Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/249

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч-хохирогч Б., түүний өмгөөлөгч Б.Батзаяа,

шүүгдэгч-хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт Бажуунын *******, овогт ийн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000175 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 1******* сарын 31-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 7 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамжны 1б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ДЭ*******/, ******* овогт ******* *******. 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 23-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын их сургууль, Идэр их сургууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд  цагийн багш ажилтай, Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Зүүн баян уул ******* гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0******* хороо, ******* гудамжны тоотод оршин суудаг,

урьд нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, /РД:ЧД/, овогт ийн .

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б., Б.******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 30 минут орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Энэ хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө ажил руугаа явж байхад болсон. Би урлан руугаа бараа татах гээд мөнгөтэй явж байсан. Таван шарын автобусанд суугаад тус автобусны буудал дээр буух гэсэн чинь урд хүн зогсож байгаад намайг налахаар нь би цааш түлхсэн. Эргээд харахад зогсож байсан. Хүүе би байна гэхэд чамайг таниад яадаг юм гээд намайг элэгдээд авсан. Тэгэхээр нь би хойшоо болоод бээлийтэй гараараа мангасдаад буусан. Тэгээд түц рүү явж байхад араас куртикний малгайгаар бүтээгээд цохисон. Би юу болов гээд эргээд хартал зогсож байсан. Тэгээд бид хоёр барьцалдсан. Намайг чи муу яасан даварсан юм бэ алнаа гэхэд би айсан. Би их хэмжээний буюу бэлнээр 700.000 төгрөгтэй явж байсан болохоор энэ яг намайг алахаар шийдсэн байна гэж бодоод айсан.  Би дуудлага өгч, цагдаа дуудсан. Айгаад хэнийг дуудах вэ гэж бодоод хүргэн Ганаа ах руу залгасан. Хадам ах ирэхэд намайг зодохоо больсон. Ах ирээд бид хоёрыг алгадаад олон нийтийн газар зодолдохоосоо ичихгүй байна уу гэсэн. Би Ганаа ахад цагдаа дуудаад 30-40 минут боллоо ирэхгүй байна гэхэд тэгвэл цагдаа дээр чинь хүргээд өгье гэсэн. Цагдаа дээр очиход цагдаа та хоёр базууд юм байна. Маргалдаад яахав дээ 100.000 төгрөгөөр торгуулаад салаач гэхэд тийм юм байхгүй шоронд нь хатаана. Шүүх эмнэлэгт үзүүлнэ гэсэн. Тэгээд би бас шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дараагийн удаа манай хүүхдүүдийг зодох юм байна. Гомдолтой байна. Энэ хүн хуульч хүн, би хууль мэдэхгүй. Тэгээд өмгөөлөгч аваад явж байна. Хохирогч Б.тэй эвлэрэхэд бэлэн байна.” гэв.

Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би *******ыг худлаа яриад байдагт гайхаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. 08 цаг 30 минут хавьцаа *******тай автобусанд тааралдсан. Хойно сууж байсныг нь би мэдээгүй. Хажуугаар ******* явахдаа намайг түлхсэн. Тэгээд шууд шанаадсан. Тэгээд намайг чирээд автобуснаас буулгаад боосон. Тухайн үед боолтод ороод юу болсноо сайн санахгүй байсан. Тэгээд боолтыг нь тавиулах гээд би хурууг нь хазсан. Би биш энэ хүн намайг заналхийлдэг. Энэ хүн манай эхнэрийн ах дүү нартай ойр байдаг, дандаа худлаа ярьдаг. ******* дандаа худлаа ярина. Би эдний үр хүүхдүүдийг заналхийлсэн зүйл байхгүй. Энэ хоёр өөрсдөө намайг заналхийлээд байгаа. Тухайн үед тэнд байсан хүмүүс асуусан. Яагаад энэ хүнийг цохиод байгаа юм бэ гэхэд энэ хүн надад өртэй гэсэн. Би чамд ямар ч өргүй, хувийн өс хонзонгийн сэдэл байхгүй. Тэр үед Гансүх ирээд бид хоёрыг алгадаагүй шууд над руу дайрсан. Чи яагаад манайд орж ирдэггүй юм, яагаад цагаан сараар орж ирж золгодоггүй юм гэж дайраад шанаадсан. Би ч *******тай эвлэрэхэд бэлэн байна” гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Б.гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэв.

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2305000000175 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаах гомдол мэдээлэл “Б.*******аас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал орчим бусдад зодуулсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн хохирогчоор өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Нарангийн голын 14 номерын автобусанд суусан. Тэгээд явж байсан таван шарын буудал дөхөж байхад манай эхнэрийн дүүгийн нөхөр болох ******* миний хажуугаар зөрөхдөө түлхээд гарсан. Тэгээд би ******* руу харсан чинь ******* чи намайг танихгүй байна уу пизда чинь гэж хэлэхээр би дугараагүй юм. Тэгсэн ******* миний зүүн шанаа руу цохисон тэр мөчид автобусны хаалга онгойход ******* миний зүүн ханцуйнаас чирч татаад буулгасан. Тэгээд миний хоолойг боогоод түц рүү чирсэн. Намайг түц мөргүүлээд хоолойг бооход би манарсан. Тэгтэл автобусны буудал дээр байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд тэр хүмүүс чи яагаад энэ хүнийг зодоод байгаа юм бэ гэж *******аас асуусан чинь ******* энэ хүн надад өртэй юм, олдохгүй байж байгаад өнөөдөр оллоо би энэ хүнийг эрэн сурвалжлуулж байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө хүмүүс нь бид хоёрыг орхиод явсан. Тэгээд намайг ахиж боогоод миний шанаа хэсэг рүү дахин дахин цохиод байсан тэгээд ах болох Гансүх ирсэн яаж мэдэж ирснийг би мэдэхгүй. Гансүх ирээд үгийн зөрөөгүй намайг цохисон тэгэхээр би тэд нараас холдож зугтаахыг оролдож холдож зогсоод 102 дуудсан. Удалгүй ******* миний куртикний хойноос чирч боож унагаад өшиглөх гэхээр нь боссон. Тэгсэн Гансүх  машинд суу пизда минь гэхээр нь би машинд суугаад явсан. Тэгээд таван шарын автобусны буудал өнгөрөөд гэрлэн тохион дээр явж байхад цагдаа залгаад хаана байна гэхээр нь би таван шарын гэрлэн дохионы хажууд явж байхдаа машинаас буугаад цагдаа дээр очсон. Тэгээд цагдаа нар бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би анх хойно сууж байхыг нь мэдээгүй байсан юм. Гэнэт миний хажуугаар нэг үл таних масктай залуу гарахдаа хүчтэй түлхсэн тэгэхээр нь би олон нийтийн газар аятайхан яваач гэж хэлсэн чинь тухайн үл таних залуу маскаа доошлуулаад чи намайг танихгүй байна уу гэж хэлэхээр нь би *******ыг гэж таньсан. Тэнд байсан хүмүүс цагдаа дуудаагүй би өөрөө тэднээс холдоод цагдаа дуудсан. Цагдаа руу залгахад таны дуудлага давхацсан байна гэж хэлж байсан. Хувийн ямар нэгэн өс хонзон байхгүй өмнө ******* агсам тавиад байхаар ******* руу аяга шидсэн тэгсэн андуураад эхнэрийнх нь хамар руу оносон. Тухайн асуудлаас болж өс санаж явдаг байх гэж ойлгож байна өөр ямар нэгэн асуудал миний хувьд бол байхгүй. *******ын чигчий хурууг хазсан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед би манарсан байсан болохоор мэдэхгүй байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөг болсон байгаа гүйцэт эмчилгээ хийлгээд баримтаа өгч мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. Би 8 жил гаруй хугацаанд дарамтлуулж айдастай явлаа. Сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын хохирогчоор дахин өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд гэрээсээ яараад гарсан. Тэгээд автобусанд суугаад хамгийн ард талын суудал дээр сууж явсан. Нэг мэдсэн таван шарын автобусны буудал дээр ирж байхаар нь би буух гээд нэг үл таних залуу хөндөлсөөд байсан. Тэгсэн миний урд явсан залуу тухайн залууг гараараа түлхээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэсэн чинь тухайн үл таних залуу нуруугаараа шүргэсэн.  Би гайхаад эргээд харсан чинь манай баз байхаар нь намайг масктай учраас танихгүй байна гэж бодоод маскаа аваад чи намайг танихгүй байна уу гэсэн чинь чамайг таниад яадаг юм гэж хэлээд миний элэг рүү нэг цохисон. Тэгэхээр нь би г мангасдаж холдуулаад автобуснаас буусан. Тэгтэл араас бууж ирээд миний малгайг толгой дээгүүр бүтээгээд намайг цохихоор нь эргээд хартал байсан. Тэгээд миний зүүн гарыг татаад чигчий хурууг хазсан.  Тухайн үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь намайг Түц-ны хажуу талаар намайг мөргүүлсэн. Тэгтэл Түц-нээс нэг үл таних хүүхэд гарч ирээд бид хоёрыг салгасан. Миний гараас цус гараад байсан болохоор нь нэг эгч хараад надад гар боох нойтон салпедка өгөхөөр нь би гараа ороогоод цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн миний утсыг авах гээд байхаар нь би утасныхаа чанга яригч дээр тавиад цагдаа дуудсан. ахиад над руу дайрч намайг Түц-ны хажуу талд боосон тэгээд миний зүүн нүд рүү цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр зодоон болсон. Автобуснаас хоёр хүн бууж ирээд нэг нэг нэгнээ заамдаад зогсож байсан би тэр хоёрыг автобусан дотор хоорондоо муудсан байх гэж бодож байна. Би тухайн үед анзаараагүй түц-дээ сууж байсан. Тэгсэн манай түц чанга доргисон тэгэхээр би гараад очиж харсан үсээ хажуу тал руугаа болгож самнасан хар куртиктэй 170 орчим см өндөртэй савхин бээлий өмссөн ах нь үл таних 165 см орчим өндөртэй намхан саарал куртиктэй чихтэй малгайтай ахыг заамдаад куртикнээс нь боосон байдалтай манай Түц рүү шахцан зогсож байхаар нь би болиулсан. Тэгээд хэл амаараа учраа олчих гэж хэлсэн чинь тэр хоёр ах хоёр биеэ заамдалцаад хоёулаа салахгүй байхаар нь би голоор нь ороод салгах гээд дийлээгүй. Тухайн үед үсээ хажуу тал руугаа болгож самнасан хар куртиктэй 170 орчим см өндөртэй савхин бээлий өмссөн ахын доод буйлнаас цус гарсан байдалтай байсан. Харин 165 см орчим өндөртэй  намхан саарал куртиктэй чихтэй малгайтай ах нь би цагдаа дуудсан байгаа чи хүлээж бай гэж тухайн үл таних үсээ хажуу тал руугаа болгож самнасан хар куртиктэй 170 орчим см өндөртэй савхин бээлий өмссөн ахад хэлээд зогсож байсан. Тэгээд тэр хоёр салсан манай гуанзны хажууд зогсож байсан тухайн 2 ах 2-3 удаа заамдалцаж больсон байх. Тэгээд нэг мэдсэн алга болсон байсан би анзаараагүй тухайн үед түц дотроо орсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь манай хүргэн дүү болох ******* над руу залгаад ахаа би хүнд зодуулчихлаа таван шарын ертөнцийн зүгээр урд талын автобусны буудал дээр хүрээд ирээч гэхээр нь би ажлаасаа гараад таван шарын урд талын автобусны буудал яваад очсон. Тэгээд намайг очиход хүргэн ******* хүргэн тэй зодолдсон байдалтай байсан. Ил харагдах шарх байгаагүй цус болсон байдалтай хоёулаа зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг нэг нэг алгадчихаад нийтийн газар зодолдлоо гэж хэлчхээд байж байсан чинь ******* цагдаад дуудлага өгсөн байгаа та байж бай гэсэн. Тэгээд би цагдаа чинь ирэх болоогүй бол би хүргээд өгье гээд машиндаа суулгаад дөнгөж хөдлөөд явж байтал гэдэг хүргэний утас дугараад цагдаа ирчихлээ гээд тэр 2 машинаас буугаад би ажил руугаа явсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1406 дугаартай “Б.*******ын биед зүүн сарвууны чигчий хурууны шарх зүүн доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14*******тай “Б.гийн биед зүүн дээд 6-р шүдний цуурал, эрүү хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Нарангийн голын 14 номерын автобусанд суусан тэгээд явж байсан чинь таван шарын буудал дөхөж байхад манай эхнэрийн дүүгийн нөхөр болох ******* миний хажуугаар зөрөхдөө түлхээд гарсан. Тэгээд би ******* руу харсан чинь ******* чи намайг танихгүй байна уу пизда чинь гэж хэлэхээр би дугараагүй. Тэгсэн ******* миний зүүн шанаа руу цохисон тэр мөчид автобусны хаалга онгойсон. Тэгээд ******* миний зүүн ханцуйнаас чирч татаад буулгаад миний хоолойг боогоод Түц рүү чирсэн. Тэгээд намайг Түц мөргүүлээд хоолойг бооход би манараад байж байхад автобусны буудал дээр байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд тэр хүмүүс чи яагаад энэ хүнийг зодоод байгаа юм бэ гэж *******аас асуусан чинь  энэ хүн надад өртэй юм олдохгүй байж байгаад өнөөдөр оллоо би энэ хүнийг эрэн сурвалжлуулж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүмүүс нь бид хоёрыг орхиод явсан. Тэгээд намайг ахиж боогоод миний шанаа хэсэг рүү дахин дахин цохиод байсан. Удалгүй ах Гансүх ирсэн яаж мэдэж ирснийг би мэдэхгүй тэгээд Гансүх ирээд үгийн зөрөөгүй намайг цохисон тэгэхээр би тэд нараас холдож зугтаахыг оролдсон. Би холдоод 102 дуудаад байж байсан чинь ******* миний куртикныхойноос чирч боож унагаад өшиглөх гэхээр нь боссон. Тэгтэл Гансүх ирээд машинд суу пизда минь гэхээр нь би машинд нь суусан. Гансүх машинаа асааж яваад таван шарын автобусны буудал өнгөрөөд гэрлэн дохион дээр явж байхад цагдаа залгаад хаана байна гэхээр нь би таван шарын гэрлэн дохио нь дээр үсэрч буугаад цагдаа дээр очсон тэгсэн цагдаа нар бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би тухайн үед хар куртик хар өмд, хар гутал, хар маск, савхин бээлийтэй байсан. Би 175 см өндөртэй 70 кг жинтэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд гэрээсээ яараад гарсан. Тэгээд автобусанд суугаад хамгийн ард суудал дээр сууж явсан. Тэгээд нэг мэдсэн таван шарын автобусны буудал дээр ирж байхаар нь би буух гээд байж урагшаа алхсан чинь нэг үл таних залуу хөндөлсөөд байсан. Тэгсэн миний урд явсан залуу тухайн залууг гараараа түлхээд гарахаар нь би араас нь гарах гэсэн чинь тухайн ул таних залуу нуруугаараа шүргэсэн. Тэгэхээр нь би гайхаад эргээд харсан манай баз байхаар нь би намайг масктай учраас танихгүй байгаа юм байна гэж бодоод маскаа аваад чи намайг танихгүй байна уу гэсэн чамайг таниад яадаг юм гэж хэлээд миний элэг рүү нэг цохисон. Тэгэхээр нь би г мангасдаж холдуулаад автобуснаас буусан чинь  араас хүрж ирээд миний малгайг толгой дээгүүр бүтээгээд намайг цохисон. Тэгээд эргээд харсан чинь байсан. миний зүүн гарыг татаад чигчий хурууг хазсан чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Удалгүй намайг Түц-ны хажуу талыг мөргүүлсэн чинь Түц-нээс нэг үл таних хүүхэд гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед миний гараас цус гараад байсан болохоор нь нэг эгч хараад надад гар боох нойтон салпедка өгөхөөр нь гараа ороогоод цагдаад дуудлага өгсөн чинь миний утсыг авах гээд байсан. Тэгэхээр нь би утасныхаа чанга яригч дээр тавиад цагдаа дуудсан. Тэгсэн ахиад над руу дайрч намайг түц-ны хажуу талд хөдлөхгүй чигээр боож миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд би гэнэт Ганаа ахын ажил ойрхон болохоор Ганаа ахыг дуудсан учир нь намайг алах нь гэж болсон. Тэгээд би утсаар олигтой ярьж чадаагүй. Ганаа ах намайг зодоод байна гэж хэлсэн өөр үг хэлж чадаагүй учир нь миний утсыг авах гээд байсан. Тэгээд удаагүй Ганаа ах ирээд хоёр пизда чинь олон нийтийн газар зодолдоод санаа зовдоггүй юм уу гэж хэлээд бид хоёрыг нэг нэг алгадсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан Ганаа ах машинд суу би цагдаад хүргээд өгье гэж хэлсэн. бид хоёр Ганаа ахын машинд суугаад яг хөдлөөд явж байтал цагдаа нар ирээд залгахаар нь бид хоёр машинаас нь буусан. Ганаа ах цагдаа ирсэн бол би ажил руугаа явлаа гэж хэлээд явсан бид хоёр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Би тэй зодолдсон зүйл байгаа миний хурууг хазаад тавихгүй байхаар нь би нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тавихгүй байхаар нь би завж руу нь хуруугаа хийгээд татаж үзсэн тэгээд тавихгүй байсан чинь автобусны буудал дээр байсан нэг өндөр залуу ирээд салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

10. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57, 69 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33, 34 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Б., Б.******* нар нь нэг айлын хүргэн базууд бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 30 минут орчимд Нарангийн голын автобусанд сууж явахдаа таарч, урьдын таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, тухайн автобуснаас  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван шарын автобусны буудал дээр автобус зогсоход харилцан заамдалцаж буугаад зодолдсоны улмаас Б. нь Б.*******ыг автобусны буудал дээр байрлах Түц-рүү шахаж, хоолойг нь боож, зүүн сарвууны чигчий хурууг нь хазсан, харин тухайн цаг хугацаанд Б.******* нь Б.гийн нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж хэн алиндаа хүч хэрэглэн халдаж бие биеийнхээ бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр хохирогч Б., Б.*******ын нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  харьцуулан Б. нь Б.*******ын биед зүүн сарвууны чигчий хурууны шарх зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,  Б.******* нь Б.гийн биед зүүн дээд 6-р шүдний цуурал, эрүү хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Б.гийн хохирогчоор өгсөн: “...******* миний зүүн шанаа руу цохисон тэр мөчид автобусны хаалга онгойход ******* миний зүүн ханцуйнаас чирч татаад буулгасан. Тэгээд миний хоолойг боогоод түц рүү чирсэн. Намайг түц мөргүүлээд хоолойг бооход би манарсан. Тэгтэл автобусны буудал дээр байсан хүмүүс бид хоёрыг салгасан...Тэгээд намайг ахиж боогоод миний шанаа хэсэг рүү дахин дахин цохиод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал), Б.*******ын хохирогчоор дахин өгсөн: “... бууж ирээд миний малгайг толгой дээгүүр бүтээгээд намайг цохихоор нь эргээд хартал байсан. Тэгээд миний зүүн гарыг татаад чигчий хурууг хазсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь намайг Түц-ны хажуу талаар намайг мөргүүлсэн. Тэгтэл Түц-нээс нэг үл таних хүүхэд гарч ирээд бид хоёрыг салгасан... ахиад над руу дайрч намайг Түц-ны хажуу талд боосон тэгээд миний зүүн нүд рүү цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), ы гэрчээр өгсөн: “...үсээ хажуу тал руугаа болгож самнасан хар куртиктэй 170 орчим см өндөртэй савхин бээлий өмссөн ах нь үл таних 165 см орчим өндөртэй намхан саарал куртиктэй чихтэй малгайтай ахыг заамдаад куртикнээс нь боосон байдалтай манай Түц рүү шахцан зогсож байхаар нь би болиулсан. Тэгээд хэл амаараа учраа олчих гэж хэлсэн чинь тэр хоёр ах хоёр биеэ заамдалцаад хоёулаа салахгүй байхаар нь би голоор нь ороод салгах гээд дийлээгүй. Тухайн үед үсээ хажуу тал руугаа болгож самнасан хар куртиктэй 170 орчим см өндөртэй савхин бээлий өмссөн ахын доод буйлнаас цус гарсан байдалтай байсан...Тэгээд тэр хоёр салсан манай гуанзны хажууд зогсож байсан тухайн 2 ах 2-3 удаа заамдалцаж больсон байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), ийн гэрчээр өгсөн: “...намайг очиход хүргэн ******* хүргэн тэй зодолдсон байдалтай байсан. Ил харагдах шарх байгаагүй цус болсон байдалтай хоёулаа зогсож байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1406 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14*******тай  дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Б.гийн яллагдагчаар өгсөн: “...******* миний зүүн шанаа руу цохисон тэр мөчид автобусны хаалга онгойсон. Тэгээд ******* миний зүүн ханцуйнаас чирч татаад буулгаад миний хоолойг боогоод түц рүү чирсэн. Тэгээд намайг түц мөргүүлээд хоолойг бооход би манараад байж байхад автобусны буудал дээр байсан хүмүүс бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Б.*******ын яллагдагчаар өгсөн: “... хүрж ирээд миний малгайг толгой дээгүүр бүтээгээд намайг цохисон. Тэгээд эргээд харсан чинь байсан. миний зүүн гарыг татаад чигчий хурууг хазсан чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан...Би тэй зодолдсон зүйл байгаа миний хурууг хазаад тавихгүй байхаар нь би нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тавихгүй байхаар нь би завж руу нь хуруугаа хийгээд татаж үзсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б., Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч-хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон,

Шүүгдэгч-хохирогч Б.гийн өмгөөлөгч Б.Батзаяагаас “...миний үйлчлүүлэгч нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн учраас цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг гаргалаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй ба аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Б.гийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд түүний үйлдэлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.*******, Б. нарын хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалж үүдсэн маргаан нь нэгнийгээ цохих, түлхэх, харилцан бие биедээ халдах, өөр газарт шилжин очиж маргаан, тэмцлийг үргэлжлүүлэх зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул Б.гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй юм. 

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч-хохирогч Б.******* нь амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдаагүй, эсхүл аюултай аргаар довтлохоор завдаагүй байхад шүүгдэгч-хохирогч Б. нь эхэлж “Б.*******ын цамцаар толгойг бүтээж толгойн тус газар цохиж, зүүн сарвууны хурууг хазсан, үүний дараагаар хэн хэнийгээ заамдаж түц-рүү түлхэж, харилцан бие биеийнхээ хоолойг боож, заамдах зэрэг харилцан хэн хэнийгээ эсэргүүцсэн үйлдэл хийхдээ Б.******* нь Б.гийн нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж, хэн хэндээ хүч хэрэглэж, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул шүүгдэгч-хохирогч Б.гийн өмгөөлөгч Б.Батзаяагаас гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд шүүгдэгч-хохирогч Б., Б.*******ын харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б., Б.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б., Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

  Дөрөв: Хохирол төлбөрийн талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Б., Б.******* нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б., Б.******* нар нь харилцан нэг нэгнээсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүхээс тэдгээрийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б., Б.******* нарыг тус тус зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч-хохирогч Б.гийн өмгөөлөгч Б.Батзаяагаас “...миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч-хохирогч Б.*******ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатаас “Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б., Б.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн алиндаа учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдалд хамаарах эрхэлсэн тодорхой ажилтай, шүүх хуралдааны явцад хоорондоо сайн дураараа эвлэрэн харилцан гомдол саналгүй болсон, бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй төлөх зэрэг байдлуудыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б., Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялаас улсын яллагч болон өмгөөлөгчдийн гаргасан саналыг дагуу торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч Б., Б.******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Дээрх торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт мэдэгдэв.

Хэрэгт Б., Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******-н *******, овогт ийн нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б., Б.*******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Б., Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ