Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Б.З,

иргэний нэхэмжлэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2316000000053 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Б сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт             Говь-Алтай аймаг, Б**** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДГ********* регистрийн дугаартай, Д овогт Б-н З.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.З нь Говь-Алтай аймгийн Б***** сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Б.Б-н нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж, толгойн баруун талын чамархай хэсэгт чулуугаар 1 удаа цохиж зодон биед нь баруун чамархайд шарх, зүүн дэлбэнд зулгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “... 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед Говь-Алтай аймаг Б*** сум ****** багийн Ц гэх газарт манай нагац ах Б.Б манай адуу малыг хөөгөөд байсан юм. Тэгэхээр нь би очоод нагац ах руугаа уурлаад та хонгор даага яасан бэ? хулгайч минь гэж хэлсэн... Би өмсөж байсан тэрлэгээ тайлчихаад нагац ахынхаа өмнөөс дахиж уурлаад газраас чулуу авч байгаад толгойг нь хагалсан... Баруун мөр лүү нь чулуу барьсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

2. Хохирогч Б.Б-н Говь-Алтай аймгийн Б***** сумын Цагдаагийн хэсэгт гаргасан “... Б овогтой З нь шалтгаангүйгээр ирж зодсон тул гомдолтой байна. Миний толгойг хагалсан тул миний энэ өргөдлийг шийдэж өгнө үү...” гэх агуулга бүхий өргөдөл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/

3. Их эмч Ч.Уранчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Б-н биед үзлэг хийсэн “... Баруун чамархай орчмын зөөлөн эд 1 сантиметр орчим шарх үүссэн...” гэх тэмдэглэл. /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

4. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед хөдөө хонио хариулаад явж байхад манай том хүргэн ахын хүүхэд Б.З хүрээд ирсэн. Тэгээд байж байтал миний 2 дааганы нэгийг нь чи яасан гээд шууд барьж аваад боогоод нүүр лүү хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би буцаагаад нэг цохиод авсан чинь намайг мотоцикл дээр унагааж байгаад чулуугаар толгой хага цохисон. Тэгээд намайг боогоод дээр гарч ирж дарж унагааж байгаад хөдөлгөхгүй цохиод болохгүй болохоор нь газраас нэг чулуу шүүрч аваад буцаагаад нэг цохисон... Босоод иртэл толгойноос нэлээд цус асгарсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/

5. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Би эмнэлэгт хэвтэн эмчилгээг хийлгээгүй... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай “...1. Б.Б-н биед баруун чамархайд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тухайн гэмтлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан байх боломжтой болно...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

7. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н шүүх хуралдаанд өгсөн “... Эрүүл мэндийн даатгал нь гэм буруутай этгээдээс тухайн хүнээс 161.000 төгрөгийг иргэний нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй байдаг. Иргэний нэхэмжлэл төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохиролтой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг төлсөн байх тул түүнийг хохирлыг төлж барагдуулсан гэж үзэв. Харин иргэний нэхэмжлэл буюу Эрүүл мэндийн даатгалын санд 161,000 (далан таван мянга) төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б-д 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д овогт Б-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.З-с 161,000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б-д 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Загдрагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА