| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/00361/и |
| Дугаар | 142/ШШ2019/00462 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2019/00462
| 2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2019/00462 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банкны Орхон салбар Г тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Л
Хариуцагч: Ж.Х нарт холбогдох,
“2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ201843359238 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 1 639 823.81 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар, Г тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Зээлдэгч З.Л, Ж.Х нар нь Х Банкны Орхон салбарын Г тооцооны төвөөс 2018 оны 01-р сарын 19-ны өдөр ЗГ201843359238 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй байна. Банкны зүгээс зээл төлүүлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхааруулах захидал болон зээл буцаан дуудах мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Анхааруулах захидал, Зээл буцаан дуудах мэдэгдлийг тус тус бичгээр хүргүүлж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрд амаар сануулж байсан хэдий ч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 299 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ201843359238 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу Үндсэн зээлд: 238 588 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт: 70 667 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 144 төгрөг, Нийт 309 400 төгрөг төлсөн байна.
Иймд банк шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. Зээлдэгч З.Л, Ж.Х нартай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ201843359238 нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2019 оны 03 сарын 14-ний байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах. Үүнд:
I. Нийт зээлийн үлдэгдэл 1 639 823.81 төгрөг a. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 361 411.51 төгрөг, b. Зээлийн хүүгийн төлбөр 255 661.88 төгрөг, c. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18 250.42 төгрөг, d. Нотариатын үйлчилгээний төлбөр 4 500 төгрөг
I. Улсын тэмдэгтийн хураамж 41 190 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч З.Л, Ж.Х нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зээлдэгч З.Л миний бие батлан даагч Ж.Х нар Х банкны Орхон салбарын Г тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж /1 600 000/ нэг сая зургаан зуун мянган төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 18 сарын хугацаагаар зээл авсан. Гэвч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй нь үнэн болно. Зээлийг төлж чадахгүй болсон шалтгаан нь ажилгүй болсон, батлан даагч Х нь өөрөө бас цалингийн зээлтэй, би өөрөө ажилгүй, ажил олдохгүй байна. Энэ байдлыг харгалзан үзэж сар бүрийн зургаанд /6/ /150 000/ нэг зуун тавин мянгаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж төлж эхэлнэ” гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Г тооцооны төв нь З.Л, Ж.Х нарт холбогдуулан “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ201843359238 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 1 639 823.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч З.Л, Ж.Х нар нь Х Банкны Орхон салбарын Г тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ201843359238 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ЗГ201843359238 тоот барьцааны болон зээлийн гэрээ, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
З.Л, Ж.Х нар нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд, зээл болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар болон гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ЗГ201843359238 тоот зээлийн гэрээний /хх6-10/ 6.1, 6.1.1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар заажээ.
Хариуцагч нар нь ЗГ201843359238 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба, нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдэл, зээл төлөх мэдэгдэлүүдийг удаа дараа хүргүүлж байсан байна.
Тиймээс Х банкны ЗГ201843359238 тоот зээлийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Хариуцагч нар нь зээлийн төлбөр 1 639 823,81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, 1 639 823,81 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Х банкны Орхон салбар Г тооцооны төвд олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч З.Л, Ж.Х нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч, хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Х банкны Орхон салбар Г тооцооны төв, З.Л, Ж.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ЗГ201843359238 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.Л, Ж.Х нараас тус бүр 819 911,90 төгрөг гаргуулан Х банкны Орхон салбар Г тооцооны төвд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 20 595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Г тооцооны төвд олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА