Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бид холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Ч.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр .... тоотод  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч .....той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь "... толгойн хуйхны шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Найзтайгаа архи ууж байгаад толгой руу нь цохисон. Найз маань анх байцаалт өгчихөөд, дэмий зүйл боллоо, чамайг хэрэгт оруулчихлаа гээд явсан. Ойлгомжгүй зүйлээс болоод хоорондоо маргалдсан, тэгээд айлгах зорилгоор заазуур шидсэн. Би маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ч.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны орой 18 цаг өнгөрч байхад найз Бийн хамт 2 шил архи уусан. Би 1 шил архийг нь дэнжийн дэлгүүрээс авсан харин Б 1 шил архийг нь авчирсан. ...тоотод Б бид хоёр хоёулаа архи уусан гэрийнхэн нь гадаа ажилтай явж байсан. Би сайн санахгүй байна бид хоёр согтсон байсан 21 цагийн үед хоохой ирсэн тэгээд түргэн дуудаж байсан тэрнээс өмнөх явдлыг бол сайн санахгүй байна. Би нэг гадаа гараад орж ирэх санаатай гарсан тэгээд гадаа гараад эргээд харахад ард заазуур барьчихсан зогсож байсан...Надад гомдол, санал байхгүй" гэсэн мэдүүлэг хуудас ( хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Би нэгж авчхаад гэртээ ирсэн чинь ...., Б, Хүслэн тэр 3 архи уугаад сууж байсан. Би орон дээр хэвтэж байсан чинь Б надад архи уу гээд аяганд хийж өгөхөөр нь  маргааш өглөө ажилтай гэж хэлээд архинаас нь уугаагүй. Би орон дээрээ хэвтэж байгаад 00 орчхоод ирсэн чинь гэр дотор ...., Б хоёр хоорондоо зодолдож байхаар би салгаж орхиод гэрийнхээ гадаа найз Ттай уулзахаар гарсан. Би хашааны гадаа найз Ттай уулзаад зогсож байтал Б, .... 2 гэрийн гадаа дахиад зодолдож байсан би салгах гээд очсон чинь .... ахын толгойноос нь цус гоожиж байхаар нь би эмнэлэг дуудсан " гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай "...1. Ч.....ийн биед толгойн хуйханд шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо...2. Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан толгойн хуйхны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 36 дугаар тал),

 

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 59 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр .... тоотод  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ч.....той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь "... толгойн хуйхны шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ...гадаа гараад эргээд харахад ард заазуур барьчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хашааны гадаа найз Ттай уулзаад зогсож байтал Б, .... 2 гэрийн гадаа дахиад зодолдож байсан би салгах гээд очсон чинь .... ахын толгойноос нь цус гоожиж байхаар нь эмнэлэг дуудсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хохирогч Ч.....ийн эрүүл мэндэд учирсан толгойн хуйхны шарх гэмтэл нь шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн толгойн тус газар заазуураар цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

            Иймд хяналтын прокуророос Ч.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл,хэсэг тохирсон,түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  үзлээ.

            Шүүгдэгч Ч.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ч..... нь нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж , ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ. 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 15.5 м урттай, бариул нь 13 см урттай цэнхэр өнгийн болон улаан цахилгаан лентээр ороосон заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шүүгдэгч Ч.Б нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид  260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 15.5 м урттай, бариул нь 13 см урттай цэнхэр өнгийн болон улаан цахилгаан лентээр ороосон заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

       

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

                                                                                                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН