Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/00633

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 15 өдөр                     Дугаар 142/ШШ2019/00633                                  Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох,

“380 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие ******* нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* гэх хүний авто задаргаанаас мотор худалдаж авсан. Моторыг худалдаж авахдаа тухайн хүнээс өөрийн автомашинд таарах эсэхийг лавлахад таарна хэмээн хэлсний дагуу моторын үнэ 380 000 төгрөгийг *******-д шилжүүлсэн. Мотороо аваад машиндаа тавих гэтэл таарахгүй байсан тул утсаар ярихад өөрөө очоод үзье гэсэн. Өөрөө ирж үзээд таарахгүй юм байнаа, мотороо буцаагаад өгчих ах нь мөнгийг нь маргааш буцаагаад өгье гэсэн. Ингээд мотороо буцаагаад өгсөн байдаг. Гэтэл тухайн өдрөөс хойш 380 000 төгрөгийг маань өгөхгүй өнөөдөр өгнө маргааш өгнө гэж хойшлуулж явснаар өнөөдрийг хүрлээ. Иймээс *******-ээс 380 000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан 380 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч ******* нь *******-ийн нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.

Шүүх, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч *******-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэж хүргүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжоэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3.-т Хариуцач нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч *******-д шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй, маргаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч *******-ээс 380 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12 050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 12 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-ээс 380 000 төгрөг гаргуулан *******-д олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 12 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА