Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан  хуралдаанаар

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1975 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэрийн хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг,******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан******* овогт********************* холбогдох эрүүгийн 2320000350022 дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч*******од Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 64 дүгээр байрны 1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Бямбааг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж,  нүүрний зүүн талд хацар шанаа, нүд, хамрын нуруу хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний склерт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

-Хохирогч Н.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...манай нөхөр орж ирээд Жасрайсэнгэтэй хардсаны улмаас миний нүүр хэсэгт өшиглөх үед нь би  газарт унахад дахин 2-3 удаа нүүр хэсэгт өшиглөөд гар утсаа авъя гэхээр нь би өгсөн,... одоогийн байдлаар учирсан хохирол байхгүй байна, тухайн үед эмнэлгийн  байгууллага  надад эмчилгээ үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Лхагважаргалын “ ... гэмт хэргийн улмаас иргэн Н.Бямбаа нь  эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, Эрүүлд мэндийн сангаас 218,000 төгрөгийн зардал гарсан тул*******оос гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн “ Н.Бямбаагийн биед  нүүрний зүүн талд хацар шанаа, нүд, хамрын нуруу хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний склерт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, ...дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон  нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэсэн 04/43 тоот дүгнэлт  /хх-ийн 16-17/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Н.Бямбаа материаллаг хохирол нэхэмжлээгүй, харин Н.Бямбаад эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 218,000 төгрөг гарсныг тэрээр 2023 оны 04 сарын 24-ний өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 106-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Шүүгдэгч******* овогт******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч******* нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЦЭРЭНХАНД