Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт *******ийн ******* холбогдох эрүүгийн 2321000000158 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Суваргачин овогт *******ийн /РД: /.

Шүүгдэгч *******ийн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод орших гэртээ үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн эгч ******* толгойн тус газарт жижиг төмөр саваар цохиж ******* биед толгойн зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Суваргачин овогт *******ийн нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эгч ******* толгойн тус газарт жижиг төмөр саваар цохиж түүний биед зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найз Монхортой 4 том пиво хувааж уусан. ...Үүнээс хойш юу болсон талаар үнэхээр санахгүй байна. ...Өглөө нь сэрээд ээж, эгчтэйгээ уулзахад би гэртээ согтуу ирээд эгч толгой руу төмөр саваар цохисон тухай мэдсэн. Миний хувьд эгч биед халдсан үйлдлээ огт санахгүй байна. ...эгчийнхээ толгой хэсэгт гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад гаднаас манай бага дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ууртай орж ирээд “хоол байна уу” гэж асуусан. Тухайн үед манай гэрт хоол байгаагүй учир уурлаж дүү маргалдаж эхэлсэн бөгөөд “энэ гэрээс яваарай” гэх зэргээр хэлээд байсан. Би түүнд өмөөрч “эгч чинь өнөөдөр эмнэлгээс гарсан, бие нь муу байгаа” гэсэн чинь над руу уурлаад байсан. Би түүнд “эгчийн дүү согтуу байгаа учраас одоо гарчих” гээд гуйсан чинь намайг энгэр хэсгээс минь зуурч байгаад газарт унагаасан. Намайг газарт унагааж дараа нь рүү гартаа жижиг төмөр сав бариад дайрах үед нь би урдуур нь орсон чинь гартаа барьсан байсан жижиг төмөр саваар миний толгойны орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний толгой халуун оргиж байсан. Ингээд би хүн алах нь цагдаа дууд гээд цагдаад хандсан. Цагдаа нар ирж авч явсан бөгөөд би дараа нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд 3 оёдол тавьсан. Миний толгойн орой хэсэг дээр ангайсан хагарсан шархтай байна. Өөр ямар нэгэн бэртэл байхгүй. Манай дүү миний толгой хэсэгт төмөр саваар нэг л удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

гэрч “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдийн хамт байхад манай бага хүү гаднаас архи уусан байдалтай ууртай орж ирсэн бөгөөд хоол асуусан. Миний хувьд хүүдээ хоол тавиагүй юм. Үүнээс болж уурлах болсон бөгөөд уурандаа гэрийнхэнтэйгээ маргалдах гээд байхаар нь би түүнийг “боль” гэсэн чинь над руу уурлах шинжтэй байхаар нь би гэрээс гарч яваад гэрийнхээ гадаа үлээж байхад манай охин утсаар залгаж “ээжээ болохоо байлаа” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээр нь гэртээ ороод харсан чинь толгойноос нь цус гоожсон байдалтай байсан бөгөөд толгойг нь манай хүү цохиж хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

гэрч В.ийн “... эгчийн толгойн орой хэсэгт төмөр саваар цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 247 тоот “...******* биед толгойн зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч В. бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг саарал өнгийн төмөр сав нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суваргачин овогт *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг саарал өнгийн төмөр сав нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА