Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/368

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч ,

шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 22030038380142 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматур цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* гудамжны ******* оршин суух хаягтай, урьд нь;

-2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10******* зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-2011 оны ******* сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийг 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22******* зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 05 жил 06 сар 25 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 жил 06 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн, /РД:СЕ*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн уулзварт “Toyota Prius” маркийн ******* УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-(а), мөн дүрмийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч хохирогч г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ “Тухайн хэрэг гарсан өдөр 15 цаг өнгөрч байхад гараад Модны хоёрын замаар доошоо уруудаж ааг авах гээд явж байсан юм. Тэгээд 25 дугаар эмийн сангийн автобусны буудал өнгөрч улаан гэрэл ассан байх үед нэг машин хойноос сүлжиж миний машины урдуур өнгөрөөд явсан. Тухайн машиныг өнгөрөхөөр нь зайгаа шахахад нэг хүн толь шүргэсэн. Тэгээд машинаа араар нь тойрч тавиад юу болсон бэ гэж хохирогчид хэлэхэд өөдөөс мэдэхгүй, юу болсон бэ гээд сууж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, түргэн ирж хохирогчийг үзсэн. Түргэний эмч хохирогч ахыг арагшаа суухдаа нурууны мах чангарсан байна, бид нар авч явах шаардлагагүй юм байна, нурууг нь бариад өг гээд үлдээгээд явсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирээл хэмжилт хийж, энэ хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. 19 цаг юм уу 20 цагийн үед гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд цууралт, хугаралт байхгүй байна гэсэн. Тэгээд би өөрийн ажилладаг автомашин угаалгын газраар машинаа угаалгадаг эгч рүү залгаж би хүн шүргэчихлээ, та үзээд өгөөч гэж хэлэхэд эгч нь хаасан байна, би томографи зураг авдаг эмчийг явуулъя гэсэн. Тэгээд хүлээж байгаад 21 цаг болж байхад зураг авхуулсан. Тэгээд маргааш хариу нь гарна гэж хэлсэн бөгөөд би хохирогчид эмийн сангаас эмч авч өгөөд салсан. Яагаад алга болсон бэ гэхээр би жолооны үнэмлэхгүй байсан учраас айсан. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр суллагдаж гарсан. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажлыг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж уулзахад эндээ хийх юм уу, Хэнтий аймагт хийх юм уу гэж асуухаар нь би нутагтаа хийе гэж хэлсэн. Тэгээд нутаг руу чинь явуулчихлаа гэж дуудсан. Аймгийн шийдвэр гүйцэтгэгч над руу залгаад цаг байхгүй, алга болсон, прокурор дээр ирээрэй гэсэн. Яасан бэ гэж асуухад хэлсэн цагаасаа хоцорсон, хорих ялаар солилоо гэсэн. Тэгээд ажлаа зохицуулаад буцаж очъё гэж бодож байсан юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би Тагнуулын байгууллагын 100 жилийн ой болж очиж дурсгалын зүйлээ аваад явж байсан юм. Тэгээд 25 дугаар эмийн сангийн уулзвараар гарах гэсэн чинь ногоон гэрлээр явган хүний гарц дээр автобус ирээд хаагаад зогссон учраас автобусны араар тойрч гарсан. Хоёр жижиг машин байсан, ногоон гэрэл ассан, дөрөвдүгээр эгнээнд машин харагдахгүй байсан. Тэгэхээр нь би машины хойгуур тойроход гэнэт хажуугаас ирээд машин мөргөсөн. Би зүүн гар талдаа Тагнуулын байгууллагын 100 жилийн ойгоор өгсөн бэлэг, дурсгалын зузаан хоёр боть том альбом, жааз байсан тэрийг мөргөсөн байсан. Тэр үед хоёр хавтастай боть номоо барьсан байсан учраас намайг хамгаалж хөл хугараагүй байх. Намайг мөргөхөд би хойшоо бөгсөөрөө суусан. Миний биеийн байдлын хувьд сар хагас хэвтрийн байдалтай, нэлээн эмчилгээ хийлгэсэн. Өдрийн 25,000 төгрөгөөр хоёрдугаар эмнэлэгт 20 хоног эмчилгээ хийлгэж аппаратанд орсон. Дараа нь сувилалд хоёр удаа хэвтсэн. Одоо хүнд зүйл өргөж болохгүй, удаан явж болохгүй байгаа. Удаан явахаар нуруу өвдөөд байдаг. Би спортоор хичээллэдэг эрүүл мэндийн хувьд эрүүл байсан. Энэ осолд орсноос болж үе мөч, толгой өвддөг болсон. 7 дугаар сараас хойш сар болгон даралтын эм ууж байгаа. Эрүүл мэндийн хөнгөлөлттэй боловч 30,000 төгрөгөө эм авч ууж байна. Хэчнээн сар жил уухаа мэдэхгүй, цаг агаарын өөрчлөлтийн үед нуруу өвдөж, тархи толгой өвддөг болсон. Би хөдөлгөөн сайн хийдэг учраас биеэ гайгүй болох гэж хичээж  байна. Эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйгээрээ хохирсон. Би хөл бөмбөгийн спортын мастер хүн. Тоглож нааддаг хамт олонтой байсан, хамт олон найзуудаасаа хөндийрч байгаа. Би энэ залууд гомдож байна. Ийм асуудал гаргачхаад яагаад хүний төлөө сэтгэл гаргаж болоогүй вэ. Эдийн засгийн байдлаар хохирол барагдуулах хүсэлттэй байна. Нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд 2 дугаар эмнэлэгт өдрийн 25.000 төгрөгөөр 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Нурууны бүс 80.000 төгрөгөөр авсан, толгойны эм, тариа, барагшун зэрэг эм авсан. Даанч баримтыг нь цуглуулж чадаагүй. 30.000 төгрөгөөр 10 гаруй сар эм авч байгаа. Цаашид хэчнээн жил тухайн эмийг авахаа мэдэхгүй байна. Тэгэхээр би 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. ” гэв.

Хоёр: Эрүүгийн 22030038380142  дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16, 21-22 дахь тал),

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-26 дахь тал),

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч д 1 /Б.Мягмар/,2 /Ж.Будсүрэн/,3 /Ц.Хатанбаатар/,4 /Ц.*******/ гэсэн дугаартай эрэгтэй хүний цээж зургийг харуулан таниулахад 4 дугаартай буюу Ц.*******ын зургийг жолооч мөн байна гэж заах бөгөөд зургийн байрлалыг солин 1 /Ц.*******/, 2 /Ж.Будсүрэн/, 3 /Б.Мягмар/, 4 /Ц.Хатанбаатар/ гэж байрлуулан хохирогчоор дахин заалгахад 1 дугаартай байх Ц.*******ын зургийг дахин зааж байв.” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 168-170 дахь тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Тагнуулын Ерөнхий газар орж ахмадын хорооны хүмүүстэй уулзаад дурсгалын зүйл аваад ажлын хүмүүстэйгээ уулзахаар 25 дугаар эмийн сангийн уулзварт ирээд явган хүний гэрэл дохио асахаар нь хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зорчих хэсэг рүү орох гэтэл  автобус зүүн талаас ирээд явган хүний гарц дээр хөндлөн зогсохоор нь араар нь тойроод гараад зогсож байсан автомашинуудын дундуур яваад 4 дүгээр эгнээ рүү ороод гарч дуусаж байтал зүүн талаас хурдтай машин ирээд миний зүүн гар талын дунд чөмөг рүү мөргөсөн. Би мөргүүлээд бөгсөөрөө газарт суусан. Машин зогсоод жолооч нь бууж ирээд яана гээд уучлаарай гээд байхаар нь би яаж байна гэхэд машины араас ирээд тойроод гарахдаа намайг мөргөсөн гэж хэлсэн. Цагдаад, түргэнд жолооч дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд гэмтэлд очиж үзүүлээрэй одоогоор мэдэгдэх зүйлгүй байна гээд явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Гэмтэл рүү жолоочтой хамт очоод зураг авхуулахад рентгенээр гайгүй гэж байсан боловч томографи авхуулахад цуурсан байж магадгүй гэж байсан. Тэгээд гэртээ харьсан. Жолооч залуу зургийн мөнгө гэж 140.000 төгрөг төлсөн. Маргааш өглөө нь тухайн жолооч руу утасдсан бөгөөд дахиж яриагүй. Түүнээс хойш огт холбогдоогүй болсон. Замын цагдаа дээр очих гэж байна гээд алга болсон. Осол гарах үед би ганцаараа явж байсан, нөгөө залуу машиндаа ганцаараа явж байсан. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Одоогоор өгсөн зүйлгүй байна. Эмч зөндөө эм бичиж өгсөн бөгөөд эм тарианы мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Гомдолтой байна. Одоогоор бүрэн тооцоо гараагүй байна, гаргаж өгнө. Би явган хүний ногоон гэрлээр явж байсан бөгөөд тэр машин үргэлжилсэн шугамтай газар эгнээ сольсон байсан.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ы иргэний хариуцагчаар өгсөн: “Би зам тээврийн осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. “Toyota Prius” маркийн ******* УЕВ дугаарын автомашиныг GSB капитал ББСБ-аас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж худалдан авсан. Тухайн автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авсан. 3 жилийн 36 сарын хугацаатай авсан юм. Тэр өдөр автомашин жолоодож явсан *******гийн *******тай би 40 хоногийн өмнө фейсбүүкээр танилцсан. Танилцсанаас хойш уулзаж ярилцдаг байсан бөгөөд тухайн өдөр надаас машинаа өгөөч юманд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн юм. Надаас машиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг “Sunday Plaza” хоёроос ирж аваад явсан. Ирэхдээ ганцаараа явсан. Орой 18:30 цагт авч ирнэ гэж байсан юм. Орой ирэх цаг нь болчихоор нь залгаад байтал утсаа авахгүй байснаа нэг аваад хүн шүргэсэн талаар хэлсэн. Би гэр нь хаана байдгийг нь мэдэхгүй, Хэнтий аймгийнх, *******гийн ******* гэсэн. Угаалгын газарт ажилладаг гэж хэлж байсан. 25 дугаар эмийн сангийн хавьд гэж байсан, очиж үзээгүй. Гэр бүл, ах дүүг нь сайн мэдэхгүй. 1988 онд төрсөн гэж байсан. Гэрт нь очиж байгаагүй. Хотод тогтсон гэргүй, ахынхаа гэрт амьдардаг гэж байсан. Би сайн мэдэхгүй байна. Одоо огт утсаа авахгүй байна. Жолоочийн үнэмлэхтэй эсэхийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ы иргэний хариуцагчаар дахин өгсөн: “Би машинаа авсан байгаа. Одоо надад *******т ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 204 дэх тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9825 дугаартай гийн биед бүсэлхийн 3-р нугалмын хугарал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал),

10. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10084742 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал),

11.  2023 оны ******* сарын 28-ны өдрийн 348 дугаартай мөрдөгчийн “...Жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” болон “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 172-173 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн осол болсон өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тухайн үед хамтран амьдарч байсан ы эзэмшлийн “Toyota Prius” 30 маркийн ******* УЕВ улсын дугаартай машиныг жолоодоод ааг ажлаас нь авах гээд 17 цаг өнгөрч байхад 25-р эмийн сангийн уулзвар орох гээд зүүнээс баруун зүгт чиглэн замын 3-р эгнээнд явж байсан зам түгжрэлтэй байсан уулзвар дээр ирээд улаан гэрэл дохио дээр замын зогс шугамаас 2 машины хойно байсан. Тэгтэл намайг зогсож байтал урдуур цаасан ууттай юм барьсан эрэгтэй хүн өнгөрсөн тэр хүнийг өнгөрсний дараа урд машин зайгаа шахаад урагш болсон тэгэхээр би дагаж зайгаа шахтал миний жолоочийн эсрэг талын толь гэнэт эвхэгдэхээр нь би толио буцаагаад дэлгээд харахад газарт хашлага дээр машины хажууд нэг хүн сууж байсан. Тэгээд би машинаа зогсоолын горимд нь шилжүүлээд бууж очоод нөгөө хүн дээр очиход эрэгтэй настай хүн сууж байсан. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад тэр хүн мэдэхгүй юу болчхов гээд надаас асууж байсан. Тэгээд би яах уу ахаа гэж асуугаад тухайн үедээ машиныхаа толиор тэр хүнийг цохиод унагаачихлаа гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ардаас нь 103-т дуудлага өгсөн ба тухайн үед өөрийнхөө барьж байсан 85010441 дугаараас дуудлага өгсөн. Тэгээд дуудлага өгчхөөд байж байтал замын цагдаагийн бүрэлдэхүүн, түргэн 2 цуг ирээд нөгөө хүний биед үзлэг хийсэн тэгэхэд тэр хүн нуруу  өвдөж байна гэж байсан. Тэгээд түргэний эмч үзчихээд нурууны булчин нь чангарсан байна гараараа массажлаад үзээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд цагдаа нар үзлэг хэмжилт хийчхээд бүртгэж авсан. Цагдаа бүртгэхэд нь би жолооны эрхгүй байсан болохоор төрсөн дүү Хатанбаатарын регистрийн дугаар нэрийг нь хэлж бүртгүүлсэн юм. Тэгээд цагдаа нар нөгөө ахыг ГССҮТ-д очиж үзүүлчхээд маргааш ирээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би тэр хүнтэй цуг ГССҮТ-д очиж үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл ясны гэмтэлгүй байна гэж хэлж байсан тэгэхээр нь би дараа нь бас гэмтэл гарч ирж магадгүй гэж бодоод гэмтлийн эмнэлгийн хажуу талд байдаг хувийн эмнэлэгт танил хүнээ гуйж байгаад бүтэн биеийн томографи авхуулахад маргааш хариу нь гарна гэсэн тэгээд би маргааш нь тэр хүнтэй ч уулзаагүй цагдаатай ч уулзаагүй тэр чигтээ явчихсан юм. Би осол болсны дараа нөгөө хүний хохирлыг барагдуулж мөнгө олох зорилгоор хөдөө Төв аймгийн Мөнгөн морьт, Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа руу самарт явсан. Тэгээд хөдөө орон нутгаар явж байгаад сар гаруйн өмнө Улаанбаатар хотод ирсэн тэгээд гэртээ байж байхад цагдаа нар ирж барьсан юм. Тухайн үед би уулзвар дээр машинд зориулсан улаан гэрэл дохион дээр зогсож байсан. Тэгээд явган хүнд зориулсан гэрэл дохио ногоон ассан байсан эсэхийг бол анзаарч хараагүй юм. Би тухайн үед тэр хүнийг замын хойд талаас урд хэсэг рүү машинуудын голоор сүлжээд гарч ирэхийг нь харсан тэгээд миний машины урдуур өнгөрсөн. Тэгээд би урд машин зай шахахаар нь дагаж зайгаа шахтал жолоочийн эсрэг талын урд толиор мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дахь тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 193 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал) шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 127-146 дахь тал), өмнөх ял шийтгэлтэй холбоотой баримтууд (хавтаст хэргийн 206, 219-220 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7.(а)-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “GSB капитал” ББСБ-ын өмчлөлтэй, Г.ы эзэмшилд байсан “Toyota Prius” маркийн ******* УЕВ дугаарын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож 17 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн уулзварын замаар явж байхдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч  байсан явган зорчигч хохирогч г мөргөсөн үйл баримт авагджээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч гийн эрүүл мэндэд бүсэлхийн 3-р нугалмын хугарал, хоёр өгзөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16, 21-22 дахь тал), Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-26 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 168-170 дахь тал), гийн хохирогчоор өгсөн: “Би...25 дугаар эмийн сангийн уулзварт ирээд явган хүний гэрэл дохио асахаар нь хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зорчих хэсэг рүү орох гэтэл автобус зүүн талаас ирээд явган хүний гарц дээр хөндлөн зогсохоор нь араар нь тойроод гараад зогсож байсан автомашинуудын дундуур яваад 4 дүгээр эгнээ рүү ороод гарч дуусаж байтал зүүн талаас хурдтай машин ирээд миний зүүн гар талын дунд чөмөг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), Г.ы иргэний хариуцагчаар өгсөн: “Toyota Prius” маркийн ******* УЕВ дугаарын автомашиныг GSB капитал ББСБ-аас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж худалдан авсан...*******гийн *******тай би 40 хоногийн өмнө фейсбүүкээр танилцсан. Танилцсанаас хойш уулзаж ярилцдаг байсан бөгөөд тухайн өдөр надаас машинаа өгөөч юманд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9825 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10084742 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-77 дахь тал), 2023 оны ******* сарын 28-ны өдрийн 348 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 172-173 дахь тал), Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тэгтэл намайг зогсож байтал урдуур цаасан ууттай юм барьсан эрэгтэй хүн өнгөрсөн тэр хүнийг өнгөрсний дараа урд машин зайгаа шахаад урагш болсон тэгэхээр би дагаж зайгаа шахтал миний жолоочийн эсрэг талын толь гэнэт эвхэгдэхээр нь би толио буцаагаад дэлгээд харахад газарт хашлага дээр машины хажууд нэг хүн сууж байсан...Тэгээд би яах уу ахаа гэж асуугаад тухайн үедээ машиныхаа толиор тэр хүнийг цохиод унагаачихлаа гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд явган хүнд зориулсан гэрэл дохио ногоон ассан байсан эсэхийг бол анзаарч хараагүй юм. Би тухайн үед тэр хүнийг замын хойд талаас урд хэсэг рүү машинуудын голоор сүлжээд гарч ирэхийг нь харсан тэгээд миний машины урдуур өнгөрсөн. Тэгээд би урд машин зай шахахаар нь дагаж зайгаа шахтал жолоочийн эсрэг талын урд толиор мөргөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож г мөргөсний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Ц.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй  хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч гийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгч Ц.*******аас “эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн болон эдийн засгийн зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй учир шүүх хэлэлцэхгүй орхив.  

Иймд хохирогч нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн нэг хоногийн хорих ялаар тооцож 62 хоног буюу 02 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 сар 02 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой оршин суух хаягтай зэргийг харгалзан шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 207-218 дахь тал)

Ц.******* нь шүүхээс оногдуулсан хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эдэлж дуусан суллагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байна. (хавтаст хэргийн 171, 219 дэх тал)

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг....гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилжээ.

Тодруулбал Ц.*******т өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэрэг нь  цаг хугацааны болоод хэргийн зүйлчлэлийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарна. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг....гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зохицуулсан нь энэ төрлийн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэгдэхгүй гэж ойлгоно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтийг шүүх  хүлээн аваагүй болно.

Харин шүүгдэгч Ц.******* нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /500:8/=62 хоног буюу хоёр сар хоёр хоногийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоов.

Ц.******* нь үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Ц.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчлагдсан. 

Иймд шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.

Хэрэгт шүүгдэгч Ц.******* нь 2023 оны ******* сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 105 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр цагдан хоригдсон байна. (хавтаст хэргийн 195-196 дахь тал)

Түүний цагдан хоригдсон 38 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******гийн *******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн”  гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******т энэ тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /500:8/=62 хоног буюу 02 /хоёр/ сар /02/ хоёр хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Ц.*******т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.*******ын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хохирогч холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ