Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 38

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Шүүгдэгч О.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолтой, О.Д-д холбогдох 1928001780125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, түүхийн багш, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын төв Баян хорооллын 5-5 тоотод хардалтын улмаас эхнэр Э.А-ийн цээжний зүүн тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч О.Д-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Д хохирогч нэхэмжлэгч Э.А хохирол төлбөр, зээлийн эргэн төлөлтөд нийт 2448000  төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А цаашид гаргах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн зураас бүхий бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо: “... Уг хэргийн асуудалд миний буруутай асуудал байгаа буруугаа хүлээж байна. Хэрэг шалгах явцад хохирогч Э.Ал-ийн талыг барьж шалгасан. Зүйл ангиа зөвшөөрөхгүй гэсэн санал хүсэлт гаргасан боловч хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Я.Нэргүй, өмгөөлөгч Э.Наранцацрал нарт хэлэхэд хохирол төлбөрөө бүрэн төл ял нь хүндэрнэ гэж гарын үсэг хүчээр зуруулсан.

Шөнө намайг ирэхэд үүд онгорхой гэрэлтэй, машины гэрэлд орлуугаа гүйгээд орж байсан. Түүнээс хойш уур хүрч хаанаас хутгаа авч явснаа мэдээгүй.

Хохирогч Э.А урьд өмнө сэтгэл санааны дарамтад оруулдаг. Намайг холын хүн болохоор байнга хөөж цүнхтэй хувцас гаргаж шиддэг.  Одоо хэрэг хийсний дараа хоёр хүүхэдтэйгээ уулзъя гэхээр уулзуулдаггүй утсаар мессеж бичихээр цагдаад хэлээд дарамтлуулаад байдаг.

Мөн урд нь миний толгой руу том цоожоор хамраас цус гартал цохиж байсан. Түүнээс хойш толгойны нэг тал байнга өвддөг, зүрх, булчирхайн өвчтэй тул оногдуулсан ялаас багасгаж өгнө үү.

Ийм хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй.  Нэг бол хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулж өгнө үү” гэв.

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын төв Баян хорооллын 5-5 тоотод хардалтын улмаас эхнэр Э.Алтангэрэлийн цээжний зүүн тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн шүүх хуралдаанаар авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх зэргийг хянаж үзээд анхан шатны шүүх дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж заасан. Согтуурсан үедээ эхнэрээ хардаж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь атлаа үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч О.Д давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг хийсэндээ харамсалтай байна. 4 жилийн хорих ялыг боломжит хугацаагаар багасгаж өгнө гэж хүсэж байна. Мөрдөн байцаагч нэг талыг барьж шалгасан. Би машинаа бариад гэрийнхээ гадаа ирэхэд Э.А  хоймроос босоод орлуугаа орсон. Би хутга барьсандаа харамсаж байна. Бямбацогтын хөнжлөөс Э.А нь босоод хүүгийнхээ араар хэвтсэн. Мөрдөн байцаагч дутуу шалгасан. Надад оногдуулсан ялыг боломжоор нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн хэрэг шалгах явцад өөр өмгөөлөгчтэй явсан учир хэрэгт нэмэлт ажиллагаа хийх боломжгүй. Хэрэг гарах шалтгаан нөхцөлийг  Бямбацогтын өврөөс Э.А ор луугаа орж байсан нь машины гэрэлд харагдсан. Үүнээс болж сэтгэл санаа цочрон давчдаж, хутгаа яаж барьснаа энэ хүн мэдээгүй гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд зүйлчлэл өөрчлүүлэхээр нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол энэ зүйл ангиар өөрчлүүлэхээр санал тавьсан боловч шүүх хуралдаан дээр хүлээж аваагүй. Хэрэг үйлдэхэд А-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Д-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр О.Д-д холбогдох эрүүгийн 1928001780125 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч О.Д нь зэвсэг хэрэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын төв, Баян хорооллын 5-5 тоотод хардалтын улмаас эхнэр Э.Алтангэрэлийн цээжний зүүн тал руу хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн ...Манай ажлын хүмүүс нэг шил архи, нэг том савтай пиво хувааж ууцгаасан. Тэгж байтал Намхай манай нөхрийг наадмын талбай руу хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Д-ыг чи архи уусан байж явж яахын гэхэд нөхөр зүгээр зүгээр гээд Намхайтай хамт машинаар наадмын талбай явсан. Тэгээд гэрт байсан хүмүүс архи пивоо ууж дуусаад тарцгаасан. Тэгэхэд гэрт манай ажлын Бямбацогт унтаж үлдсэн. Тэгээд би гэрээс хүмүүсээ гаргаж явуулаад гэрт орж ирээд Бямбацогт унтаж байхаар нь дээрээс хөнжил гаргаж хуччихаад гэрийн зүүн талын орон дээр бага хүүгийнхээ хажуугаар ороод унтсан. Тэгсэн нойрон дунд хүн хашгирах чимээ гараад сэрээд харахад манай том охин толгой дээгүүр ээжээ, ээжээ гээд гүйгээд байсан. Тэгээд өндийгөөд зүүн гараараа дарахад халуун оргиод байсан. Миний цээжний зүүн талаас цус гарсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт байсан. ...Д намайг хутгаар цээжний зүүн талаас хутгалж элэг, дэлүү, уушги, өрц зэрэг эрхтнүүдийг гэмтээсэн байсан. ...Би гэртээ зүүн талын орон дээр баруун талаараа хэвтээд унтаж байсан гэсэн мэдүүлэг /хх-25-28/, гэрч М.Сумъяагийн ...би босоод Алтангэрэлийн гэрт ороход эхнэр нь гэрийн зүүн орон дээр нялх хүүхэдтэйгээ ёолоод хэвтэж байсан. Хүүхэд нь унтаж байсан. Тэгсэн Алтангэрэлийн өмсөж байсан фодволк нь цус болсон, биеийн зүүн доод хэсэгт хавирганд ил шарх харагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх-36/, гэрч Э.Бямбацогтын ...2019 оны 07 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад наадмын талбайгаас сумын төв рүү Баатар, Намхай, Алтангэрэл, А-ийн нөхөр Д бид нар Баатар ахын хашааны гадаа ирсэн. Тэндээсээ А-гийнд очсон. Намхай 0.75 граммын нэг шилний хагас архи гаргаад Баатар, Намхай, А, Д, сүүлд Баясаа ах Улам-Өрнөх нар ирээд гаргасан архиа хувааж ууж дууссан. ...Д бол архи уусан, жаахан халамцуу согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-34-35/, яллагдагч О.Д-ын ...эргээд хашаанд ирэхэд гэрийн хаалга онгорхой, манай эхнэр А гэрийн зүүн талд байдаг орлуугаа гүйгээд орж байгаа харагдсан. Тэгээд би охины хамт гэрт ороод эхнэрт та хоёр яаж байгаан, юу болоод байгаа юм, чи сая орлуугаа гүйж орсон биз дээ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр юм хэлээгүй. Тэгээд гэрийн хоймор хэсэгт унтаж байсан Бямбацогтын хөнжлийг татаж сэрээх гэхэд сэрээгүй. Тэгээд би хоолны шүүгээн дээр байсан хутга аваад хутганы ишнээс нь барьж байгаад эхнэр рүүгээ шидсэн. Тэгэхэд эхнэрийн нөмөрсөн хөнжилд зоогдсон байсан. Тэгэхэд манай охин ээжийн хажуунаас цус гараад байна гэсэн. Тэгээд эхнэр лүү дөхөж очоод харахад хувцас нь цус болсон байсан. Тэгээд би хутгаа буцаагаад авсан. ... Би согтууруулах ундаа уусан нэлээн согтолттой байсан. Гэхдээ цагдаагийн өрөөнд ирээд драгер үлээхэд 0.52%-тай гарч байсан гэсэн мэдүүлэг /хх-72-74/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаартай ...Э.Алтангэрэлийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц, элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт, шокийн байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Э.Алтангэрэлийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-38-39/, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг үнэлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасан байна.

О.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “таван жилээс арван хоёр жил хүртэл” хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч О.Д-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Алтангэрэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2448000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч О.Д-ын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч О.Д-мын “оногдуулсан ялын хэмжээг багасгах, эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгөхийг хүссэн тайлбарыг гаргасан боловч хохирогч Э.А нь О.Д-д болон түүний ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй учир давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-ын “ял хөнгөрүүлэх, хэргийг дахин шалгуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар О.Даваанямын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ