Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачавгад овогт ******* , Ачавгад овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2321000000134 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ачавгад овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ачавгад овогт ******* /РД: /.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газарт улсын дугаартай, Портер маркийн автомашин, бензин моторт хөрөө ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэсэн, байгаль-экологид 745,478 /долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ачавгад овогт ******* , Ачавгад овогт ******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөөг ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр ургаж байсан гурван ширхэг нарс модыг бэлтгэж тээвэрлэн ойн санд 745,478 /долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын  “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд өөрийн төрсөн дүү ыг аваад өөрийн эзэмшлийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс 25 километр яваад ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газарт очиж өөрийн бензин моторт хөрөөг ашиглан ойн сан бүхий газраас нийт 3 ширхэг ургаж байсан нарс модыг тайрч 2 метр 20 см-тай нийт 13 ширхэг болгоод дүү бид хоёр тухайн моднуудыг хамт өргөлцөөд өөрийн машин руу ачиж 15 цаг өнгөрөөгөөд ойгоос хөдлөөд 2-3 километр явж байхад өөдөөс манай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Батбаяр, байгаль орчны улсын хяналтын байцаагч Бямбадорж нар гарч ирээд бид нарыг дагуулаад сумын төв орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

шүүгдэгч *******ын “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим төрсөн эгч над руу гар утсаар залгаж “эгчийн дүү чи суман дээр хүрээд ирэх үү, хоёулаа хойшоо мод руу явчихаад ирье, би модны зөвшөөрөл авчихсан асуудалгүй” гэж хэлэхээр нь би зөвшөөрч 08 цаг өнгөрөөгөөд ******* сумын төв ороод эгчтэй уулзаж бид хоёр 11 цагийн орчим эгчийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс 25 километр яваад ******* сумын 1 дүгээр баг, “ ” гах газар очиж эгчийн бензин моторт хөрөөг ашиглан ойн сан бүхий газраас ургаа нийт 3 ширхэг /ургаж байсан/ нарс модыг тайрч 2 метр урттайгаар нийт 13 ширхэг болгоод бид хоёр тухайн моднуудыг хамт өргөлцөөд өөрийн машин руу ачиж 15 цаг өнгөрөөгөөд ойгоос хөдлөөд 2-3 километр явж байхад өөдөөс манай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Батбаяр, байгаль орчны улсын хяналтын байцаагч Бямбадорж нар гарч ирээд бид нарыг дагуулаад сумын төв орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын хууль бусаар мод бэлтгэж болзошгүй тус сумын “Ар хөндлөн”, “Шарчулуут”, “ ” гэх нэртэй ой мод бүхий газраар тээврийн хэрэгсэл ашиглан эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа “ ” гэх газарт очиход тус сумын 4 дүгээр багийн иргэн *******, ******* нар цагаан өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 метр орчим урттай 13 ширхэг мод аччихсан ой дотор явж байсныг журамласан. Хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 745,478 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23, 24-27/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ДЦ-23-94 тоот дүгнэлт /хх-ийн 45-50/, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/04 тоот дүгнэлт /хх-ийн 55-56/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нарын эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг бензин моторт хөрөө ашиглан 2,20 метр урттай арван гурван хэсэг болгон тайрч бэлтгэж тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 745,478 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч *******, ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь ургаж байсан 3 ширхэг нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр тайрч 2,20 метр урттай арван гурван хэсэг болгон хувааж ойн санд 745,478 төгрөгийн хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/04 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас ойн санд учруулсан хохирлын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 2,236,434 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10,687,500 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ДЦ-23-94 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тээврийн хэрэгслийн үнэ 10,687,500 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураасан 72,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг бөөрөнхий нарс модны хамт гаргуулж, тэдгээрийн ойн санд учруулсан 2,236,434 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 13 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ачавгад овогт ******* , Ачавгад овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* , ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас ойн санд учруулсан хохиролд 2,236,434 /хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,687,500 төгрөг, эд мөрийн баримтаар хураасан 72,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 13 ширхэг бөөрөнхий нарс модыг тус тус хураан авч, *******, ******* нарын ойн санд учруулсан 2,236,434 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 13 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн бензин моторт хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА