Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00452  

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 16 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00452                                  Орхон аймаг

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох,   

“Зээлийн гэрээний үүрэг 2 250 000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б овогтой Л миний бие иргэн *******-т хүсэлтийнх нь дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг өдрийн 9 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн юм. Ц нь зээлийн хүүд 2017 оны 12 дугаар сарын 07-нд 135 000 төгрөг, 1 дүгээр сарын 11-нд 135 000 төгрөг, 02 дугаар сарын 06-нд 135 000 төгрөг 03 дугаар сарын 09-нд 135 000 төгрөг, 05 дугаар сарын 02-нд 165 000 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Ц нь 2018 оны 06 дугаар сарын 07-ноос хойш хүү болон үндсэн төлбөрөө төлөөгүй. Би үлдсэн мөнгөө 2018 оны 12 дугаар сараас хойш эргүүлж авах талаар шаардсан боловч мөнгөний боломж гарахгүй байна, би хүүгээ хугацаанд нь өгөөд үндсэн мөнгөнөөсөө цувуулаад хасалт хийгээд дуусгачихна, та санаа зоволтгүй гэсэн тайлбар тавиад хойшлуулаад байсан. Иймд үндсэн мөнгө 1 500 000 төгрөг, алданги 7 сараас хойш 1 500 000 х 0,5 % х 8 сар х 30х = 240х = 1 800 000 1 500 000 х 50% = 750 000 нийт 2 250 000 /1 500 000 үндсэн + 750 000 алданги/ төгрөгийг иргэн Ц-оос зохих хууль журмын дагуу гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэв. 2018 оны 11 дүгээр сарын 20-нд эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч Ц нь ирээгүй тул шүүхэд хандав.

Ц надад нийт 1 080 000 төгрөг төлснийг зөвшөөрч байгаа...” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ц нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр иргэн Л-ээс 1 500 000 нэг сая таван зуун мянган төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлээд сар бүр хүүний 150 000 төгрөгийг өгч байгаад 2018 оны 03 сард 9 хувьтай болгосон. Үүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 07-нийг хүртэл нийт 9 сарын нийт 1 140 000 төгрөг төлсөн. Өөрийн талын эгч Ц-д 4 000 000 төгрөг авч өгөөд төлж дууссан боловч хүү, алданги, үндсэн мөнгө гэж нэхэмжлээд 1 700 000 төгрөг төлөх болсон. Үүний шалтгаан нь мөнгийг дансаар биш бэлнээр өгч байсан учир нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар. Иймд иргэн Л-ийн нэхэмжилсэн 2 250 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан 2 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.   

******* нь *******-т 2017 оны 11 дүгээр сарын 07-нд 1 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, нэхэмжлэгч нь *******-оос хууль болон гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

Хариуцагч *******: ...эхлээд би хүү гэж 10 хувиар бодож төлж байгаад, дараа нь 9 хувь болгосон. 2018 оны 7 дугаар сарын 07 хүртэл хүү төлсөн. Гэрээний сунгалтын талаар бид тохиролцоогүй. Сунгалт гэсэн хэсэгт зурсан гарын үсэг нь эхлээд гэрээ байгуулах үед зуруулж авсан байх, би сүүлд бол ер ийм юман дээр гарын үсэг зураагүй. Бид гэрээг сунгах талаар тохиролцоогүй... гэсэн.

Нэхэмжлэгч нь: ... би *******-оос нийт 1 080 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээнийхээ хугацааг 2018 оны 6 дугаар сард сунгасан. Хүү төлсөн нөхцөлд гэрээг сунгасан гэж хуульд үздэг учраас гэрээ сунгагдсан. Гэрээний сунгалтын талаар нэг их тохиролцсон юм бол байхгүй. 2018 оны 7 дугаар сараас хойш алданги нэхэмжилсэн... гэж тайлбарласан.

Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж шүүх үзэв. Учир нь гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан бөгөөд Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 07-нд дууссан байна.

Гэрээний сунгалт нь гэрээний нэг адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиолцоно. 

Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурснаар сая гэрээг сунгагдсан гэж үзнэ, гэтэл нэхэмжлэгч гэрээний ард бичигдсэн гэрээний сунгалт гэх баримтанд гарын үсэг зурснаар гэрээг сунгагдсан гэж үзэж сунгагдсан хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зээлийн гэрээний сунгалтыг талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцох ёстой бөгөөд нэгэнт хугацаа өнгөрсний дараа хугацааг нөхөн сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасантай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сард нөхөж сунгасан тухай тайлбарласан тул энэ хугацаа хүртлэх хүүг гаргуулах үндэслэлгүй. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана” гэж зохицуулсан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* нь *******-д 1 080 000 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул гэрээний нийт үүрэг 1 635 000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасаж тооцоход 555 000 төгрөг үлдэж байна. Энэ мөнгийг хариуцагч *******, *******-д  төлөх үүрэгтэй.

Харин алдангийг 2018 оны 7 дугаар сараас зээлийн үндсэн төлбөр болох 1 500 000 төгрөгнөөс тооцсон байх ба, үндсэн төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс хасаж тооцолгүй, алдангийг энэ хэмжээнээс нэмэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 555 000 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх 1 695 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 17 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар үйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-оос 555 000 төгрөг гаргуулан *******-д олгож, нэхэмжлэлээс 1 695 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА