| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0359/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/378 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Г.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305004110762 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1979 оны 8 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д уул уурхайн инженерээр ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* хороо, *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:СФ79083015/, ******* овогт *******ын *******.
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын 207 тоот өрөөнд бусадтай маргалдах явцдаа хохирогч *******ийн эрх чөлөөнд нь халдаж, толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Нэг: Г.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын 207 тоот өрөөнд бусадтай маргалдах явцдаа хохирогч *******ийн толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал),
Хохирогч *******ийн “...миний биед тогтоогдсон хоёр талын ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтлүүдийг оюутан байхдаа авч байсан хуучин гэмтлүүд бөгөөд зулайд няцрал шарх гэмтлийг ******* гэгч нь миний толгой зулай хэсэг рүү ууж байсан пивоны шилээр нэг удаа цохиж учруулсан. Өөр ямар нэгэн байдлаар намайг цохиж зодсон асуудалгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-13 дахь тал),
Хохирогч *******ийн “...миний нүүрэнд ямар ч хавдалт хөхрөлт байхгүй. Зөвхөн зулайд 1 удаа шарх үүссэн байсан хэрвээ би тухайн үед хамартаа гэмтэл авсан бол нүүр аманд хаван хавдар үүснэ шүү дээ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн, томографи 385,000 төгрөгөөр хийлгэсэн гэхдээ энэ мөнгөн дүнг *******аас нэхэмжлэхгүй...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Гэрч ын “...миний бие 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед найз Сүрлэгийн дуудсанаар Модны хоёрт байрлах нэрийг нь мэдэхгүй биллиардад очсон. Сүрлэг нь тэр үед танил ах , *******, , нарын хамтаар байсан...би ороод 2 шил пиво уусан, тэд нар 2 шил Финланд нэртэй архи уусан байсан...******* урдаа байсан пивоны шил аваад чи муу зүгээр байгаарай гээд Сүрлэгийн зулай хэсэг рүү 1 удаа цохисон. Сүрлэгийн толгойноос цус гарахад ах *******ыг салгаад холдуулсан. ах ******* гурав гараад явсан. Би түргэн дуудсан. Сүрлэг өөрөө цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
Гэрч Э.ын “...2023 оны 1 дүгээр сарын 01-ний оройн 20 цагийн үед компанийн захирал болон түүний хоёр танилууд болох Сүрлэг арвис гэх хүмүүсийн хамт Модны хоёрт байрлах биллиардын газарт орцгоосон...тоглож дуусаад такси бариад хооронд ярилцъя гээд Модны хоёрын нэртэй зочид буудлын 207 тоот нэг өрөөнд орж, пиво болон цагаан архи ууцгаасан...тэгтэл ******* болон Сүрлэг гэх залуучууд нь хоорондоо үл ойлголцоход ******* нь Сүрлэгийн толгойн тус газарт нь ууж байсан “Heineken” нэртэй пивоны шилээр нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1177 дугаартай “*******ийн биед хоёр талын ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зулайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Яллагдагч Г.*******ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө /цагийг нь сайн санахгүй байна/ Модны хоёрын “” нэртэй зочид буудлын 2 давхарт танил дүү Сүрлэг, Сүрлэгийн найз гэж үл таних залуугийн хамт 5-уулаа пиво ууж байсан. Ингээд уугаад халчихсан хүмүүс хоорондоо бага зэрэг маргаан үүсгээд Сүрлэгийн толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохисон, тэгэхэд Сүрлэгийн толгойноос цус гараад, би зочид буудлаас гараад явсан. Би *******ийн зулайд 1 удаа пивоны шилээр цохиж гэмтээсэн, харин хоёр талын ухархай дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг нь надад хамаагүй, ******* нь хэд хоногийн өмнө нь гэмтэж байсан асуудал байх, надад хамааралгүй, харин би бол ганцхан зулайн няцарсан шарх гэмтлийг үүсгэсэн. Шинжээчийн мэдүүлэгт тусгасан зулайн няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг ойлголоо...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.******* нь согтуугаар хохирогч *******ийн толгой руу пивоны шилээр цохиж зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 69 дэх тал)-д гаргажээ. Иймд шүүгдэгч Г.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож шүүгдэгч Г.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ