| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
шинжээч эмч У.Энхмаа
хохирогч С.Э, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.А
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.А нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой Дорноговь аймгийн ........ тоотод хохирогч С.Эг нөхөртэй уулзлаа, отно харилцаа тогтоосон гэх зүйлээс маргалдан түүний биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх хугацаанд ................ зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Эгийн эзэмшлийн .... улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалах, бичвэр бичих зэргээр гэмтээн 1,670,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ........... дүгээр сараас Э манай нөхөр рүү чатаар янз бүрийн юм явуулж, мессеж бичдэг байсан. Тэгээд би нөхрөөсөө энэ юун хүн юм бэ гэхэд манай найзын эхнэр, өөрөө ингээд байдаг гэж хэлсэн. Тэгээд би Этай өөртэй нь холбогдож үзэхэд найзад нь ёстой тийм зүйл байхгүй, юу гэж дээ тэгээд бид хоёрын нөхөр найз нөхөд учраас цаашид хоёулаа найз нөхөд болох байх. Санамсаргүй тийм зүйл болсон, дахиж ийм зүйл болохгүй гэж надаас олон удаа уучлалт гуйсан, надад амлалт өгсөн. 2022 оны 08 дугаар сард би нөхөртэйгөө гарах гэхэд манай гэрийн гадаа ирсэн зогсож байсан. Тэгээд бид хоёрыг харчихаад зугтаагаад яваад өгсөн. Хэд хэдэн удаа манай гэрийн гадаа ирсэн. Дахиж манай нөхөртэй холбогдохгүй гэж ам, өчиг өгсөн хэр нь манай нөхрийн данс руу удаа дараа мөнгө хийгээд байдаг. Мөнгө хийхээр нь асуухад зээлсэн гэж хэлдэг. ...хэргээ хүлээхгүй байхаар нь барьж авъя гэж бодож явж байгаад тухайн шөнө... Яг үйлдэл дээрээ баригдсан. Манай нөхрийн машинтай зугтаасан. Би гар утас руу нь залгахад надад өгсөн хариу үйлдэл байхгүй. Би одоо над руу залгахгүй бол энэ үйлдлийг чинь нөхөрт чинь хэлнэ гэж хэлэхэд тэгээд чи яах юм, чи муу юу юм гэсэн хариулт өгсөн. Тэр үед тийм зүйл харсан хүн ямар ааш авир гаргах вэ, би ууртай байсан. Олон удаа залгасан, тэгээд утсаа авахгүй болохоор нь одоо ирэхгүй бол машиныг чинь ийм болголоо шүү гэхэд чи тэгээд яах юм, чи муу юу чадах юм гэж хэлсэн. Би уурласан болохоороо тийм үйлдэл хийсэн. Нөхөр нь над руу залгаад хоёулаа уулзъя гэхээр нь би .... хорооллын гадаа очсон. Тэгээд эмч, сувилагч нар гаргахгүй байна, цоожтой байна. Э гэртээ харьсан гээд байна, чи гэрт очоод үзчих гэхээр нь би гэрт нь очсон. Гэрийнх нь гадаа очиход Э манай нөхөртэй утсаар яриад зогсож байсан, намайг очсоныг анзаарахгүй байсан. Тэгэхээр нь би дуудахад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаад авсан. Өөрөө ч гэсэн миний үснээс зулгаасан. Надад цохиж, зодсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Нөхөртөө хоол өгөх гээд эмнэлэг явсан. Тэгээд Х над руу уулзъя гэж залгасан. Би нөхөртөө хоолыг нь хүргэж өгчихөөд дэлгүүрийн гадаа очиж зогсоход Х ирсэн. би Хийн машинд орж суусан. Цонхон дээр хүн ирэхээр нь харахад А байсан. Тэгээд би бууя гэхэд Х хаалгаа нээж өгөхгүй байсан. Х машинаа асаагаад хөдөлсөн. Тэгээд худгийн зүүн талаар ороод гэр байран дунд намайг буулгачихаад явсан. Тэгээд гадаа машин ирсэн, гарахад А ирсэн байсан. Би уучлаарай найзаа гэхэд миний нүүр рүү дайрч намайг маажсан. Тэгээд машиныхаа урд очиж унагааж, дээш харуулж байгаад элэгдээд, чамайг би хүн харах аргагүй болгоно гэж хэлсэн, миний нүүрийг олон удаа маажсан. Тэгээд би аллаа гэж хашхирахад ээж сонсоод гарч ирсэн. Машинд хохирол учруулсан, нүүр маажсан. Одоо гоо сайхны эмчилгээнд 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гоо хатан гэх гоо сайхны эмнэлэг дээр очиж үзүүлж, зөвлөгөө авсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр... эмнэлэгт хэвтэж байхад орой 22 цагийн орчимд танихгүй эмэгтэй залгаад "танай эхнэр Хтэй явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд "танай эхнэр 5 минутын дотор ирэхгүй бол би машиныг чинь сүйтгэлээ шүү" гэж надад утсаар хэлсэн юм... тэгээд 00 цагийн орчимд байх аа эхнэр Этай утсаар ярихад "Цагдаа дээр байна. Намайг дуудсан. Байцаалт өгөх гээд байж байна аа" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ........ дугаартай ....С.Эгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруул, доод эрүүнд зулгаралт" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар тал),
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-10 дугаар тал/,
гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн орчимд Э зүв зүгээр эргэлтийнхээ юмыг тавьчихаад байж байхад утас нь дуугарсан чинь утсаа аваад гараад явсан. Тэгээд бараг 30-аас 40 минут болсны дараагаар гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь би гэрээсээ гараад хашаа тойруулаад харахад том хаалга онгорхой байсан... хашааны гадна талд цагаан өнгийн жижиг машин гэрлээ асаасан зогссон. Тэгээд очоод харахад нэг эмэгтэй Эг хашаанд шахаад багалзуурдаад, боогоод зогсож байсан. Тэгэхээр нь би очиж, тэр эмэгтэйг араас нь татаж, чангаагаад салгаад "Та нар яаж байгаа юм бэ? Юу болчихов" гэхэд нөгөө эмэгтэй надад "Танай охин чинь миний нөхрийг аваад явчихсан" гээд орилоод байхаар нь би... салгаад, цагдаа дуудсан... би охиноо харахад Эгийн нүүр ам нь улаан эрээн цус хурсан, маажуулсан байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
Хас үнэлгээ ХХК-ий 2023 оны .......-ны өдрийн .... дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар тал),
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 71 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой ...........тоотод хохирогч С.Эг нөхөртэй уулзлаа,гэр бүлээс гадуурх харилцаа тогтоолоо гэж маргалдан түүний нүүрийг маажих, үсдэх, газарт унах зэргээр биед нь халдаж тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх хугацаанд ..... .... хорооллын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.Эгийн эзэмшлийн .... улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд их гэрлийг хагалах, бичвэр бичсэнээс зүүн урд хойд хаалга,баруун хойд крыло, капут гүн зурагдаж 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан дараах нотлох баримтууд болох шүүгдэгч болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ..... дугаартай дүгнэлт, Шинжээч эмч У.Энхмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тархи доргилт гэмтэл нь үс зулгаах, өнхрөлдөж газарт унах, үсдэх зэргээс үүсэх боломжтой. Харин маажсанаас үүссэн баруун нүдний дээд зовхины цус хуралт, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн шанаа, дээд уруул, доод эрүүнд зулгаралт гэмтэл нь биеийн гадаргуугийн нэг хувиас дээш гарвал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Тархи доргилт гэмтлээс бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлгээр
Мөн бусдын өмчлөлийн зүйлийг санаатайгаар эвдэн гэмтээж урд салхины шил, зүүн урд их гэрлийг хагалах, бичвэр бичсэнээс зүүн урд хойд хаалга,баруун хойд крыло, капут гүн зурагдаж хохирогчид 1670000 төгрөгийн хохирол байгаа нь хууль бус санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч С.Эд 1670000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.А нь хохирогч С.Эгийн нүүрийг маажих, үсдэж газарт унах зэргээр халдсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж,түүнийг хүсэж үйлдсэн,хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бол,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “...Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно...” гэж тус тус заажээ.
Хохирогч С.Эгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1670000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш” хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө хууль бусаар устгах,гэмтээх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан”Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө хууль бусаар устгах,гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Н.А нь хохирогчийн эд хөрөнгөнд учруулсан хохирол 1670000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Эгийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч нь нүүр маажсанаас үүссэн хумсны сорвийг эмчлүүлэхээр Гоо хатан эмнэлэгтэй холбогдоход 2,000,000 төгрөгийн зардал гарна гэсэн тул 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, тухайн эмнэлгээс эмчлүүлэхэд гарах зардлын талаарх тооцоог гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Ад ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Түүнчлэн шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг болон хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1100000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах гэсэн саналыг гаргасан байна.
Шүүгдэгч Н.Агийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эд хөрөнгөнд учруулсан хохирлыг төлсөн, эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаар тогтоогдсоныг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн санхүүгийн чадвар, эдийн засгийн байдал зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ад мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ял дээр 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт ялын хэмжээг 1,000,000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, хохирогч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН