| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.,
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******т холбогдох 2323000000034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн тоотод гэртээ өөрийн эхнэр Ж.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан хамар ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн алимын салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн бугалагны гадна хэсэгт, зүүн бугалагны дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн тоотод гэртээ өөрийн эхнэр Ж.*******тай үл ялих зүйлээс болж маргалдан хамар ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн алимын салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн бугалагны гадна хэсэгт, зүүн бугалагны дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:
Гэрч Л.*******ийн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух найз П.*******ийн гэрт найз гийн хамт очиход П.*******, эхнэр Ж.******* болон 2 хүүхэд нь байсан. Тэгээд П.*******тэй бид хоёр ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уучхаад 23 цагийн үед гэр лүүгээ явсан. бид хоёрыг *******ийнд байх хугацаанд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл огт болоогүй. Маргааш нь ******* над руу залгаад “Би чамайг буруу ойлгоод эхнэртэйгээ хардаад эхнэрийгээ цохичихсон байна” гээд надаас уучлалт гуйсан. Тэр үед би *******ийг бид хоёрыг явсны дараа эхнэртэйгээ маргалдаж цохисон юм байна гэж мэдсэн. ******* эхнэрийн биеийн аль хэсэгт юугаар цохиж, ямар гэмтэл учруулсан талаар зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Т.ын “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 02 цаг 13 минутад миний фейсбүүк чатаар “Та маргааш надад өргөдөл бичээд өгөөч” гэж чат бичсэн байхаар нь чадахгүй байх гэж хэлсэн бөгөөд хоорондоо маргалдсан юм байхдаа гэж бодоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.ын “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна би гэрийнхээ ойрхон дэлгүүр орчхоод гарч яваад Ж.*******тай таарахад нэг нүд нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад “Манай нөхөр П.******* согтуу үедээ намайг цохиод ийм болгочихлоо. Тэгээд цагдаагийн байгууллагад оччихоод явж байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч цагдаагийн ахмад П.гийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000067 дугаартай “... Ж.*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн алимын салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн бугалагны гадна хэсэгт, зүүн бугалагны дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж буй 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ж.*******гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.*******ийн “...Би Ж.******* гэх хүнтэй гэр бүл болоод 8 жил болж байна. Ж.******* бид хоёр албан ёсны гэр бүлийн харилцаатай хүмүүс байгаа юм. Би тухайн үед гараараа нүүрэн хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Энэ үйлдэлдээ би дүгнэлт хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч П.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч П.******* бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулна,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч П.******* болон хохирогч Ж.******* нар нь 8 жил хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл буюу эхнэр, нөхөр бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.******* нь эхнэр Ж.*******г үл ялих зүйлээр шалтаглан зодсоны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хаван, зүүн алимын салстад цус хуралт, зүүн хацрын төвгөрт шарх, зүүн бугалагны гадна хэсэгт, зүүн бугалагны дотор хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.******* согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, ёс зүйгүй, зүй бус зан араншин гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, өөрийн үлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдал хамаарна.
Шүүгдэгч П.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 64-р хуудас/
Харин шүүгдэгч П.******* урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар баривчлах шийтгэл хүлээж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн хуудас болон шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 65-72-р хуудас/
Шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд санал зөрөөгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч П.*******ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ