Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2019/02433/И |
Дугаар | 001/ХТ2021/01432 |
Огноо | 2021-11-25 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/01432
Фүжи холдинг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00042 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 496 дугаар магадлалтай,
Фүжи холдинг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Т.Ганболдод холбогдох,
Зээлийн гэрээ-ний үүрэгт 4,499,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ганболд нь 2016.03.25-ны өдөр манайхтай 03/11 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийг зээлэн, барьцаанд Г.Ганболдын өмчлөлийн 30-07 УНД улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг фидуцийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017.03.30-ны өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл хүүний төлбөрөө хугацаа хэтрүүлсэн байна. Т.Ганболд нь зээлийн гэрээний 4.2.1-т заасныг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,648 төгрөг, хүү 2019.06.14-ний өдөр хүртэл 1,694,878 төгрөг, 2019.12.16-ны өдөр хүртэл 320,934 төгрөг буюу нийт хүүний төлбөрт 2,015,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2019.06.14-ний өдөр хүртэл 292,896 төгрөг, 2019.12.16-ны өдөр хүртэл 67,228 төгрөг буюу нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 360,124 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 4,499,584 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие 2014 оноос эхлэн Фүжи холдинг ББСБ ХХК-д гэрээний мэргэжилтнээр ажилласан, 2016 онд 3,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2014 оны 12 сард Фүжи холдинг ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч 2016.03.29-ний өдөр Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэх эрхийг хүчингүй болгосноор маргаан захиргааны хэргийн шүүхээр хянагдсан. Тухайн үед би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.15-ны өдрийн 670 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2016.03.29-ний өдрийн А/253 дугаар захирамж, тухайн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багцыг хүчингүй болгож, ялалт байгуулсан. Тухайн төсөл 90,000,000,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд шүүхэд ялалт байгуулснаар Фүжи холдинг ББСБ ХХК-ийн /тухайн үед Фүжи констракшн групп ХХК-ийн захирлаар мөн ажиллаж байсан/ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Энхсайхан намайг урамшуулна гэснээр надтай байгуулсан ажилтны зээлийн гэрээг тэглэж өгсөн. Тийм ч учраас би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2016 оны 10 сараас хойш төлөлт хийхээ зогсоосон. Хэдийгээр болсон үйл баримтыг нотлох баримт байхгүй ч 2016 оны 10 сараас хойш өдийг хүртэл буюу 2019 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд надаас нэг ч удаа зээлээ төл гэж шаардаж байгаагүй, мэдэгдэл өгч байгаагүй. Зээлийн гэрээний 5.1.6, 7.1-т тус тус заасны дагуу үндсэн зээл төлөх хугацаа 30 хоногоор хоцорсон буюу хүү төлөх хуваарийг 2-оос дээш удаа зөрчсөн бол 1 талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээр дээрх үйл баримт нотлогдоно. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан боловч нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019.03.13-ны өдрийн 23 тоот тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх хуулийн зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй ёстой байтал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,110,648 төгрөг, зээлийн хүү 2,015,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,124 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэл гаргасан Т.Энхсайхан Фүжи холдинг ББСБ ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Учир нь Фүжи холдинг ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд компанийн удирдлагатай холбоотой маргаантай асуудал үүссэн, өөрөөр хэлбэл 89.53 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Ишибаши Рёосүкегийн нэхэмжлэлээр Т.Энхсайханд холбогдуулан үүсгэсэн хувьдаа ашигласан 552 510,873 төгрөг болон 10.47 хувийн хувьцаа гаргуулах, гүйцэтгэх удирдлага шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөх, компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгах шаардлагатай хэрэг шийдвэрлэгдээгүйг тус шүүхийн Тамгын газрын 2019.12.12-ны өдрийн албан бичгээр тодорхойлсон. ТУЗ-ийн 2016.11.28-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирлаар С.Чанцалмааг томилж, Т.Энхсайханыг чөлөөлсөн тул гүйцэтгэх захирал хэн болох тухай асуудал маргаантай байна. Дээрхээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасан тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00042 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т.Ганболдоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,443,782 төгрөг гаргуулан, Фүжи холдинг ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,055,802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 496 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас магадлал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Фүжи холдинг ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн УБЕГ-ын 2019.12.23-ны өдрийн тодорхойлолт, гэрчилгээнд бүртгэгдсэнээр нотлогдож байна гэж үзэж Т.Энхсайхан нь Фүжи холдинг ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэн, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй, ...түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын маргаан шүүхээр хянагдаж байгаа гэх боловч дээрх маргаан нь зээлийн гэрээний үүрэг шаардсан маргаанд хамааралгүй бөгөөд хариуцагч Т.Ганболдыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасан ба хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.7-т заасан үндэслэл тогтоогдсон байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцэхгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
1. Т.Энхсайхан нь Фүжи холдинг ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014.09.09-ний өдрөөс томилогдсон боловч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.11.28-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чанцалмааг томилж, Т.Энхсайханыг чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч тухайн нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлэх ба Фүжи холдинг ББСБ ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гүйцэтгэх захирал гэх Т.Энхсайхан нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чанцалмаа гэх хүн томилогдсон тухай нотлох баримтыг хэрэгт авахуулах хүсэлтийг 2019.12.16-ны өдөр болон 2020.01.06-ны өдрүүдэд гаргасан боловч шүүхээс хэрэгт ач холбогдолгүй баримт гэж үзэж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Фүжи холдинг ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоол хэрэгт чухал ач холбогдолтой нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлтэй чухал хамаарал бүхий баримт байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байхад гомдол гаргах эрхгүй гэж үзсэн нь анхан шатны шүүх хариуцагчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй буюу хариуцагчийн эрхийг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн.
2. Мөн Фүжи холдинг ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Ишибаши Рёосүкегээс Т.Энхсайханд холбогдуулан хувьдаа ашигласан 552,510,873 төгрөг болон Фүжи холдинг ББСБ ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, Фүжи холдинг ББСБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөх, компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад уг баримтыг үнэлээгүй. Учир нь Т.Энхсайхан нь компанийн мөнгийг хувьдаа завшсан, компанийн гүйцэтгэх захирлаар өөр хүн томилогдсон болохыг тогтоолгох мөн компанийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа тул компанийн тамга, тэмдгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Т.Энхсайханыг компанийн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн нь мөн л магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос Т.Энхсайханы хууль бус үйлдэлтэй холбоотойгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдлыг үнэлээгүй нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн.
Иймд дээрх нөхцөл байдлуудын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 183/ШШ2020/00042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 496 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Фүжи холдинг ББСБ ХХК хариуцагч Т.Ганболдод холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 4,499,584 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Зохигч 2016.03.25-ны өдөр Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулж, Фүжи холдинг ББСБ ХХК 3,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Т.Ганболд гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг хугацаанд нь төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулжээ.
Зээлдүүлэгч зээлийн хөрөнгө 3,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд үндсэн зээлд 889,352 төгрөг, зээлийн хүүд 455,648 төгрөг тус тус төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,648 төгрөг, зээлийн хүү 2,015,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,124 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 4,499,584 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...тухайн үед компанид гэрээний менежерээр ажиллаж байсан, Захиргааны хэргийн шүүхэд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүхэд ялалт байгуулсан тул захирал урамшуулна гэсээр миний зээлийг тэглэсэн, тэр үеэс хойш надаас зээлийн төлбөр нэхээгүй, ...түүнчлэн нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2019.03.13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хүчингүй болгосон, ...улмаар нэхэмжлэгч Т.Энхсайхан гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, ...нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргажээ.
2. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад нийцсэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогдсон, хариуцагч зээлийн үүргээс чөлөөлөгдсөн талаарх тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй тул гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагчийн төлөх зээлийн үүргийг нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,443,782 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
3. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулга бүхий байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар болон Фүжи холдинг ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын маргаан тухайн хэрэгт хамааралгүй талаар хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 496 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э.Даваасүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Ганболдоос 2020.04.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД