Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00461

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2019/00461

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: ОА-ийн ХХҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.У-д холбогдох,

“280 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Я.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” хөтөлбөрийн 3.3-т зааснаар иргэн Я.У-тай байгуулсан “Санхүүгийн дэмжлэг олгох” Г/203 гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжлэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 280 000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан 100210037010 тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.

Иргэн Я.У-т манай байгууллагын зүгээс гэрээний дагуу төлбөрөө барагдуулах тухай шаардлагыг биечлэн уулзах, утсаар ярих, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг хэлбэрээр тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийн хугацааг хүргэсэн болно. Иймд Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 5.3 “шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Манай байгууллага Оюунаас шаардах эрхгүй. Энэ зээлийг Я.У аваад хэнд өгснийг бид мэдэхгүй. Бид хэн нэгнийг хохироох гэсэн юм байхгүй... гэжээ.

Хариуцагч Я.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Я.У нь энэ шүүхэд өгсөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас мөнгө аваагүй. Би нэг оёдлын цехэд ажиллаж байсан чинь тэр цехийн дарга Оюун гэдэг хүн өөр тоног төхөөрөмж авна гээд яриад байсан. Дараа нь миний үнэмлэхээр миний нэрээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээнд өгч мөнгө авсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Хөдөлмөр халамжийн хүмүүс мэднэ. Би хөдөлмөр халамжийн дуудсан цагт очиж 3 удаа өргөдөл өгсөн. Тайлбараа амаараа үгээр зөндөө ярьсан. Хөдөлмөр халамжийн ажилчид Оюун гэдэг хүний оёдлын цехээс оёсон бүтээгдэхүүнээс 280 000 төгрөгөнд тааруулж оёсон хувцсыг аваад явсан гэсэн. Би хөдөлмөр халамжид мөнгө өгөх шаардлага хангахгүй, оёдлын машин ч байхгүй хүнд мөнгө өгдөггүй биз дээ. Хөдөлмөр халамжийн хүмүүс өөрсдөө сайн мэдэж байгаа. Хэнд өгснөө мэдэж байгаа. Яагаад ингээд надаас нэхэмжлээд байгааг мэдэхгүй байна. Би 280 000 төгрөг өгч чадахгүй. Би аваагүй болохоор 280 000 төгрөг өгч чадахгүй...” гэжээ. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Орхон аймгийн ХХҮГ нь Я.У-т холбогдуулан 280 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Хариуцагч Я.У нь, Орхон аймгийн ХХҮГ-аас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г/203 дугаартай Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан  1 000 000 төгрөгийг авч, үүнийгхээ 50 хувийг 18 сарын хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

            Я.У нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...уг зээлийг би аваагүй, Оюун гэдэг хүн авсан. Миний нэр дээр зээл гаргаж авсан. Оюунд өөрт нь компани гээд зээл өгөөгүй юм билээ, тэгээд миний нэр зээл авья, зээлээ өөрөө төлнө гэхээр нь би гэрээнд гарын үсэг зурсан. Миний дансанд мөнгө нь орж ирсэн, би аваад Оюунд өгсөн.  ХХҮГ-ынхан мэдэж байгаа... гэж тайлбарласан.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэжээ.

            Хариуцагч Я.У нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсны үндсэн дээр түүнтэй Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулж 1 000 000 төгрөг түүний дансанд орсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэжээ.

            Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулагдсанаар Я.У-т үүрэг үүссэн, харин Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шаардах эрх үүссэн байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

Гэрээгээр талууд зээлсэн мөнгөнийхөө 50 хувь буюу 500 000 төгрөгийг хүүгүйгээр 2 жилийн хугацаанд графикийн дагуу зээлдүүлэгчид буцаан төлөхөөр тохирсон байх ба, энэ мөнгөний 220 000 төгрөгийг буцаан төлсөн гэдэг дээр талууд маргаагүй.

            Иймд хариуцагч Я.У-аас 280 000 төгрөг гаргуулан Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон төрийн сангийн 100210037010 тоот дансанд/ олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 9 050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Я.У-аас 280 000 төгрөг гаргуулан ОА-ийн ХХҮГ-т /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон төрийн сангийн 100210037010 тоот дансанд/ олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Я.У-аас улсын тэмдэгтийн хураамж 9 050 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА