Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00497

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00497

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: ОА-ийн ХХҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-д холбогдох,

“1 700 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.3 дах заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн 2.2-т зааснаар иргэн Г.А-тай байгуулсан “Малчин өрхийг малжуулах” арга хэмжээний №Г/270 гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан 100210037010 тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.  

Иргэн Г.А-д манай байгууллагын зүгээс гэрээний дагуу төлбөрөө барагдуулах тухай шаардлагыг биечлэн уулзах, утсаар ярих, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг хэлбэрээр тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийн хугацааг хүргэсэн болно. Иймд Малчин өрхийг малжуулах гэрээний 5.3 “шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. 

Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г овогтой А миний бие 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдр “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрт хамрагдан 3 800 000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгний тугалтай үнээ 3-ыг буюу 6 тооны мал хөтөлбөр хэрэгжүүлж буй Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй 50 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ хийж авсан. 2 тугал, 1 үнээ байгалийн гамшгийн үхэж хорогдсон, нэг үнээ нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өндөр хүчдэлийн газардуулагч утас ил задгай байсан учраас өндөр хүчдэлийн гүйдэлд цохиулж үхсэн. /3 өдөр бороо орсон/ Зургаар ямар ч мэргэжлийн бус хүн харсан ч гүйдэлд цохиулж өгсөн нь илэрхий байхад “ЭБЦТС” техникийн комиссын акт гаргахдаа цахилгаан гүйдэлд цохиулж үхээгүй гэж өөрийн талд шийдвэр гаргасан. Энэ гаргасан дүгнэлтэнд санал нийлэхгүй байна. Малын эмч Д.Ж дүгнэлт гаргахдаа мал өвчлөөгүй эрүүл байсныг батлан тодорхойлсон. Тиймээс гүйдэлд цохиулж үхсэн үхрийн мөнгийг “ЭБЦТС”-ааас гаргуулах хүсэлтэй байна. Мөн улсын байцаагч А-ийг бодит дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Үлдсэн төлбөрийг үүрэг хүлээсний дагуу эргэн төлөлтийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна” гэжээ.    

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Орхон аймгийн ХХАГ нь Г.А-д холбогдуулан 1 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Г.А нь Орхон аймгийн ХХҮГ-аас 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г/270 дугаартай “Малчин өрхийг малжуулах арга хэмжээний гэрээ” байгуулан 5,0 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч талууд хэн аль нь 3 800 000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, үүнийхээ 50 хувийг 24 сарын хугацаанд буцаан төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлэн, хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сард 1 200 000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сард тус бүр 350 000 төгрөг эргэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Энэ талаар талууд маргаагүй.

            Хариуцагч Г.А нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...3 800 000 төгрөг авсан нь үнэн. Гурван тугалтай үнээ авсан. Тэр нь мал болоогүй. Нэг үнээ, 2 тугал маань байгалийн гамшгийн улмаас үхэж хорогдсон, харин нэг үнээ нь өндөр хүчдэлд цохиулж үхсэн. Одоо надад нэг л үхэр байгаа. Өндөр хүчдэлд цохиулж үхсэн  үхрийнхээ хохирлыг барагдуулах гээд “ЭБЦТС” ТӨХК-д хандахад манайх буруугүй гээд хохирлыг барагдуулж өгөөгүй. Уг нь эднийхээс хохиролоо авсан бол төлчих байсан юм. Надад ямар ч үр шимээ өгөөгүй учир би төлөхгүй... гэсэн тайлбар гаргасан.

            Г.А-ийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байна.

            Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Гэрээгээр талууд зээлсэн мөнгөнийхөө 50 хувь буюу 1 900 000 төгрөгийг хүүгүйгээр 2 жилийн хугацаанд графикийн дагуу зээлдүүлэгчид буцаан төлөхөөр тохирсон байх ба, энэ мөнгөний 200 000 төгрөгийг буцаан төлсөн гэдэг дээр талууд маргаагүй.

            Иймд хариуцагч Г.А-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 болон “Малчин өрхийг малжуулах арга хэмжээний гэрээ”-нд заасны дагуу 1 700 000 төгрөг гаргуулан Орхон аймгийн ХХҮГ-т /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон төрийн сангийн 100210037010 тоот дансанд/ олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 42 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А-аас 1 700 000 төгрөг гаргуулан ОА-ийн ХХҮГ-т /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон төрийн сангийн 100210037010 тоот дансанд/ олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Г.А-аас улсын тэмдэгтийн хураамжаар 42 150 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА