Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0405

 

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0405

Улаанбаатар хот

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н;

 

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0302 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0527/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “А” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэ, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 128/ШШ2025/0302 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.2. “А” ХХК-д Баянзүрх дүүргийн 1Х дугаар хороо, Цагдаагийн академи 4Х-Х тоот хаягт нэгж талбарын 1331501801 дугаартай газарт агуулахын зориулалттай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Яармагийн хангарди нэг цэгийн үйлчилгээгээр ирүүлснийг судлахад тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарч, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарч, төлөвлөлтийн цэвэр усны Улаанбаатар хотын шугамын хамгаалалтын бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны хамгаалалтын зурвасаар тусгагдсан, төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хороолол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.

3.3. Иймд дээрх үндэслэлүүдээр Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 128/ШШ2025/0302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт /хуучин Хот байгуулалт, хөгжлийн газар/ холбогдуулан “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Маргаан бүхий үйл баримтын талаар;
    1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А” ХХК нь “Э” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.1, 1.2-д зааснаар гэрээний зүйл нь “...Баянзүрх дүүргийн 1Х дугаар хороо, Цагдаагийн академийн 4Х/Х дугаарт байрлах...Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16Х тоот захирамжтай, газар эзэмших 0006336 тоот гэрчилгээ,... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ...58475 тоот гэрчилгээ бүхий баруун гарын суман шилжүүлэг, 365 м урт салаа төмөр замтай, 28 ширхэг шатахуун хадгалах сав хүлэмж болон урд ба баруун талаараа модон, хойд талаараа блокон хашаа бүхий үндсэн хөрөнгийг 1.5 сая /Нэг сая таван зуун мянга/ ам доллараар худалдан авахаар тохиролцсон.
    2. Дээрх гэрээний 1.3-д заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн 22811 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлж,

-2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/83 тоот захирамжаар дээрх хаягт орших газрын хэмжээ 22790 м.кв болж, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт”-ыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор”-ын зориулалтаар гэж өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

  1. Харин нэхэмжлэгчээс дээрх “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор”-ын зориулалтаар эзэмшиж байгаа газар дээрээ “Агуулахын барилга барих”-аар шийдвэрлэж зураг төсөл боловсруулан “Архитектур төлөвлөлтийн даалгавраа сэргээлгэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох” тухай хүсэлтийг хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 14, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гаргажээ.
  2. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас “...тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны шугамын хамгаалалтын зурвасаар тусгагдсан, мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн татгалзсан хариу өгсөн нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
  3. Хууль хэрэглээний талаар;
    1. Монгол Улсын Их хурлын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах.” гэсэн заалтыг үндэслэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баталсан нь Улсын Их Хурал хот байгуулалтын талаар эдлэх хуулиар олгогдсон бүрэн эрхэд нь хамаарч байх ба энэ нь Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;” гэсэн хуулийн заалттай мөн нийцжээ.
    2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 63 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах;” гэсэн заалтуудыг үндэслэн “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд /688.9 га талбай/, Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд /258.9 га талбайд/ газар хамруулж төлөвлөгөө баталсан нь Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хот байгуулалтын үйл ажиллагааны талаарх эдлэх хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байна.
    3. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг;”, 3.1.12.-т ““хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг;” ойлгохоор хуульчлан зохицуулсан хуулийн хүрээнд дээр дурдсан Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, уг ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байна.
    4. Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;” гэж Нийслэл, Хотын ерөнхий Архитекторын эрх, үүргийг хуульчилсан байна.
    5. Үүнээс үзвэл, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-д тусгасан газартай давхцуулан хууль зөрчиж, “А” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үндэслэлгүй.
    6. Дээр дурдсан хууль тогтоомж, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь нэхэмжлэгч “А” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.
    7. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахыг хүссэн газар нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
  4. Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага, “А” ТӨХК, болон төмөр замын байгууллагууд нь газар зохион байгуулалтын талаар дүгнэлт гаргадаг, хотын хөгжлийн төлөвлөгөө баталдаг, дүгнэлт өгдөг байгууллага биш болохыг шүүх анхаарч үзэлгүйгээр “Ц” ТӨХК, “А” ТӨХК-иудаас тус аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцын хамгаалалтын зурвас, үйл ажиллагаа, барилга байгууламжуудад нэхэмжлэгчийн төлөвлөж буй агуулахын барилга нь саад учруулахгүйг тодорхойлж өгсөн нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь буруу.
  5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй шүүхээс “...хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгавар авах эрхтэй, хариуцагчаас хуулийн дагуу шийдвэрлэж тус даалгаврыг олгох нь хуулиар баталсан журамд заасан үүрэг байхад энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.12, 5 дугаар зүйлийн 5.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ          

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА