| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/00397/и |
| Дугаар | 142/ШШ2019/00484 |
| Огноо | 2019-04-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2019/00484
| 2019 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2019/00484 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-д холбогдох
“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Г.М нь Б.О-тэй 2006 онд танилцан хамтран амьдарч байгаад 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М.Б төрсөн. 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Б.О 2011 онд Улаанбаатар хотын Боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсрол" олгох сургуульд элсэн орж суралцсан. Их сургуульд суралцаж байхдаа эхнэртэй хүнтэй явалдаж байсныг нь би мэдээгүй. Явалдаж байсан залуугийнх нь эхнэр над дээр ирж уулзаж мэдсэн. Б.О нь тэр залуутайгаа Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаад салаад нэг хэсэг гэртээ ирсэн. Тэгээд бас л өөр залуутай харилцан тэрийгээ дагаад Улаанбаатар явсан. Би удаа дараа хүүгийнхээ төлөө уучлан өдий хүрсэн. Цаашид энэ байдлыг нь тэсвэрлэж чадахгүй. 2015 оноос 2017 оны 07 дугаар сар хүртэл эхнэр хүү бид хоёртой хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад явчихдаг. Хэсэг хугацаанд явж байгаад ирдэг. Ийм байдалтай амьдарч байгаад 2017 оны 07 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Одоо бид хоёрын дунд эхнэр нөхрийн харилцаа байхгүй. Эхнэр сургуульд сурахаар явснаас хойш буюу 2011 оноос өдий хүртэл хүүг би асарч халамжилж ирсэн. Ээж нь энэ хугацаанд ирж очоод л байдаг байсан. Бидний энэ байдал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас гэр бүлээ цуцлуулж, хүү М.Б-ийг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй...” гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б овогтой О нь Г.М-тай анх 2006 онд танилцан хамтран амьдарч байгаад 2008 оны 11 дүгээр сарын 01-нд Б төрсөн. 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Миний бие Б.О нь 2012 онд МУБИС-СӨБС-д элсэн орсон. Сургуульд суралцаж байх хугацаанд хэл ам гардаг байсан. Г.М намайг хардаж гэрээсээ хөөж туудаг байсан. 2017 оны 01 дүгээр сард сургуулиа төгсөж гэртээ байх хугацаанд хэрүүл уруул үүсч намайг гэрээсээ хөөж туугаад байхаар нь 2019 онд 07 дугаар сард гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан. Хотод очих газар байхгүй үеэл ахындаа очиж амьдран ажил хайж БГД-ийн 114 дүгээр цэцэрлэгт ажилд орсон. Ингээд хүүгээ санаж гэртээ харимаар байна гэхэд М би өөр хүнтэй амьдарч байгаа гэсэн. Ийм юм урдаас хэлэхэд надад маш хэцүү байсан. Хоёулаа буцаад нийлье, хүүгээ бодъё гэж маш олон удаа гуйсан. М үгүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь Б.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Г.М хариуцагч Б.О нар нь 2006 онд танилцаж, 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү М.Б төрсөн болох нь зохигчийн тайлбар, М.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2017 оноос тусдаа амьдарч, нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болсон болох нь тэдний тайлбаруудаар нотлогдож байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Б.О нь хүү М.Б-ийг эцгийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.
Иймд Г.М, Б.О нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Б-ийг эцэг Г.М-ын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.М, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү М.Б-ийг эцэг Г.М-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА