Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн

Шүүгдэгч Б.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овогт Цэрэнбатын Бадамцэцэгт холбогдох эрүүгийн 201610010212 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 143 дугаар байрны 02 тоотод  оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Баяд овогт Цэрэнбатын Бадамцэцэг /РД: ТА92120608/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Бадамцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж /хадам ээжтэйгээ муудсан гэх/ танхайрах явцдаа Замын-Үүд сумын 1-р багт байрлах Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 3 дугаар ангийн Замын-Үүд холбооны үйл ажиллагааг алдагдуулан гадна талын цонхнуудыг хагалж, улмаар дотогш орж албаны өрөөнд байсан 1 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг сансунг маркийн принтерийг эвдэлж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Бадамцэцэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжиж ирээд 6 орчим жил болж байна, ирснээс хойш 2 хүүхдээ хараад хадам ээж, аавынхаа гэрт амьдардаг байсан. Харин 2015 оноос хойш Замын-Үүд ПТО-д вагон үзэгчээр ажилд орсон юм. Би 2016 оны 06 сараас хойш хадам ээж, аавтайгаа таарамж муутай болж нөхрөөсөө салж ганцаараа амьдрах болсон. Манай хадам ээж, аав хоёр Замын-Үүд холбоонд ажилладаг юм. 2016 оны 10 сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байж байхдаа 2,5 литрийн нэг пиво уучихаад гэрээсээ гарч хадам аав, ээжийн ажил болох Замын-Үүд дохиолол холбооны газар луу очсон. Намайг очих үед хадам ээж Аюуш ажилтай байсан бөгөөд би түүнтэй маргалдсан, салсан нөхөр Очирбатын талаар хэлж маргалдсан. Тэгээд л маргалдаж байх явцдаа өрөөнд байсан 1 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг самсунг маркийн принтер, өрөөний 3 ширхэг цонхыг хагалчихсан. Би байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.      

- Иргэний нэхэмжлэгч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд дэх холбооны газрын ажлын байрны 1 ширхэг компьютерийн дэлгэц,1 ширхэг Самсунг маркийн принтер, 104x47 см-ийн хэмжээтэй 4 ширхэг цонх, 94x37 см-ийн хэмжээтэй 1 нийт 5 цонх зэргийг эвдэлж гэмтээсэн байсан. Би тухайн өдөр ажил дээрээ байгаагүй учраас ямар шалтгаанаар эвдэлж гэмтээснийг мэдэхгүй байна. Манай байгууллага зах зээлийн ханшаар хохирлын тооцооог гаргаж өгсөн. Байгууллагын хохирлыг Бадамцэцэг бүрэн барагдуулсан, хэрэг болсоны маргааш өглөө нь засаж янзалж өгсөн. Одоо нэхэмжлэx зүйл байхгүй гомдол саналгүй гэжээ. /хх-ийн 16/

-Гэрч М.Гангаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр 17 цаг 30 минутын орчимд намайг ажлаа хийгээд сууж байтал холбооны байшингийн гадаа цонх хагарах чимээ гарсан. Би өрөөнөөс гараад хартал байшингийн гадаа Бадамцэцэг өөрийн нөхөр Очирбатын төрсөн ээж Аюуштай маргалдаад байж байсан бөгөөд намайг гарч очсоны дараа 2 цонх нэмж хагалсан. Тухайн үед Бадамцэцэг, архи уучихсан бололтой байсан. Бид нарыг очиход Бадамцэцэг би хагалсан цонхоо төлөх чадвартай хүн гэх мэтээр хэлээд байсан. Гартаа машины түлхүүр барьчихаад цохиж хагалсан юм шиг байна лээ. Түүний гараас цус гарчихсан байсан болохоор би эмнэлэг дуудах гээд албаны өрөөнд ортол миний араас Бадамцэцэг ороод ирчихсэн хадамж ээжтэйгээ маргалдаж байсан тэгээд албаны ерөөнд байсан Асер маркийн 17 инчийн дэлгэц, самсунг маркийн принтерийг нь эвдэлчихсэн юм. Ц.Бадамцэцэг нь хагалсан цонхнууд болон эвдэлсэн эд зүйлсийг бүгдийг бүрэн төлж барагдуулсан гэжээ. /хx-ийн 17 /

- Гэрч Ц.Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн оримд манай хүү Очирбат, Бадамцэцэг нар том хүүтэйгээ манай ажил дээрээ ирсэн байсан. Тэгээд манай ажлын гадаа ирчихээд Бадамцэцэг өрөөний 2 цонхыг хагалаад цааш нь үргэлжлүүлэн 3 ширхэг цонхыг ямарч үгийн зөрүүгүй хагалчихсан юм. Тэр үед би ажлаасаа гарч очоод Очирбатад хандаж манай ажил руу битгий оруулаарай гэж хэлчихээд, цагдаа дуудах гээд буцаж өрөөрүүгээ ортол араас Бадамцэцэг миний араас удалгүй албаны өрөөнд орж ирсэн. Түүнийг хурлын зааланд орсоны дараа газарт юм унаж байгаа юм шиг чимээ сонсогдсон бөгөөд тэр үед би хурлын заал руу явж очтол ширээн дээр байсан компьютерийн дэлгэц, принтерийг газарт унагаасан байсан. Тэгээд л цагдаа эмнэлгийн хүмүүс ирж түүнийг аваад явсан. Бадамцэцэг нь манай хүүтэй хамтран амьдарч байгаад 2 хүүхэдтэй болсон. 2016 оны 07 дугаар сараас хойш хамтран амьдрахаа больж салчихсан юм. Бадамцэцэг байгууллагын ажилтанг хэл амаар доромжилсон, биед нь халдсан зүйл байхгүй зөвхөн надад хандаж л хэрүүл маргаан үүсгэж үүнээс болж байгууллагын эд зүйл эвдэж гэмтээсэн гэжээ. /хx-ийн 18/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 01/

-Шинжээчийн 168 тоот дүгнэлт /хх-ийн 22/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

-Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34/

-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35/

-2012 оны 02 сарын 16 нд төрсөн О.Мөнхжаргал, 2014 оны 06 сарын 09-нд төрсөн О.Мөнхбатын төрсний гэрчилгээ /хх-ийн 37-38/

-Ял өөрчлөн сонсгосон тогтоол /хх-ийн 50/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Бадамцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах явцдаа Замын-Үүд сумын 1-р багт байрлах Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 3 дугаар ангийн Замын-Үүд холбооны үйл ажиллагааг алдагдуулан гадна талын цонхнуудыг хагалж, улмаар дотогш орж албаны өрөөнд байсан 1 ширхэг компютерийн дэлгэц, 1 ширхэг сансунг маркийн принтерийг эвдэлж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Гантуяагийн /хх-ийн 16/ “Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд дэх холбооны газрын ажлын байрны 1 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг Самсунг маркийн принтер, 104x47 см-ийн хэмжээтэй 4 ширхэг цонх, 94x37 см-ийн хэмжээтэй 1 нийт 5 цонх зэргийг эвдэлж гэмтээсэн байсан“ гэх мэдүүлэг, гэрч Ч.Аюушийн /хх-ийн 18/ “...Тухайн өдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн орчимд манай хүү Очирбат, Бадамцэцэг нар том хүүтэйгээ манай ажил дээрээ ирсэн байсан. Тэгээд л манай ажлын гадаа ирчихээд Бадамцэцэг өрөөний 2 цонхыг хагалаад цааш нь үргэлжлүүлэн 3 ширхэг цонхыг ямарч үгийн зөрүүгүй хагалчихсан юм. Тэр үед би ажлаасаа гарч очоод Очирбатад хандаж манай ажил руу битгий оруулаарай гэж хэлчихээд, цагдаа дуудах гээд буцаж өрөөрүүгээ ортол араас Бадамцэцэг миний араас удалгүй албаны өрөөнд орж ирсэн. Түүнийг хурлын зааланд орсоны дараа газарт юм унаж байгаа юм шиг чимээ сонсогдсон бөгөөд тэр үед би хурлын заал руу явж очтол ширээн дээр байсан компьютерийн дэлгэц, принтерийг газарт унагаасан байсан. Тэгээд л цагдаа эмнэлгийн хүмүүс ирж түүнийг аваад явсан гэх мэдүүлэг, шинжээчийн 168 тоот дүгнэлт /хх-ийн 22/ болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал болон шүүгдэгч нь бага насны буюу 3 хүртэл насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Баяд овогт Цэрэнбатын Бадамцэцэгийг догшин авирлаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Баяд овогт Цэрэнбатын Бадамцэцэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил  10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бадамцэцэгт оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Бадамцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дүгээр зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бадамцэцэгт 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бадамцэцэгт авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА