.03.07-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12 348 704,10 төгрөг, зээлийн хүү 6 732 165, 92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600 913.01 төгрөг нийт 19 681 783.03 төгрөг, 2016/11/16-ны өдөр зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70 200 төгрөг, гэрээ батлуулсан нотариатын төлбөр 5000 төгрөг, зээл төлүүлэх хариуцагчтай уулзах зорилгоор Булган аймаг явсан машины шатахууны зардал 287 584 төгрөг, томилолтын зардал 126 000 төгрөг нийт 20 170 567.03 / хорин сая нэг зуун далан мянга таван зуун жаран долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Х.У, Д.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х овогтой У миний бие Сэлэнгэ аймгийн Т банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд одоогоор ажилгүй төлөх боломжгүй болсон нь үнэн. Гэхдээ нэхэмжлэлээс зээлтэй холбоотой нөхцөлийг төлөхөөс бусад зүйлийг /томилолт, шатахуун гэх мэт/ төлөхгүй” гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбар нь Х.У, Д.Ц нарт холбогдуулан 20 170 567.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар зээлтэй холбоотой төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, томилолт, шатахуун зэрэг бусад зардлыг төлөхөөс татгалзсан тайлбар ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Хариуагч Х.У, Д.Ц нар нь Т банкны Сэлэнгэ салбараас  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2016/37 тоот зээлийн гэрээг байгуулан 14 939 306.36  төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр зээлж авсан  үйл баримт болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зээлийн үндсэн төлбөр 12 348 704,10 төгрөг, зээлийн хүү 6 732 165, 92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600 913.01 төгрөг нийт 19 681 783.03 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч, зээлийн төлбөрөөс гадна хариуцагч нарыг эрэн сурвалжлуулж хаягийг  олж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж улсын тэидэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Энэ төлбөр болон гэрээ батлуулсан нотариатын төлбөр 5000 төгрөг, зээл төлүүлэх хариуцагчтай уулзах зорилгоор Булган аймаг явсан машины шатахууны зардал 287 584 төгрөг, томилолтын зардал 126 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсны улмаас зээлээ төлүүлэх, уулзаж чадахгүй болсон тул тэднийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн нөхцөл байдал нотлогдож байна. Тиймээс энэ төлбөрийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.  

Харин гэрээ батлуулсан нотариатын төлбөр, зээл төлүүлэх хариуцагчтай уулзах зорилгоор Булган аймаг явсан машины шатахууны зардал, томилолтын зардал зэрэг нь хэзээ хэдэн төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлээс дээрх хэсэг буюу 418 584 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр зээлийн үндсэн төлбөр 12 348 704,10 төгрөг, зээлийн хүү 6 732 165, 92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600 913.01 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 19 751 983,03 төгрөгийг Х.У, Д.Ц нараас гаргуулан Т банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлээс 418 584 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.   

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаар 258 803 төгрөг төрийн санд оруулсныг хэвээр үлдээж, хариуцагч нараас 256 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарт олгохоор заав. 

Хариуцагч Х.У, Д.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааныг хариуцагчгүйгээр хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.У, Д.Ц нараас 19 751 983,03 төгрөг гаргуулан Т банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлээс 418 584 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 803 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 256 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкны Сэлэнгэ салбарт олгосугай.     

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА