Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

      

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,Ц.О, ...

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.О нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан 6 нас 6 сар 22 хоногтой О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож, эрүүл мэндэд нь зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан 6 нас 6 сар 22 хоногтой О.Эыг зодож, эрүүл мэндэд нь зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн "...Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой... гэртээ байж байхад аав О нь согтуу орж ирээд ах бид хоёрыг загнаад байсан. Тэгснээ баруун хөлийн гуя, тэгээд бөгс рүү алгадсан..." гэсэн /хх 56 ху/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/103 дугаартай “...О.Эы биед зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 21 ху/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Оыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Ц.От танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Э.Эгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.БАЙГАЛМАА