Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0441

 

 

“”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С;

 

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,

Хариуцагч Ж.Ц, Д.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2025/0312/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн НА-24240000147 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, Зөрчлийн тухай хуулийн /2019 оны/ 03 дугаар сарын 22-ны өдрийн шинэчилсэн найруулга/ 11.19 дүгээр зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С давж заалдах гомдолдоо:

 

3.1. Шүүхийн шийдвэрээр заагдсан хугацаанд нөхөн ногдуулалтын акт гаргаагүй тухайд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0099 дүгээр шийдвэрээр “Хариуцагч нар нь дээрх зөрчлүүдийн торгууль, алдангийг ямар хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн хэрхэн тооцож гаргасан талаар шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбарласан нотолж чадахгүй байх тул энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал” гэж үзэн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн НА-24220000060 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болохоор шийдвэрлэсэн.

3.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Хариуцагчийн эрх, үүрэг”-ийг заасан бөгөөд 21.2.3-т “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг хүлээнэ”, 20.2.5-д “шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах”, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан. Тодруулбал шүүхийн шийдвэр 14 хоногт багтаан бичгээр гарах бөгөөд түүнийг 14 хоногийн дотор гардан авах үүргийг хариуцагч хүлээхээр заасан. Шүүх хурал 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болсон тул шүүхийн шийдвэр бичгээр 2024.02.12-ны өдөр гарна. Үүнээс гардан авах 14 хоногийн хугацааг тооцон үзвэл 2024.02.26-ны өдөр эцсийн хугацаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Энэ хуулийн 108.4-т заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан. Тиймээс эцсийн хугацаа болох 2024.02.26-ны өдрөөс давж заалдах гомдол гаргах 14 хоногийг тооцон үзэхэд 2024.02.11-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаж байна.

3.1.2. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Д.О нар тайлбартаа “Тус шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3372 тоот албан бичгээр татварын улсын байцаагч Т.Б-Ө-д хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн авсан даруй Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсний дагуу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалт хийх 2424502404 дугаар томилолт олгогдсон” гэж тайлбарлажээ. Э.Ц, Д.О нар нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардаж аваагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д “...энэ хуулийн 108.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа П байгаа/ газар болон ажлын газрын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.” гэж заасан. Тодруулбал, хугацаандаа шүүхийн шийдвэрийг гардан аваагүй тул хугацаа нь өнгөрсний дараа шүүх шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн буюу шуудангаас гардаж авснаар давж заалдах гомдол гаргах хугацааг шинээр тоолохгүй болно.

Үүнээс үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0099 дүгээр шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу 2024.02.11-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 2024.05.11-ний өдрийн дотор шинэ акт гаргахаар байна. Гэтэл шинэ актыг 2024.07.05-ны өдөр гаргасан нь шүүхийн шийдвэрийн хугацааг хэтрүүлсэн буюу хүчингүй захиргааны акт байхаар байна.

Гэтэл анхан шатны шүүх ямар ч баримтгүй байхад шүүхийн шийдвэр хүргүүлсэн өдөр шүүхийн шийдвэр гарсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.2. Нөхөн татвар 387,818,181.82 төгрөгийн тухайд:

3.2.1. “А” ХХК нь 2017 оны 06 сараас нэр бүхий компаниудаас худалдан авалтыг хийж бүтээгдэхүүнийг борлуулсан. Гэтэл 2018 оны 05 сараас тухайн худалдан авалтын падаан зөрчилтэй буцаах шаардлагатай гэж Татварын ерөнхий газраас анхааруулга гарсан. Үүнтэй холбоотойгоор зөрчилтэй худалдан авалтуудын нэмэгдсэн өртгийн татварыг буцааж тайлагнасан. 2018 оны жилийн эцсээр буцаагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын талаар ярилцаж нэмэгдсэн өртгийн албан татваргүй худалдан авалт хийж бидний төлсөн татварыг буцааж өгөх, эсхүл нэмэгдсэн өртгийн албан татвар шивж баталгаажуулж өгөх шаардлага тавихад “С” ХХК-аас падаан шивэгдсэн. Энэхүү шивэгдсэн падаан нь Татварын ерөнхий газраас гаргасан зөрчилтэй гэх компаниудын жагсаалтад байхгүй, тайлан илгээхэд анхааруулга алдаа гараагүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөрчилгүй байсан.

3.2.2. Гэтэл татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нар нь зөвхөн “С” ХХК-ийг 2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2 дугаар улирлын тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй Х, жилийн эцсийн тайлан ирүүлээгүйгээс үүдэн “А” ХХК-тай хамааралтай борлуулалт, худалдан авалтын мэдээлэл байхгүй гэж дүгнэн 2018 онд “С” ХХК-аас 2018 оны 12 сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 88 ширхэг падаанаар 3,878,181,818.19 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил хэмээн үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар тогтоосон байна.

3.2.3. Тодруулбал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-ийн дагуу “С” ХХК татварыг төлөх, НӨАТ-ын тайлан гаргаж тайлагнах ёстой үүргээ гүйцэтгээгүй байхад “А” ХХК-ийг буруутгаж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй хууль бус байсан.

3.3. Торгууль 136,318,783.92 төгрөгийн торгууль, 136,264,472.94 төгрөгийн алдангийн тухайд:2008 оны Татварын ерөнхий хуульд торгуулийн зохицуулалт байхгүй. 2017 оны Зөрчлийн хууль нь хэрэгжээгүй бөгөөд тухайн хуульд 11.19-ийн заалт нь татварын торгуулийн зохицуулалт биш болно. Харин 2019 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т заасны дагуу торгууль, алданги ногдуулсан байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан торгуулийн дүнг 10 хувиас хэтрүүлэн тооцсон байгаагаас харахад тооцооллын хувьд ч алдаатай болсон байна. Мөн ямар байдлаар өмнөх актын алдаа, тооцооллыг зассан талаар актад дурдагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

3.4. Өмнөх татварын актад 2020 болон 2021 оны татварын зөрчил оруулан тооцоогүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр шинэ акт гарах хүртэл актын биелэлт түдгэлзүүлсэн байхад шинэ татварын актад нэмж зөрчил оруулан тооцсон байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч асуудалтай юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасан байна.
  2. Нэхэмжлэгч “А” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн НА-24240000147 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
  3. Татварын улсын байцаагч нар нь “А” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НА-24220000060 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 4,525,254,353.02 төгрөгийн зөрчил илрүүлж, 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 147,571,164.64 төгрөгийн торгууль, 158,938,503.07 төгрөгийн алданги нийт 694,327,849.53 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.
  4. Энэхүү нөхөн ногдуулалтын акттай холбоотой захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0099 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
  5. Хариуцагч нар нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу дахин “А” ХХК-ийн албан татварын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хэрэгжүүлж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №HA-24240000147 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 4,114,130,357.94 төгрөгийн зөрчил илрүүлж, 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 136,318,783.92 төгрөгийн торгууль, 136,264,472.94 төгрөгийн алданги, нийт 660,401,438.68 төгрөгийг төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
  6. Үүнээс үзвэл, дээрх шүүхийн шийдвэрээр дахин нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүн 411,123,996 төгрөг болон төлбөр төлүүлэх төлбөрийн хэмжээг 33,926,410 төгрөгөөр багассан байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
  7. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр хариуцагч нарт дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацааны дотор татварын улсын байцаагч нар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэснийг зөрчөөгүй байна.
  8. Хугацааг тооцвол, 2024 оны 01 сарын 29-ний шүүхийн шийдвэрийг хариуцагч татварын улсын байцаагч нарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3372, 1/3373 тоот албан бичгээр хүргүүлснээр гардан авч, үүнээс хойш давж заалдах гомдол гаргах хугацаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсноор уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
  9. Харин нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан болох нь “Шүүхийн шийдвэрийг гардуулсан тухай” №15 дугаартай баримт (128/2023/0826/3 индекстэй захиргааны хэргийн 237, 238)-аар тогтоогдож байна.
  10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох”, 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар шинэ акт гаргах 3 сарын хугацааг дээрх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоологдоно.
  11. Ийнхүү хариуцагч татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу дахин нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо “А” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн байх тул нэхэмжлэгчийн “...өмнөх татварын актад 2020 болон 2021 оны татварын зөрчил оруулан тооцоогүй байсан ...шүүхийн шийдвэрээр шинэ акт гарах хүртэл актын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад шинэ татварын актад нэмж зөрчил оруулан тооцсон байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
  12. Нөгөөтээгүүр, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг татварын улсын байцаагч нар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн ногдуулалтын актын ТОГТООХ нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1., 11.19.1.2.,” гэж Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтын зүйл, заалтыг алдаатай бичсэн байгаа нь уг маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
  13. Татварын улсын байцаагч нар нь “А” ХХК-ийн “С” ХХК-иас борлуулалт, худалдан авалтын мэдээлэл байхгүй гэж дүгнэн “С” ХХК-иас 2018 оны 12 сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 88 ширхэг падаанаар 3,878,181,818.19 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил хэмээн үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар 387,818,181.82 төгрөгийн нөхөн татвар тогтоосон үндэслэлтэй байна.
  14. Зөрчлийн тухай хууль /2017 он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...нөхөн төлүүлэх татварыг 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн 2018 оны 1-8 сарын хугацаанд “С” ХХК-иас нийт 3,878,181,818.19 төгрөгийн дүнд 387,818,181.82 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, уг ногдуулсан татварын 30 хувь буюу 116,345,454.55 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
  15. Гэтэл нэхэмжлэгчээс “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн заалтыг баримтлан торгуулийн хэмжээг төлөх ёстой нөхөн татварын 10 хувиас хэтрэхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
  16. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд татварын улсын байцаагч нарын акт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлт, түүнд холбогдох бусад торгууль алданги ногдуулах харилцаанд хэрэглэвэл

зохих хуулийг хэрэглэж нөхөн татвар, торгууль, алданги, нийт 660,401,438.68 төгрөгийн төлбөр ногдуулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна.

  1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА