| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 119/2025/0008/З |
| Дугаар | 221/МА2025/0343 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2025/0343
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2025/0343 | Улаанбаатар хот |
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.О нар;
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 119/2025/0008/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын зөвлөмжийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай тендерт “А” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерт “А” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “А” ХХК-ийг тендер шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерт “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.О нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын жишиг баримт бичигт нийцүүлэн ЭҮΤӨΥΓ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нийтэд зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-д “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасан.
3.2. ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1-ийн 2 “Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд:
3.2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг.
3.2.2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг.
3.2.3. Оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэр (PDF)-т шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод, гаргацтай байх шаардлагатай бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно” гэсэн шаардлага тавьсан.
3.3. “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн гэрээт борлуулагчийн зөвшөөрөлд үнэлгээ хийхэд S компаниас Хятад дахь S бүтээгдэхүүний онцгой эрхт борлуулагчаар “Ac” компанийг томилсон байтал “А” ХХК нь “АХЛ” компаниас гэрээт борлуулагчийн зөвшөөрөл авсан байх тул шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Үнэлгээний хороо болон захиалагч нь уг тендер шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн тендерийн баримт бичиг нь ТШЗ-ны 20.1-ийн шаардлага хангахгүй гэж үзэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 тоот албан бичгээр “А” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.
3.4. Дээр дурдсан баримтуудад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар нотлох баримтыг дутуу үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.
3.5. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 119/ШШ2025/0012 дугаар шийдвэрийн “...ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож..." гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл+” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцсон “...“А” ХХК-ийн тендерээс захиалагчийн тавьсан “ТШЗ 19.1, ТШЗ 20.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр татгалзсан, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар үндэслэлгүй болох нь тогтоогдсон байна. Тухайлбал,
2.1. Тендерт оролцогч “А” ХХК-ийн тендерийн баримтад хавсаргасан Төрийн банкнаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19/07-831 дугаар албан бичгээр Төрийн банкны харилцагч “А” ХХК /РД:588553/ нь баталгаажсан санхүүгийн баримт, материалыг судалж 4.000.000.000.00 /Дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлжих чадвартай болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт нь Тендерийн баримт бичгийн II Бүлэг. Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-ийн ТШЗ 19.1 “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах.”, 2-т “...Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” гэж заасан шаардлага хангасан байна.
2.2. Гэтэл дээрх харилцагч банкны тодорхойлолтыг “шаардлага хангаагүй” гэж үзсэн хариуцагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл”, 16.3.З-д “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана гэж заасантай нийцээгүй, шаардлага хангасан байна.” гэж заасан ба захиалагч тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 2-т “...Байгууллагын харилцагч банкан дахь харилцах дансны үлдэгдлийн баталгаа /Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт/ ...” гэсэнтэй нийцээгүй байна.
2.3. Энэ талаар анхан шатны шүүх “...уг тодорхойлолтоор нэхэмжлэгч “А” ХХК-ийн санхүүгийн баримт материалыг судалсны дагуу 4 тэрбум төгрөг зээлэх чадвартайг, тус банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой болохыг тодорхойлсон байна” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
2.4. АНУ-ын Чикаго хотод 1925 онд үүсгэн байгуулагдсан микрофон, чихэвч, аудио систем зэрэг мэргэжлийн дуу бичлэг, дууны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг /үүсгэн байгуулагч СШ/ “S” компанийн дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг Хятад дахь онцгой эрхт борлуулагчаар “Aс” ХХК нь томилогдож “Борлуулагчийн гэрчилгээ” олгогдсон байх бөгөөд тус компаниас “А” ХХК-д “S” брендийн микрофон, электрон бүтээгдэхүүнийг Монгол Улсын бүс нутагт борлуулахыг зөвшөөрсөн эрхийн гэрчилгээг олгосон нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.2-т “...2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.”, 2.1. “Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг ...” гэж заасантай нийцэж байна.
2.5. Нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт авагдсан Хятад улсын “Aс” ХХК-иас “А” ХХК-д олгосон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь /албан бланк дээрх зөвшөөрлийг “Ас” гэж тойруулан бичигдсэн байдал/ Хятад хэл дээрх болон Хятад хэлнээс орчуулсан /хуулийн этгээдийн нэрийг Хятад ханзаар бичигдсэн/ баримтуудыг тулгаж үзэлгүйгээр 2 өөр компани мэтээр дүгнэж, хариуцагчаас “оролцогчийн ирүүлсэн гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “Aс” ХХК-иас ирүүлээгүй, “АХЛ” ХХК-иас ирүүлсэн нь шаардлага хангаагүй” гэж үзэн татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй.
2.6. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу “А” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянаж үзээд Монгол Улсын Сангийн яам 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/474 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “...гэрээт борлуулагчийн зөвшөөрөл нь “АХЛ” /олон улсын/ ХХК-аас ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн СЭ-112-12/8428 шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж дүгнэж гомдлыг шийдвэрлэсэн байхад үүнийг хариуцагч Тендерийн үнэлгээний хороо анхаарч үзэлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж маргаан бүхий шийдвэр гаргасан нь буруу байна.
3. Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“А” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн гэрээт борлуулагчийн зөвшөөрөлд үнэлгээ хийхэд S компаниас Хятад дахь S бүтээгдэхүүний онцгой эрхт борлуулагчаар “Aс” компанийн томилсон байтал “А” ХХК нь “АХЛ” компаниас гэрээт борлуулагчийн зөвшөөрөл авсан байх тул шаардлагыг хангаагүй гэж үзсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “А” ХХК-ийн “ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/701 дугаар мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “...“А” ХХК-ийг тендер шалгаруулсан дүгнэлт, зөвлөмж гаргахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/202401021263 дугаартай Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерт “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 119/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА