Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0036

 

 

 

 

                                      

 

 

   2022         01           13                                           0036

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний яам,

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга  нарын  хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Э.Ө , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б , М.Б , хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эцсийн байдлаар “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээг цуцалсан Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн а/326*  дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

1.2.Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, бусад гэрээний оролцогчдод даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлон маргасан.

1.3.Харин өмнө гаргасан “Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр Архангай аймгийн төвд дулааны цахилгаан станц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.   

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Анх Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 29, 42 дугаар тогтоолоор Архангай аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээр Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон.

2.2.Улмаар Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргаас 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  ЭХА-042/1*  дугаартай “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г “Э” ХХК-тай байгуулжээ[1].

2.3.Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч “Э” ХХК-аас захиалагчийн зөвшөөрсөн техникийн нөхцөл шаардлагад нийцүүлэн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотын нутаг дэвсгэрт баригдах Дулааны станцын нэгдүгээр хэлхээний гадна инженерийн байгууламж /гадна дулаан шугам/-ийн ажлын зураг төслийг боловсруулах “Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан хийлгүүлсэн.[2]

2.4.Мөн Эрчим хүчний яамнаас №87/201* дугаар Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг[3] авч, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргатай  ЭХА-042/1*  дугаар “Санхүүгийн гэрээ” байгуулсан[4] бол  Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/37* дугаар захирамжийг үндэслэн “Дулааны станц”-ын зориулалтаар 2 га газар эзэмшүүлэх”[5], Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “Ундарга” ХХК-тай “Ус ашиглах гэрээ”[6], “Баянтээг” ХК-тай “08/201* дугаар Нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ”[7], “Хасүүмандал” ХК-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”[8], Газар эзэмших эрх, шилжүүлэх” гэрээ”[9]-г  тус тус байгуулан өөрөөс шалтгаалах ажил үүргээ хэрэгжүүлжээ.

2.5.Энэ талаараа 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эрчим хүчний дэд сайд Ө.П-ын зохион байгуулсан “2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  ЭХА-042/1*  дугаартай “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний биелэлт, тулгамдсан асуудал, цаашид баримтлах зарчим, хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах” уулзалтад “Э” ХХК-аас хийж хэрэгжүүлсэн ажлууд, зарцуулсан мөнгөн дүн болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан байна[10].

2.6.Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК-аас дулааны станц барих бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 13-нд  “Булганхангай хорооллын дулааны эх үүсвэр 4.2 мВт-ийн хүчин чадалтай халаалтын тогоо, цахилгаан хангамжийн ажил”[11],  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  баригдсан “....Ф80-Ф150мм хүчин чадал бүхий дулааны шугам...12, 14 дүгээр зуухнуудын дулааны оруулга, төв шугамын барилга угсралтын ажил...”,[12] тус тус хийж гүйцэтгэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн байна.

2.7.Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дүгээр “Зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын хавсралтаар “...Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд авах зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл”-өөс 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг 130.000.000 ам.доллараар хэрэгжүүлэх жагсаалтад оруулжээ.[13],

2.8.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзээд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 109 тоот албан бичгээр Архангай аймгийн төвд барих дулааны станц, дулааны шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр хийх саналаа, ажлын явцын тайлан, бүтээн байгуулалтын ажлын явцын тайланг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хүргүүлэхэд[14] тэрээр  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/1924 дүгээр албан бичгээр “...төслийг БНСУ-ын зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг өөрчлөхийн тулд танай компанийн саналаас гадна төсөл хэрэгжих орон нутгийн удирдлага, иргэдийн энэ асуудлаар баримталж байгаа байр суурийг мөн харгалзах шаардлагатай.

Иймд энэ асуудлаар аймгийн удирдлагатай уулзаж, үр дүнг албан ёсоор танилцуулсны дараа танай хүсэлтэд хариу өгөх болно...” хариу өгчээ[15].

2.9.Энэхүү албан бичгийн хэрэгжилттэй холбогдуулан Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас иргэд аж ахуйн нэгжээс “Цэцэрлэг хотын дулааны эх үүсвэр, дулааны хангамжийн талаар асуумж авахад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 431 иргэн[16], “Асарт” хүнсний дэлгүүр, ”Шинэ барилга төв” ХХК, “Наран тайж” ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж[17]Архангай аймагт дулааны цахилгаан станц барих асуудлыг “дэмжиж” гарын үсэг зурсан бол ганцхан  “Суварга” ХХК-аас “...БНСУ-н тусламжаар 10 гаруй аймагт дулааны станц баригдах...төр энэ боломжийг гартаа авч шийдэх хэрэгтэй, ... хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах ёстой...”[18] гэх саналыг  бичиж тэмдэглүүлсэн байна.   

2.10.Гэсэн хэдий ч “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний талууд болох Архангай аймгийн Засаг даргаас 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01/237[19], Эрчим хүчний зохицуулах хороо 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн  1/349 дүгээр[20] албан бичгээр  дээрх гэрээг цуцлах саналаа Эрчим хүчний сайдад хүргүүлсэн бол Монгол Улсын Эрчим хүчний сайд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрээ цуцлах мэдэгдэл” а/326*  дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг “Э” ХХК-нд хүргүүлжээ[21].

Гурав: Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбар:

3.1.Хариуцагч Эрчим хүчний яамнаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрээ цуцлах мэдэгдэл” а/326*  дугаар шийдвэрийнхээ үндэслэлийг “...Архангай аймагт хэрэгжих төсөлд 2014 оны төсөвт 3.0 тэрбум  төгрөг төсөвлөгдсөн боловч тухайн онд хийгдсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг бүрдэж баталгаажаагүй тул энэ мөнгө зарцуулагдаагүй бөгөөд дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан мөнгө тусгагдаагүй...”, “Э” ХХК нь гэрээний 5.11, 5.12, 5.15, 5.20, 5.22, 9.10.5, 9.12.2-т заасан заалтыг зөрчсөн нь гэрээг цуцлах бүрэн үндэслэл болсон...”[22] гэж тайлбарласан бол  нэхэмжлэгч “Э” ХХК-аас Сангийн сайдын шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээний дагуу төрөөс олгох санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсэхээс өмнө болон дараа нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа Эрчим хүчний яаманд хүргүүлж байсан...”[23] тайлбарласан маргасан болно.

3.2. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, шугам сүлжээ барих төсөл арга хэмжээний ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг шууд сонгон гэрээ байгуулан ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгасан. Үүний дагуу энэ гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл концессын журмаар гэрээ байгуулагдсан гэсэн үг. Энэхүү гэрээгээр Эрчим хүчний яам “Э” ХХК-ийг дулааны цахилгааны станцыг өөрийнх нь хөрөнгөөр бариулах, Архангай аймгийн Засаг дарга дулааны цахилгаан станц барих газраар хангах, Эрчим хүчний зохицуулах хороо дулааны цахилгаан станц барих үүргийг хүлээсэн дөрвөн талт гэрээ юм.

3.3.Гэрээнд заасны дагуу төрөөс 3 тэрбум төгрөгийг эхний ээлжинд гаргаж өгөхөөр байсан ч энэ мөнгийг гаргаж чадахгүй болсон учир өөрсдийн хөрөнгөөр энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ гэрээ зөвхөн Архангай аймагт бус нийт 8 аймагт хэрэгжихээр заасан. Архангай аймагт “Э” ХХК өөрийн хөрөнгөөр ажлуудаа хийж эхэлснээр Архангай аймгийн төсөл хэрэгжиж эхэлсэн, бусад аймгууд хөрөнгөгүй учраас хийж эхлээгүй байсан. Үндэслэлгүйгээр гэрээг өргөжүүлэлгүй зогсоосон, сонсох ажиллагаа хийлгүй нэг өдөр зогсоосон дараалсан хууль бус үйлдлүүдийг шүүхэд хянуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гэрээний 3.8.1.6 захиалагчийн үүрэгт 2014 онд төсөвт тусгагдсан 3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг дулааны станц барих түншид олгохоор заасан боловч энэ мөнгө байдаггүй. Ажлаа хийгээд мөнгөө авах гэхээр “төсөвт тусгана түр хүлээж бай” гээд, сүүлдээ “ажлаа хийе” гээд шүүхэд өгөхөөр “ямар их шүүхэд өгдөг юм бэ?” гээд гэрээ цуцлах мэдэгдэл өгөөд гэрээгээ цуцалсан байдаг. Захиалагч байгууллагаас энэ мөнгийг өгч төсөвт суулгаж олгосон байсан бол энэ асуудлыг шийдэх боломж байсан.

...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өгөөд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн.

...Гэрээний бүх талуудад мэдэгдэх үүрэгтэй ч мэдэгдээгүй. Эрчим хүчний яам дангаараа дөрвөн талт гэрээг цуцалж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж заасан.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан нөхцөл үүсээгүй...” гэв.

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “.... Гэрээний 3.8.1.6-т “2014 онд төсөвт тусгагдсан 3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг дулааны станцыг барьж байгуулах, төслийг эхлүүлэхэд зориулан түншид олгоно” гэж заасан. Төсөл эхэлчихээд байхад “Э” ХХК-д 1 ч төгрөг олгоогүй. Гэрээний дагалдах гэрээ болох Санхүүгийн гэрээний 2.1.4-т “түншид эрчим хүчний барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан тохиолдолд 2014 онд төсөвлөгдсөн хөрөнгийн 1/3-тэй тэнцэх санхүүжилт олгох”-оор заасан. “Э ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байтал 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 1/3 хувь болох 1 тэрбум төгрөгийг олгоогүй.

....анх хариуцагчаас “Барилгын ажил эхлээгүй байтал Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2014 оны санхүүжилт хасагдсан, төсөв санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2015, 2016, 2017 онуудад энэхүү арга хэмжээнд хөрөнгө төлөвлөгдөөгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Энэ тайлбараас харахад 3 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхэмжлэгчээс болж татагдаагүй. Санхүүжилт татагдахаас өмнө барилга байгууламжийг ашиглалт оруулах зөвшөөрөл авчихсан байсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг боловч 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоогүй.

3.6.Одоо энэ тайлбараас өөр “Э ХХК-ийг хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаагүй, холбогдох шаардлагыг хангаагүй” гэх тайлбарыг гаргадаг. “Э” ХХК нь 2015 он хүртэл ямар ажил гүйцэтгэсэн талаараа Эрчим хүчний яаманд тодорхой тайлагнаж байсан.Хариуцагч талаас дулааны станцыг Солонгосын хөрөнгө оруулалтаар барих ашиг сонирхол их байгаагаас шалтгаалж “Э” ХХК-д бурууг өгсөн, ямар ч ажил гүйцэтгээгүй мэтээр тайлбар гаргаж байгаа нь “Э” ХХК-ийн олон жилийн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж байна...” гэв.

3.7.“Э” ХХК-ийн захирал Ч.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ станцыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , П.Б хоёр цахилгаан дулааны станц гэж яриад шүүгчдийг төөрөгдүүлж байна. Цахилгааны дулааны станц биш 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц. Магадлал хийсэн зурагт Хятадын технологиор барихаар заасан. Эрчим хүчний яам эксперт хийж, зургаа гаргаж өгч, энэ зургийг баталж өгсөн. Манайх энэ зургаар барьж байгаа, Солонгосчууд яг энэ зургаар барина. Энэ технологиор барихад  нэг ч эрэг боолт зөрөхгүй.

...Гэрээний 3.1.8.7-д “дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажилд шаардлагатай энэ гэрээний 5.2-т заасан баталгаажсан зураг төслөөр тодорхойлогдох материал, тээврийн зардлыг 2015 оны улсын төсөвт тусгуулж, түншид олгох асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч төрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч шийднэ” гэж заасан. Би төрөөс санхүүжилт авах нэг ч албан бичиг бичиж хүсэлт гаргаагүй.Санхүүжилт авъя гээгүй ч ажлын тайлангаа Эрчим хүчний яаманд өгсөн, энэ баримт хавтаст хэрэгт бий. Ажлын тайлангаа өгөхөд энэ 8 аймгийн гэрээнд ороогүй Булган аймгийн дулааны станцыг санхүүжүүлсэн байдаг. Засгийн газрын 2010 оны 459 дүгээр тогтоолд дулааны станцтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг Солонгос улсын зээлийн хөрөнгөөр санхүүжилтийг зохицуулсан болохоос хэн барих талаар зохицуулалт байхгүй. 2014 онд гэрээ хийгдсэн. Гэтэл гэрээг зөрчсөн гэх захиргааны зөрчлүүдийг 2017, 2018 онд гаргаж байна...” гэв.

3.8.Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2014 оны Төсвийн тухай хуульд орон нутгийг цахилгаан, дулаантай болгох асуудлаар 24 тэрбум төгрөг тусгагдсан. Засгийн газар ярилцаад 3 тэрбум төгрөгийг төрөөс гаргаж аймаг бүрт хуваарилж, бусдыг нь Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1-д заасны дагуу тухайн орон нутгийн удирдлагад уурын зуух ажиллуулж байгаа компаниудтай хамтарч ажиллахаар шийдсэн. Архангай аймагт 11 зуух ажиллуулдаг “Э” ХХК-д гурван тэрбум төгрөгийн санхүүжилт олгон энэ гэрээг байгуулах боломжтой эсэх талаар санал тавихад боломжтой гэсний дагуу энэ гэрээний эхлэл тавигдсан.

...Гэрээг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Энэ гэрээгээр бид ерөнхий зүйлсээ тохирсон. Уг гэрээний дагалдах гэрээ болох Санхүүгийн гэрээний 1.2-т “2014 онд Төсвийн тухай хуульд тусгагдсан хэмжээгээр санхүүжилт олгоно”, 2.1.5-т “2014 онд төсөвлөгдсөн хөрөнгийн 2/3-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр олгох”-оор заасан.Гэтэл өнөөдрийг хүртэл энэ компани санхүүжилт олгох тухай албан бичгийг ирүүлээгүй. Тиймээс 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоогүй жил дуусаж тухайн жилийн төсөв хаагдсан. Энэ санхүүжилтийн гэрээний 3.1.1-д “яамны шаардсанаар энэхүү гэрээнд заасан санхүүжилтийг олгоход шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж өгөх” ёстой байсан. Энэ баримт бичиг өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ үүргээ биелүүлээгүйгээс санхүүжилт олгогдоогүй.

...2014 онд Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Захиргааны байгууллагаас захиргааны акт болон захиргааны гэрээг захиргааны актын нэгэн адил үзээд хууль бус байж болох юм гэдгийг тогтоож болох юм гэдгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс захиргааны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг баримталж хийсэн гэрээг өнөөдөр яагаад захиргааны гэрээ болгож байгаа юм бэ? Захиргааны гэрээ нэг талаас захиргааны байгууллага байдаг ч Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэдэг. 1996 онд Монгол Улсын Засгийн газар, Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээг Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж гэж үзнэ. Уг гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар, Солонгос Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж Архангай аймагт Солонгос Улсын Засгийн газраас үзүүлэх зээлийн хүрээнд дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Энэ бол Монгол Улсын Олон улсад хүлээсэн үүрэг...” гэв.

3.9. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”... Эрчим хүчний зохицуулах хорооны гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрх үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд ажлаа хийгээгүй зүйл байхгүй. Гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй буюу хариуцагч нарт гэрээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

3.10.Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”... Архангай аймаг нь аймгийн төвийн дулааны станцыг Солонгос улсын зээлийн хөрөнгөөр барих асуудлыг дэмжиж байгаа. Нэг компаниас аймгийн дулааны шугам сүлжээний асуудал хамааралтай байх нь зохисгүй, өөрсдөө өмчилж ашиглаж явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хоёр улсын Засгийн газар тохиролцож, хууль тогтоомжид өөрчлөлт орсон байхад гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

...Улс “Э” ХХК-аар бариулахгүй зээл авч хэрэгжүүлэх гэхэд бид баръя гэж байгаа нь ямар учиртай юм бэ? Хохирлын асуудлаа тусдаа шүүхэд нэхэмжлэх эрх нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэв.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл,түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын тухайд: 

1.1.Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...“Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээ бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “хамтран ажиллах гэрээ”, энэ гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан...” гэж захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар маргасан.

1.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Сангийн сайдын шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд хандан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шаардлага бүхий нэхэмжлэл гаргахад[24] тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2623 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж татгалзаж шийдвэрлэснийг[25] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0288 дугаар тогтоолоор хүчингүй болгосон[26].

1.3. Хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгчийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7479 дүгээр захирамжаар уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон[27].

1.4. Шүүгчийн энэ захирамжийг Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг[28] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 831 дүгээр шүүхийн тогтоолоор[29] “...ЭХА-042/1*  тоот гэрээ нь захиргааны гэрээ байх тул...Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч нарын гаргасан ...хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

...нэхэмжлэгч захиргааны гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй буюу гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргаж байх тул “...нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...гэх гуравдагч этгээд Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.

1.5. Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний 3 тал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага байх ба гэрээгээр нийтийн зорилтыг шийдвэрлэхийн тулд нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхээр, Захиргааны байгууллага хуулиар олгосон эрх зүйн хэм хэмжээний хүрээнд нийцсэн, талууд харилцан зөвшилцөж, гэрээг бичгээр байгуулсан зэрэг тодорхой шинжээрээ захиргааны гэрээ мөн байна.

1.6. Захиргааны гэрээнээс үүдэн гарах үр дагавар нь нийтийн эрх зүйлд хамаарахаас гадна захиргааны гэрээнд гэрээний чөлөөт байдал үйлчлэхгүй.

1.7.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”,  52 дугаар зүйлийн 52.2.3-т “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” 52.2.4 “концессын харилцаанд“ захиргааны гэрээг хэрэглэж болно” гэжээ.

1.8. Учир нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор[30] “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдаж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого бий болсон.

            1.9. Тиймээс Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний нийтлэг үндэслэлийн 1.1-д “Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5 дахь заалт, ...төр хувийн хэвшлийн Түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг  сонгон шууд гэрээ байгуулах ажлыг энэ гэрээгээр хэрэгжүүлнэ...”[31] онцгойлон оруулжээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “....Концессын тухай хууль заасны дагуу хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах хувилбаруудыг судлах, аль оновчтойг нь сонгох замаар техникийн нэгдсэн бодлогоор хангах асуудлыг шийдвэрлэх...”[32] Засгийн газарт үүрэг болгосон байна.

1.10. Энэ гэрээний зорилго нь Архангай аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулахын тулд Түнш нь 2014 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXVI.1.66-д тусгагдсан ноогдох төсвийн[33], өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барьж, өмчлөх, ашиглах, Захиалагч нь тохиролцсон хэмжээний санхүүжилтийг олгох, хяналт тавих, төрөөс үнэ тарифын зохицуулалт, тусгай зөвшөөрөл олгох, газар олгох, чөлөөлөх гэх мэт бусад дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллах...” юм.

1.11. Харин гэрээний 1.3.4-д “Захиалагч” гэж Монгол Улсын Засгийн газар, түүний даалгаснаар энэ гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Яам болон Архангай аймгийн Засаг даргыг, 1.3.5-д “Түнш” гэж гэрээнд заасан дулааны станц, дулааны шугам сүлжээг өөрийн болон бүрдүүлсэн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж дулааны станцыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу өмчилж, ашиглах гэрээний тал болох “Э” ХХК-ийг ойлгохоор томьёолжээ.

  1.12. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т ”концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох” бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нарт олгосноор энэ хуулийн 6.2.12-т заасан концессын гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ, тухайлбал, концесс эзэмшигч санхүүжилт олохтой холбогдсон гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулсан байна.

1.13. Уг гэрээний хэлбэр, түүний агуулга, нөхцөл  зэрэг нийтлэг шинжээр нь  үзвэл тодорхой хууль тогтоомжийг тухайлан үндэслээгүй хэдий ч Концессын тухай хуулийн 3.1.3-д заасан "концессын гэрээ" буюу захиргааны гэрээний нэг төрөл гэж үзэхээр байна.

1.14. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М ын “иргэний эрх зүйн маргаан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хоёр: “Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн а/326*  дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэжээ.

2.2. Маргаж буй Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн а/326*  дугаар мэдэгдэл нь дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг бүхэлд нь хангасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

2.3. Нэгэнт дээрх мэдэгдэл нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн хэлбэрийн нэг болох захиргааны акт байх тул энэ шийдвэрт Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмууд үйлчилнэ.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэжээ.

Үүгээр хууль дээдлэх нь эрх зүйт төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг илэрхийлнэ.

2.5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээг дагалдан гарсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Санхүүгийн гэрээ”[34]-ны 2.1.4-т “Түншид эрчим хүчний барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан тохиолдолд 2014 онд төсөвлөгдсөн хөрөнгийн гуравны нэгтэй тэнцэх санхүүжилт олгоно”-х  байсан.

2.6.“Э” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас 87/2014 дугаартай “Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр авсан.[35] 

2.7. Харин хариуцагч санхүүгийн гэрээний 2.1.4-т нөхцөлд заасан 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг олгох үүргээ хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байна.

2.8.Мөн хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан ...3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учраад байна.

...Үүссэн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор та бүхэнд төлөвлөлт, санхүүгийн болон бусад хүндрэл учирсан бол яамны өмнөөс албан ёсоор уучлалт хүсч,...гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хамтарч хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлье...” гэх тайлбарыг өгч байжээ.

2.9. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг болон  “Э” ХХК-ийн ЭХА-042/1*  дугаартай гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд байгуулсан гэрээ, хэлцлүүд, санхүүгийн тайлан[36], хийж гүйцэтгэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт болон бусад хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг хууль үндэслэхгүйгээр шууд гаргасан байна.

Энгийнээр хэлбэл хариуцагч талуудыг байлцуулан гэрээг дүгнэж хэлэлцээгүй атлаа нэхэмжлэгчийг 2014 онд холбогдох үйл баримтаар 2019 онд буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

2.10. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан ”хууль үндэслэх”  захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй байна.

2.11. Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн а/326*  дугаар албан бичгийг хууль бус болох нь тогтоогдон, түүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гурав: “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, бусад гэрээний оролцогчдод даалгах” шаардлагын тухайд:

3.1. Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний 20.2-т “... гэрээний хөрөнгө оруулалт, санхүүжилтэд нөлөөлөх болон энэ гэрээнд оролцогчдын бүрэн эрх, ашиг сонирхол бүхэлд нь буюу хэсэгчлэн хөндсөн, өөрчилсөн, нөлөөлсөн бол нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ”, 20.3-д “мэдэгдлийг хүлээн авсан тал 30 хоногийн дотор өөрийн саналаа нөгөө талдаа хүргүүлж, хэлэлцэн тохиролцох үүрэгтэй” гэж заасан бөгөөд талууд гэрээг дуусгавар болгохоос илүүтэй тэргүүн ээлжид гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээ авахаар тохиролцжээ.

3.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Эрчим хүчний яам “...Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолд заасны дагуу БНСУ-ын зээлээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн...” тул 2014 оны ЭХА-042/1*  дугаартай гэрээний дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, эсхүл гэрээг өөрчлөх эсэх талаар тодорхойгүй байдал үүссэн болох нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн в/1658 дугаар “... БНСУ-ын зээлээр төслийг хэрэгжүүлэх асуудал шийдэгдээгүй байгаа тул “Э” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаагүй байна. Өнөөдрийн байдлаар уг компани өөрийн хөрөнгөөр орчин үеийн дэвшилтэд технологийн дулааны станц, дулаан хангамжийн системийг богино хугацаанд барьж чадна гэсэн баталгаа байхгүй байгаа тул ...төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг манай яам үргэлжлүүлэн хангах болно.

...Гэхдээ олон жил аймгийн дулаан хангамжийн үйл ажиллагааг авч явж байгаа хувийн компаниудын эрх ашгийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд,... хамтарсан хувьцаат компани байгуулах... боломжтой...” албан бичгээр тогтоогдож байна.  

3.3. Харин нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2014 оны Төсвийн тухай хуульд төсөвлөгдсөн 3.0 тэрбум төгрөгөөс үл шалтгаалан гэрээгээр гүйцэтгэж байгаа дулааны станц, дулааны шугам сүлжээг батлагдсан зураг, төсвийн хүрээнд өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, улмаар гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх боломжтой болохоо захиалагч болон холбогдох бүхий л шатанд илэрхийлж байжээ[37].

3.4. Гэтэл эрх бүхий байгууллагын баталсан зураг, техник эдийн засгийн үнэлгээний дагуу Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг нэхэмжлэгч “Э” ХХК 16.227.598.233 төгрөгөөр гүйцэтгэхээр техник эдийн засгийн үндэслэл гаргасан бол БНСУ-н хөрөнгөөр барих компани 42,559,000,000 төгрөгөөр буюу нэхэмжлэгч компаниас даруу 1,5 дахин их хөрөнгөөр  гүйцэтгэхээр төсөвлөгдсөн байгаа нь Засгийн газрын 2022 онд баримтлах төсвийн  “хэмнэлтийн бодлого”-той нийцэхгүй байна.

Товчхондоо төсвөөс эргэн төлөгдөх энэ санхүүгийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй нэг хэлбэр юм.

3.5.Нөгөөтээгүүр “Э” ХХК нь төсөл хэрэгжих гэж буй Архангай аймгийн Эрдэнэбулган суманд /Цэцэрлэг хот/ 11 уурын зуух ажиллуулдаг ба тэдгээрийг дагасан дулаан түгээх, дулааны сүлжээний  шугам  хоолойгоор иргэд, аж ахуй нэгжид дулаан түгээдэг давуу байдлыг үнэлэн 2014 онд Эрчим хүчний яам тус компанитай сонгон шалгаруулалтгүйгээр ЭХА-042/1*  дугаартай гэрээг байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн атлаа хожим дээр дурдсан тодорхойгүй байдлаар төслийг зогсонги байдал оруулсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэхээр байна.

3.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчилнэ.

3.7. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын агуулгад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй субъектүүдийн зүгээс баталсан хууль, эрх зүйн бусад актуудын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд түүнийг тогтвортой хэрэгжүүлнэ гэсэн хууль ёсны итгэл үүснэ гэж үздэг бөгөөд тийм хууль ёсны итгэлийг хангаж ажиллах нь нийтийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үүрэг байх ёстой юм.

3.8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолоор даалгаснаар хариуцагч нар Архангай аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2014 оны ЭХА-042/1*  дугаартай гэрээг “Э” ХХК-тай байгуулсан тул уг үйлдлийг нэхэмжлэгчээс Төрийн бодлогын залгамж чанар хадгалагдана гэж тооцон, гүйцэтгэх засаглалаас ямарваа нэг эрх зүйн акт гарсан ч түүнийг дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэж байсан болох нь тогтоогдож байдаг.

3.9.Улмаар төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний ажил гүйцэтгэж, түүндээ мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зарлага гаргаснаар, нэхэмжлэгчид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн.

3.10.Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нараас бодит шалтгаангүйгээр Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээ хэрэгжүүлэхээс хууль бус татгалзал болон эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.11.Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан тайлбаруудаас үзэхэд Архангай аймгийн иргэд, аж ахуйн нэгжээс авсан асуумжийн асуулт, хариултад дулааны станцыг хэн, хэрхэн яаж барихаас үл хамаарч “яаралтай дулааны станц бариулах, төвлөрсөн дулаанд холбогдох”-ыг дэмжсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байхад хариуцагч нарын зүгээс тайлбарлахдаа “нэхэмжлэгч компаниар бус БНСУ-ын зээлээр төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

3.12. Иймд нэхэмжлэгч компани өөрийн эзэмшил, ашиглалтын дулааны шугам хоолойн дэд бүтэцтэй[38], түүний ашиглалт, засвар, үйлчилгээ хариуцдаг, компани төсөл арга хэмжээнд зарцуулагдах хөрөнгө, санхүүг бүрдүүлэх чадавхтай,[39] 2014 оны ЭХА-042/1*  дугаартай гэрээнд заасан тодорхой ажлыг өөрийн нөөц бололцоог ашиглан хийж гүйцэтгэсэн, төсөл хэрэгжүүлэх талбайн газрыг эзэмшиж байгаа[40] зэргийг харгалзан үзэж, төслийн хүрээнд хийгдэх барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, болон гэрээний бусад талуудад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Дөрөв: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-аас Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээг цуцалсан Эрчим хүчний яамны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн а/326*  дугаар албан бичгийг хууль байсан болохыг тогтоон хүчингүй болгож, Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/1*  дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн хүрээнд хийгдэж буй барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргад тус тус даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧ                                Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 119-135 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 10-14 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 236 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 238-239 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 240-241 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 232 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 233 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 234 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 235 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 15 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 16 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 19-24 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 205-206 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 227-229 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 24 хуудас

[16] 3 Хавтас хэргийн 166-175 хуудас

[17] 3 Хавтас хэргийн 163-165 хуудас

[18] 3 Хавтас хэргийн 162 хуудас

[19] 2 Хавтас хэргийн 193 хуудас

[20] 2 Хавтас хэргийн 192 хуудас

[21] 2 Хавтас хэргийн 11 хуудас

[22] 1 Хавтас хэргийн 182-183 хуудас

[23] 1 Хавтас хэргийн 3-4 хуудас

[24] 1 Хавтас хэргийн 116-118 хуудас 

[25] 1 Хавтас хэргийн 139-141 хуудас

[26] 1 Хавтас хэргийн 157-161 хуудас

[27] 4 Хавтас хэргийн 207-213 хуудас

[28] 4 Хавтас хэргийн 221-224 хуудас

[29] 5 Хавтас хэргийн 1-10 хуудас

[30] https://legalinfo.mn/mn/detail?lawId=6653

[31] 1Хавтас хэргийн 121 хуудас

[33] 3,000,000,000 /Гурван тэрбум/ төгрөг

[34] 1 Хавтас хэргийн 238-239 хуудас

[35] 1 Хавтаст хэргийн 236  хуудас

[36] 2 Хавтас хэргийн 95-130 хуудас

[37] 1 Хавтас хэргийн 214-216, 220-221, 224, 227, 230-231 хуудас

[38] 5 Хавтас хэргийн 110 хуудас

[39] 6 хавтас хэргийн 40 хуудас

[40] 3 Хавтас хэргийн 133 хуудас