Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ш.Анужин

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002576 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Үүр тел” ХХК-д кранист ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн бүс гудамж, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧП*******/, ******* овогт *******ийн *******.  

                            Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны гадна хохирогч *******г “машинаа зөв байрлуулчих” гэж шаардлага тавихад нь маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос гаргасан баримтын дагуу 280.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Гурав: Эрүүгийн 2205000002576  дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-р байр гэр рүүгээ орох гээд өөрийн эзэмшлийн машинаа гадна зогсоолд тавих гээд зогсоол хайгаад явж байхад приус 10 маркийн цагаан өнгийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоолоос урагшаа илүү гаргаад зогссон байсан. Тэгэхээр бичээтэй байсан дугаар руу залгаад “ахаа та машинаа хойш ухраагаад зөв байршуулчих тэгвэл ахиад нэг машин зогсох зай байна” гэж хэлсэн. Тэгэхэд “би орой гарна наанаас чинь хэргээр тэгж тавьсан юм” гэхээр нь би “гарах байсан ч ингэж болохгүй шүү дээ, бага зогсоолтой их машинтай газарт амиа бодож ингэж тавьж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд “чи наанаа машинаа тавих албатай юм уу пизда минь” гэж хэлсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод гэрийнхээ цонхоор над руу хараад “чи наанаа байж бай би одоо гарлаа” гээд утсаа таслаад удалгүй 40 орчим насны хүн гарч ирээд над руу “чи яасан олон үгтэй бацаан бэ” гээд над руу ойртоод ирсэн. Тэгэхээр нь  би “юу гэсэн үг юм та ингэж тавих ёстой юм уу” гэхэд намайг заамдаад аваад миний өмсөж явсан куртикний малгайгаар намайг доош дарж заамдаж байгаад миний нурууны хойд хэсэг, мөн миний хүзүүний, хойд хэсэг гэдэс, цээж, нүүр хэсэг рүү өшиглөөд бас өвдөглөсөн. Тухайн үед миний уруул хавдсан байж байгаад эдгэрсэн. Миний нуруу хүзүүний ард хэсэгт хөндүүртэй хүзүүний ард хэсэгт юм товойсон байсан цээж хэсэг болон нүүрэн тус газарт өшиглөсөн манай найз охин хажууд байсан, манаач эгч салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “ Би найз залуу болох Балжиржанцангийн хамтаар тухайн өдөр гэрт нь очихоор явж байсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод машинаа байрлуулах гээд зогсоол хайж байхад нэг машин аягүй сонин таг далий тавьсан байсан. Тэгээд манай найз залуу уг машины эзэн рүү залгаад яриад байгаа бололтой байсан. Тэр хоёр яг юу гэж ярьсныг би сонсоогүй, машин дотроо сууж байсан. Удалгүй нэг ах 9 давхраас цонхоороо “чи юу гээд байгаа юм бэ, чи наанаа зогсож бай пизда минь, би одоо буугаад очлоо” гээд орилоод байсан. Удалгүй нэг ах гарч ирээд бид хоёр руу ойртоод ирээд “би машинаа гаргах гээд ингээд зогссон гээд хэлээд байгаа юм биш үү, чи ямар овоо бацаан бэ” гээд манай найз залуу руу дайраад байсан. Нөгөө ах шууд манай найз залууг нэг гараараа түлхэхээр нь би болиоч ээ гэхэд намайг бас хойш түлхээд манай найз залууг 2 гараараа заамдаж аваа куртикнийх нь малгайг өмсгөөд нүүрийг нь хаагаад гутлаараа нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн мөн тохойгоороо нуруу тус газарт нь тохойлдоод өвдөглөөд байсан. Би тэгээд “болиоч ээ хүн аллаа шүү дээ” гээд орилоход цаад шатан дээр нэг эгч хараад зогсож байхаар нь би “энэ хүнээ аваачээ хүн аллаа шүү дээ” гэхэд тэр эгч ирээд нөгөө ахыг аваад цааш явсан тэр ах цааш явах даа “би чамайг харна чи бол амжихгүй шүү” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15158 дугаартай *******гийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.*******ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч ******* нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа түлхэхэд тухайн залуу миний зүүн мөр рүү нэг удаа цохиход би зөрүүлээд толгой хэсэгт нь нэг удаа цохисон тэгээд зууралцаж байгаад салаад би гэртээ орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

5. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 05, 58 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны гадна шүүгдэгч А.*******ыг машинаа хойш ухраагаад зөв байршуулчих гэж шаардлага тавьснаас болж маргалдаж хүзүү, цээж рүү цохисны улмаас түүний биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт авагдсан байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

*******гийн хохирогчоор өгсөн: “...миний өмсөж явсан куртикний малгайгаар намайг доош дарж заамдаж байгаад миний нурууны хойд хэсэг, мөн миний хүзүүний, хойд хэсэг гэдэс, цээж, нүүр хэсэг рүү өшиглөөд бас өвдөглөсөн. Тухайн үед миний уруул хавдсан байж байгаад эдгэрсэн миний нуруу хүзүүний ард хэсэгт хөндүүртэй хүзүүний ард хэсэгт юм товойсон байсан цээж хэсэг болон нүүрэн тус газарт өшиглөсөн манай найз охин болон хажууд байсан манаач эгч салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал), гийн гэрчээр өгсөн: “...Нөгөө ах шууд манай найз залууг нэг гараараа түлхэхээр нь би болиоч ээ гэхэд намайг бас хойш түлхээд манай найз залууг 2 гараараа заамдаж аваа куртикнийх нь малгайг өмсгөөд нүүрийг нь хаагаад гутлаараа нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн мөн тохойгоороо нуруу тус газарт нь тохойлдоод өвдөглөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15158 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), А.*******ын яллагдагчаар өгсөн: “...би зөрүүлээд толгой хэсэг газарт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.******* нь хохирогчийн хүзүү, цээж хэсэгт цохисон нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны гадна талд шүүгдэгч А.******* нь хохирогч *******гийн хүзүү хэсэгт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос А.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргав. 

А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэргийн хохирогч ******* гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч А.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******0.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 Хэрэгт А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:         

1. ******* овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ