| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогтой *****************холбогдох эрүүгийн 2327000000050 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн *************суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *********** аймгийн ***********сумын********* дугаар баг, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************овогтой **************** /РД:****************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр********** аймгийн************ сумын ******* дугаар багийн нутаг “************” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 12 ширхэг хэрэглээний нойтон шинэс төрлийн модийг бэлтгэн ************ улсын дугаартай портер загварын машинаар тээвэрлэж ойн санд 2 312 451 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...******************** нэг нутгийн хүмүүс учраас танина. Надаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би ************аймгийн ********сумын********** дугаар багийн нутаг дэвсгэр болох “************” гэх газраас иргэн ************* нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн хэргийн талаар мэдэхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...Манай гэр ********** аймгийн ****************сумын **************дугаар баг ******************байдаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн эхнэр ***************хамтаар хөдөө “***************” гэх газар оршин суудаг миний төрсөн дүү болох **********************алдсан 5 тооны үхрийг сумын төвөөс олж гэрт аваачиж өгөх гэж яваад *************** гэрт очиж 5 тооны үхрийг нь буулгаж өгөөд ****************сумын төв рүү /гэр лүүгээ/ явах замдаа ************ сумын*********** дугаар баг **************гэх газраас би ганцаараа цахилгаан гар хөрөөгөөр 12 ширхэг 2 метрийн урттай шинэс төрлийн мод бэлтгэж аваад өөрийн poter 2 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай:
“...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570 216 төгрөг нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8 хувиар тооцдог.
Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ бөөрөнхий нойтон шинэс мод нь 770 817 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
************аймгийн ***********сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/04/336104 дугаартай акт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 03 дугаар сарын15-ны өдрийн 37 дугаартай албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд, ****************эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт,************** аймгийн********** сумын ********** дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого, шүүгдэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14, 53-55, 84, 86, 88-89, 90-91, 92 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ***************** нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ****************** аймгийн **************й сумын ********* дугаар багийн нутаг “*********” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 12 ширхэг хэрэглээний нойтон шинэс төрлийн модийг бэлтгэн ************улсын дугаартай портер загварын машинаар тээвэрлэж ойн санд 2 312 451 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *********************үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч ************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай: “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570 216 төгрөг нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8 хувиар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ бөөрөнхий нойтон шинэс мод нь 770 817 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, ********** аймгийн*********сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/04/336104 дугаартай акт /хх-ийн 39 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч *****************нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 770 817 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 770 817 *3= 2 312 451 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 2 312 451 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул ******************2 312 451 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *******************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч ***************нь гэмт хэрэг үйлдэхдээ ************* эзэмшлийн 8 892 000 төгрөгийн үнэлгээ бүхий ************улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч ******************************* улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 8 892 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 187 750 төгрөгийн үнэлгээ бүхий 12 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн их биетэй цагаан өнгийн бариултай 141 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус улсын орлого
болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***************************нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************овогтой ************* зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар **************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ************** ойн санд учруулсан хохирол 2 312 451 /хоёр сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8 892 000 /найман сая найман зуун ерин хоёр мянга/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 187 750 /нэг зуун наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий 12 ширхэг шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн их биетэй цагаан өнгийн бариултай 141 000 /нэг зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ****************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА