Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/372

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Ж.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205035950687 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, эмэгтэй, 24 настай, мэргэжилгүй, дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 7, эх, эгч, 2 дүү, эгчийн хүүхэд нарын хамт Архангай аймгийн Их Тамир сумын ******* баг, Хан-Өндөр гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн ******* хороо, Сэлбэ ******* дүгээр байрны ******* тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал орчим эмэгтэй хүний, саарал өнгөтэй, малгайтай биеийн тамирын хослолыг худалдан авах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гар утасны цэнэг дуусах гээд байна гэртээ харьж байгаад төлбөрийг шилжүүлнэ гэж хохирогч *******ы эзэмшлийн биеийн тамирын хослолыг өөртөө шилжүүлэн авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан;

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 06 дугаар байрны орчим гар утас худалдан авах гэж байгаа мэт хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэртээ орж мөнгөө шилжүүлнэ гэж хохирогч ийн эзэмшлийн “IPhone 11” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийн, нийт 1.140.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Нэг: Ж.******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал орчим эмэгтэй хүний, саарал өнгөтэй, малгайтай биеийн тамирын хослолыг худалдан авах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гар утасны цэнэг дуусах гээд байна гэртээ харьж байгаад төлбөрийг шилжүүлнэ гэж хохирогч *******ы эзэмшлийн биеийн тамирын хослолыг өөртөө шилжүүлэн авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч *******ы “...би Турк улсаас эмэгтэй хувцас оруулж ирж зардаг. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ж.******* гэх хаягтай харилцагч над руу чат бичээд эмэгтэй биеийн тамирын хослол авъя гээд миний тавьсан байсан биеийн тамирын эмэгтэй хослолын зураг явуулаад энэ хувцсаа Өргөө кино театрын автобусны буудал дээр хүргэлтээр авъя гэсэн би холбоо барих дугаараа үлдээгээрэй гэх үед би одоогийн байдлаар утасгүй байгаа Өргөө кино театрын автобусны буудал дээр ирээд чат бичээрэй гэсэн. Би өөрөө хүргэлтээр явах боломжгүй тул нөхрөө явуулаад ******* руу чат бичээд хүргэлтийн хүнд өгөөд явуулсан байгаа шүү хаана хүргүүлж авах вэ гэж асуухад одоо би талбайн хажууд явж байна Бөмбөгөрийн автобусны буудал дээр авхуулъя гэж чат бичихээр нь нөхөртөө хүргүүлж авах газрын хаягийг нь зааж өгсөн. Манай нөхрөөс 2 эмэгтэй хүүхэд хувцас авсан гэсэн. Тэгээд утасны цэнэг дуусах гээд байна харьж байгаад мөнгийг нь хийе гэж хэлээд явсан гэсэн. Би орой ******* гэх хаягтай хүн рүү чат бичээд мөнгөө хийгээрэй гэх үед утасны цэнэг дуусах гээд байна харьж байгаад хийе гэж хэлсэн тэгээд би мөнгө асуухаар худлаа хэлж байгаад намайг блок хийгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Гэрч гийн “....би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цайны цагийн үеэр ажил дээрээ байж байтал манай эхнэр болох Учралсайхан над руу чат бичээд Бөмбөгөрийн ойролцоо эмэгтэй биеийн тамирын хослол захиалгаар хүргэх хэрэгтэй байна гэж хэлээд над руу хүргэлтээр хослол авч байгаа хүний Facebook хаягийг явуулсан. Би тухайн хүн рүү чат бичиж байгаад хүргэлтээр авч байгаа хослолыг Бөмбөгөрийн автобусны буудал дээр хүргэж өгсөн. Надаас хоёр эмэгтэй хүүхэд ирж хувцас авсан. Намайг Бөмбөгөрийн ойролцоо ирж байхад ******* гэх эмэгтэй над руу хүний утсаар залгаад миний утас унтарчихсан байна Бөмбөгөрийн автобусны буудал дээр хүлээж байна гэж хэлсэн. Намайг хослол мөнгө хийсэн эсэхийг асуухад утасны цэнэг дуусчихсан байна. Гэрт хариад хийнэ гэж хэлэх үед нь итгээд яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

“Ашид Билгүүн” ХХК-ийн “Турк улсын биеийн тамирын хослолыг 140.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 62-64 дэх тал)

Яллагдагч А.*******ын “...Би хохирогчийн хохирлын мөнгө 140.000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдол саналгүй болсон.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр: Ж.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 06 дугаар байрны орчим гар утас худалдан авах гэж байгаа мэт хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэртээ орж мөнгөө шилжүүлнэ гэж хохирогч ийн эзэмшлийн “IPhone 11” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-08 дахь тал)

Хохирогч ийн “... Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын хойд талд байрлах 2 давхар гар утас худалдааны газарт хувиараа гар утас худалдаалдаг 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой ******* гэх эмэгтэй миний эзэмшлийн дугаар руу гэсэн дугаараас залгаад гар утас зарж байгаа юу гэсэн тэгэхээр нь зарж байна одоо “IPhone 11” загварын хар өнгийн гар утас байгаа 1.200.000 төгрөгөөр зарна гэсэн чинь Өргөө кино театрын хойд талд байх 06-р байранд хүргэлтээр авъя гэсэн. Тэгээд би тухайн байрны гадна очоод залгасан чинь ******* гэх эмэгтэй гарч ирсэн. Тэгээд миний зарах гэж байгаа утас үзэж байгаад авахаар болоод хүнээс мөнгө орж ирэх ёстой тухайн мөнгө дансанд орж ирэхээр утасныхаа мөнгийг өгий гэж хэлээд байрынхаа гадна надтай хамт мөнгө орж ирэхийг хэсэг хүлээсэн хүлээж байгаад хүүхэд уйлаад байна гэрт орж байгаад мөнгө шилжүүлье гэхээр нь би итгээд яваад өгсөн цаг гаруй хугацааны дараа залгаад мөнгө орж ирээгүй байна гэсэн чинь авсан утсаа өөр хүнд өгөөд явуулчихсан тухайн хүн маань мөнгийг хийнэ одоо мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн.  Тэгээд тухайн эмэгтэйн гэрийн гадна 00 цаг хүртэл хүлээсэн тэгээд дахиж холбогдоод мөнгө яаралтай хийх талаар хэлэхэд утас авсан хүн маань мөнгө хийгээгүй байна хийхээр нь мөнгийг хийнэ гэж худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь надад зааж өгсөн гэр рүү нь яваад ортол тийм хүн байхгүй гэсэн сүүлдээ надтай чат бичиж байсан Face хаягаа солиод алга болсон. Намайг залгахаар худлаа хэлээд мөнгө өгөлгүй алга болсон одоо тухайн эмэгтэйг олж зарсан утсаа олж авмаар байна. Надтай ярьж байсан утас нь холбогдож байгаа ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал)

“Ашид Билгүүн” ХХК-ийн “IPhone 11” загварын гар утсыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 25-27 дахь тал)

Яллагдагч А.*******ын “...Утас авах талаар захиалга өгч байх үед надад мөнгө байхгүй байсан. Тухайн үед хүнээс мөнгө зээлээд болчих байх гэж бодсон боловч надад мөнгө зээлэх хүн олдоогүй. Би өөрөө гар утасгүй байсан учир утастай болох зорилгоор тийм зүйл хийсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.******* нь Facebook цахим хэрэгсэл ашиглаж *******аас 140.000 төгрөгийн үнэ бүхий биеийн тамирын хослолыг, ээс 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone 11” загварын гар утсыг тус тус худалдан авах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******, э нар гомдол саналгүй гэж мэдэгджээ. (хавтаст хэргийн 96, 98 дахь тал) Иймд шүүгдэгч Ж.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож шүүгдэгч Ж.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ