Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 13

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
     Улсын яллагч: Б.Батсайхан 
    Хохирогч: Н.Мөнхтулга 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Цэрэннадмидын Нарангэрэлд холбогдох 201603000443 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 53 настай эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баянцагааны 06-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Өндөр овогт Цэрэннадмидын Нарангарал /РД:АВ63052113/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Нарангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр Шар булгийн давааны өвөрт сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 65-52 УБЛ улсын дугаартай Муссо маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж автомашин замын хажуу тал руу онхолдлож зорчигч Ц.Оюунчимэгийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан, В.Бямбахишигийн амь намыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ц.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болохоос өмнө Өндөр-Улаан суманд амьдардаг Булгаа надад мөнгө өгөх ёстой байсан юм. Булгаа надад мөнгө өгч чадахгүй байна. Мал өгье гэж хэлэхээр нь Булгаагийн эхнэр, хоёр хүүхэдтэй нь гэрт нь очиж авах гээд явсан. Тэгээд замаасаа О.Итгэлтбатыг аваад явсан. Явах замд машин тоормослохгүй болоод тэгээд л нэг мэдэхэд осол болсон гэв.
Хохирогч Н.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 01-ний өдөр орой 22 цагийн үед манай нагац ах болох Батгэрэл ах манайд ирээд аав, ээж хоёрыг осолд орчихлоо. Аав ээж хоёрын чинь биеийн байдал муу байна гэж хэлсэн.  Бид нар эцэг эхээс гурвуулаа учраас би эгч дүү нарыгаа дуудаад  найз Нямбаярын хамт бид 4 Улаанбаатар хотоос Архангай аймаг руу тэр өдрөө гарсан. Бид нар өглөө 06 цагийн үед Архангай аймагт ирэхэд аав нэгдсэн эмнэлэгт сэхээний тасагт бие нь муу хэвтэж байсан. Тухайн үед аавтайгаа уулзаж биеийн эрүүл мэндийн байдлыг нь асуучихаад эмчтэй уулзахад нэлээн хэдэн хавирга нь хугараад уушги руугаа орсон байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Оюунчимэг эгч болон хоёр хүүхдийнх нь биеийн байдлыг асуугаад хэрэгтэй эм тариа юу байна тэр болгоныг авч өгөөд эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эмнэлэгт ээж ирээгүй байсан. Тэгээд аавтайгаа уулзчихаад Өндөр-Улаан сумын эмнэлэг хэвтэж байгаа ээж рүүгээ явсан. Замдаа осол болсон гэх газар очсон. Очоод бид нар машин дотор болон ойр хавиар нь унасан барьсан зүйл байж магадгүй гэж бодоод машин дотор болон гадуур нь нэлээд явсан. Би өөрөө Улаанбаатар хотод аавтайгаа хамт машин засдаг учраас машины эд ангийг сайн мэддэг. Тэгээд машин дотор орж суугаад крадан болон бусад эд ангийг нь хартал манай аав машиныхаа краданыг тултал нь татсан, машин доторх эд анги болон гадна талын эд анги нь цуурсан гэмтсэн байдалтай ертөнцийг зүгээр зүүн талд дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Машиныхаа эд ангид гар хүрэхгүй тэндээ үлдээгээд шууд Өндөр-Улаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд сумын эмнэлэгт очиход манай нагац эгч нар эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ээжийн биеийн эрүүл мэндийн байдал хүнд ухаангүй байсан. Тэгээд бид нар аймгаас түргэн дуудахад Чойжилжамба эмч орой 19 цагийн үед сумын эмнэлэг дээр ирсэн. Ирээд аймгийн төв орж эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ шууд ээжийг аваад аймгийн төвийн эмнэлэгт 22 цаг 30 минутын үед ирсэн. Ирээд шууд эмнэлэгт сэхээний тасагт хэвтүүлсэн. Хэд хоног эмнэлэгт биеийн байдлыг нь харж байгаад хот руу авч явъя гэж байсан боловч эрүүл мэндийн байдал нь муудаад байхаар нь хотоос нуруу нугасны мэс заслын эмч болох Төгсөө гэх эмчийг дуудсан.  Эмч аймагт ирээд ээжийг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалгаа хийсэн. Хагалгаанд баруун тархины харалдаа хагалж толгойд нь хурсан цусыг авсан гэж эмч надад тайлбарлаж өгсөн. Тэгээд хагалгааны дараа ээжийн эрүүл мэндийн байдал нь дээрдсэн боловч удалгүй 7 хоноогүй байхад биеийн байдал нь муудаад хотоос 103-ийн бүрэн тоноглолтой ээжид шаардлагатай бүх л төрлийн аппараттай машиныг дуудаж ээжийг хот руу авч явсан. Тэгээд 10 сарын 09-ний өдөр ээжийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Шаардлагатай гэх бүх эм тариаг хийж, монголд байхгүй эм тариаг хүртэл орос улсаас захиж авчруулж бүх л арга хэмжээг хэрэглэсэн. Тэгээд ээжийн минь биеийн байдал дээрдэхгүй байж байгаад 2016 оны 10 сарын 24-ний өдөр нас барсан. Бидний зүгээс эмнэлгээр явж байхдаа Ц.Оюунчимэг эгчийн бие болон 2 хүүхдэд нь шаардлагатай бүх л эм тариа, эмчилгээг хийлгэсэн. Одоо нэхэмжлэх зүйл болоод гомдол санал байхгүй гэв. 
    201603000443 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
    Хохирогч Н.Мөнхтулгын өгсөн: 
    “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой талийгаач ээж маань Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас гэрээ нүүлгэж ирэхээр Улаанбаатар хотоос явсан юм. Аав маань Өндөр-Улаан суманд гэртээ байж байсан. Ээж хотод 121 дүгээр сургуульд багшилдаг байсан. Аавынх хот руу шилжиж орж ирэх гэж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед надад нагац ах Батгэрэл аав, ээжийг осолд орсон талаар хэлсэн. Тэгээд би эгч дүү хоёроо дуудаад шууд хотоос аймгийн төв рүү гарсан. Эгч, дүү бид гурав 10 дугаар сарын 02-ны өглөө аймгийн төвд 05 цагийн үед ирэхэд аав аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байна. Аавтай хамт явсан Оюунчимэг гэх эмэгтэй 2 хүүхдийнхээ хамт мэс заслын тасагт хэвсэн. Ээжийг сумын төвийн эмнэлэгт хэвтсэн байгаа гэж хэлсэн. Ээж дээр очихоор Өндөр-Улаан сум руу явсан. Тэгээд замдаа ослын газрыг нь үзэхэд Өндөр-Улаан сумын Шар булгийн давааны урд өвөрт замынхаа зүүн талд аавын машин дээшээ хараад унасан байдалтай байсан. Тэгээд машин дотор нь бичиг баримт нь байгаа эсэхийг үзчихээд өглөө 08 цагийн үед сумын төв орж эмнэлэг дээр очсон. Ээж ухаангүй байсан. Тэгээд аймгийн төвөөс Чойжилжамба эмчийг дуудуулж түргэний тэргээр аймгийн төв рүү Нэгдсэн эмнэлэгт авчирсан. Тэгээд хотоос гэмтлийн эмч нарыг дуудуулж тархины хагалгаа хийлгүүлсэн. Хагалгаа амжилттай болсон. Тэгээд ухаан орохгүй байхаар нь Улаанбаатар хотоос эмчтэй түргэний машин дуудаж 10 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт аваачиж хэвтүүлсэн. Уг тасагт эмчилгээ хийлгээд ухаан орохгүй байж байгаад 10 дугаар сарын 24-ний өглөө 10 цаг 55 минутад нас барсан. Давааны урд өвөр талын замын зүүн талын шонг хуга дайрсан. Машин 4 дугуйн дээрээ дээшээ харж унасан байдалтай байсан. Замын хажуугийн далан нь 2 метр орчим өндөртэй байсан. Машины ойролцоо хагарч бутарсан эд ангиуд нь байсан. Надад гомдол санал байхгүй. Ээжийн ах, эгч, дүү нараас аавд ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн. Тийм учраас уг хэрэгт хохирогчоор оролцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

    Хохирогч Ц.Оюунчимэгийн өгсөн: 

    “...2016 оны 10 сарын 01-нд 16 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Шар булаг гэх газар руу Нарангэрэл жолооч эхнэр Бямбахишиг, Итгэлбат гэдэг ах би Өлзийнаран, Цэвэлмаа гэдэг 2 нялх хүүхэдтэйгээ зургуулаа Нарангэрэлийн хар өнгийн хагас ачааны Муссо маркийн машинтай явж байгаад Бэлхи багийн Шар булгийн даваа руу уруудаж яваад замынхаа эсрэг зүүн гар тал руугаа машин нэг муруйснаа замын далан руу унаад би ухаан алдаад уначихсан, хоромхон хугацаанд болсон би ухаан алдчихсан юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн машин 4 дугуй нь дээшээ хараад замын хажууд уначихсан. Машины хажууд Нарангэрэл жолооч Бямбахишиг эгч бид хоёр ойролцоо уначихсан байсан. Тэгсэн Мөнхбат ах ирж яваад зам дээр таараад бид нарыг эмнэлэгт хүргэж ирсэн. Итгэлбат ах зам тоссон. Ганцаараа унасан машинаа хараад үлдсэн. Бусад нь эмнэлэгт ирсэн. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй. Хоромхон хугацаанд гэнэт л осол гарсан. Би машины ард хүүхдээ хөхүүлэх гээд байж байсан. Ямар хурдтай явсныг би хараагүй, жолоочийн ард сууж явсан. Нарангэрэл жолооч эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хэн нэгний буруутай үйлдэл нөлөөлөөгүй.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нарангэрэл зан байдлын хувьд дажгүй ааштай зүгээр л төлөв даруу л хүн сайн мэдэхгүй байна. Өлзийнаран, Цэвэлмаа нарын биеийн байдал зүгээр байгаа. Манай хүүхдүүд байгаа юм. Өлзийнаран 3 настай, Цэвэлмаа 1 настай. Ямар нэгэн гомлол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

    Гэрч П.Энхбатын өгсөн: 

    “...2016 оны 10 сарын 01-нд Өндөр-Улаан сумын Шар булгийн даваа уруудаад 1 машин онхолдчихсон, би хонио туугаад явж байтал 1 хүн дуудаад байхаар нь очтол Итгэлтбат ах байсан. Юу болсон гэтэл Нарангэрэл эхнэртэйгээ, Оюунчимэг 2 нялх хүүхэдтэйгээ бид 5 явж байгаад онхолдчихлоо гэж байсан. Бусад хүмүүсийг төв рүү аваад явчихсан. Би машиныг хараад үлдчихсэн гэж байсан. Унасан машин нь хагас ачааны жип байсан. Тэгээд Итгэлбат ах намайг хүргээд өг гээд байсан. Ослын талаар өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

    Гэрч О.Итгэлбатын өгсөн: 

    “...би талийгаачийн дүү охиных нь нөхөр байгаа юм. Нарангэрэлтэй базууд байгаа юм. Төрөл садангийн холбоогүй. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай баз Нарангэрэл нь оройн 18 цагийн үед эхнэр Бямбахишигийн хамт Оюунчимэг гэх нэг эмэгтэйтэй манайд ирсэн. Оюунчимэг гэх эмэгтэй нь 2 хүүхдийнхээ хамт явж байсан. Тэгээд Шар булгаас очиж хонь авах хэрэгтэй байна, та үзэж хараад өгөөч гэхээр нь хамт явсан. Тэгээл манайхаас гараад Шар булгийн давааг уруудаж явтал Бямбахишиг, Оюунчимэг хоёр гэнэт орилоод сандраад байсан. Тэгэхээр нь би сандаргаад яахав гээд чимээгүй сууж байтал шонгийн мод мөргөх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Би ганцаараа машины дотор гадагш шидэгдээгүй үлдсэн байсан. Тэгээд би удалгүй сэрээд хартал машины дугуй дээшээ харчихсан байхаар нь машинаас мөлхөөд гартал Оюунчимэгийн хүүхэд уйлаад байхаар нь босоод хүүхдийг нь дөхүүлж өгсөн. Тэгээд би зам руу гүйж очоод сум руу явж байсан манай сумын жижиг тэргийг зогсоогоод тэнд осолд орсон бүх хүмүүсийг суулгаад явуулсан. Би суух гэтэл багтахгүй байхаар нь тэндээс холгүй байдаг хамаатны Энхбат гэх дүүгийндээ алхаж очоод мотоциклиор гэртээ хүргүүлсэн. Би тэр орой нь сум орж чадаагүй гэртээ байж байгаад маргааш өглөө нь 09 цагийн үед очсон.  Манайд ирж цай уучихаад л хөдөлсөн. Архи уугаагүй, эрүүл байсан. Би машин мэддэггүй учир ямар байсныг нь мэдэхгүй. Миний бие зүгээр байсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байна гэж эмнэлгийн хүмүүс хэлсэн. Биед ил хэрэгдэх гэмтэл шарх байгаагүй. Нарангэрэл өөрөө тоормоз барихаа байчихлаа алдчихлаа гэж хэлж байсан. Машины бөгсөн хэсэг нь 2 тийшээ дайвалзаад байсан. Гомдол санал байхгүй, би тухайн үед нь эмнэлэгт үзүүлсэн. Миний бие зүгээр байсан. Дахин эмнэлэгт үзүүлсэн зүгээр байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

    Гэрч Ц.Оюунчимэгийн өгсөн: 

    “...би энэ хоёр хүнийг нэг нутгийнх гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Манайх Нарангэрэл гуайнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан юм. Энэ мөнгөнийхөө оронд мал өгөхөөр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би хоёр хүүхдийнхээ хамт Нарангэрэл ах, Бямбахишиг эгчийн хамт манай мал байдаг айл руу явсан. Замдаа Нарангэрэл авах малаа Итгэлбатындаа авчирч тавина гэж яриад Итгэлбат ахынд очсон. Тэгээд Итгэлбат ахыг цаашаа явж байгаад Шар булгийн давааг хойноос давж орж ирээд уруудаад явж байтал гэнэт машины бөгс хоёр тийшээ шарваад замын хажуу руу нисээд орчихсон. Би нэг сэргэхнээ би машины гадаа хэвтэж байсан. Манай хоёр хүүхэд машинаас зайдуу гадаа хэвтэж байсан. Талийгаач яг миний хажууд хэвтэж байсан. Итгэлбат ах босчихсон явсан. Би нэг хэсэг ухаан алдаж шоконд орсон байсан. Тэгээд Итгэлбат ах замаар явж байсан машин зогсоогоод бид нарыг суулгаж сумын эмнэлэг рүү хүргүүлсэн. Би жолоочийн ар талын суудал дээр сууж явсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсныг нь хараагүй. Жолоочийн хажуу суудал дээр талийгаач сууж явсан. Би өөрөө охин Цэвэлмааг өвөр дээрээ суулгаад хүү Өлзийнаранг дундаа суулгасан байсан. Нөгөө захад Итгэлбат ах сууж явсан. Архи уугаагүй, эрүүл байсан. Миний баруун талын 5 хавирга хугарсан. Биед өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Миний хүзүүгээр хөшиж өвдөж байсан. Би томографид харуулахад хүзүү, толгой зүгээр байна гэж гарсан. Миний охин Цэвэлмаагийн гавлын яс цууралттай, хүү Өлзийнарангийн доод уруулын завьж нь язарсан байсан. Хүүхдүүдэд маань өөр гэмтэл шарх байгаагүй. Ослын дараа би аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд дараа Улаанбаатар хот орж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. 2 хүүхэд маань мөн аймагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Хотод очиж дахин шинжилгээ өгч томографид харуулсан. Зам бол давааны өвөр тал байсан учир уруу байсан. Тухайн үед бороо ороогүй байсан учир зам хуурай байсан. Миний зүгээс Нарангэрэл ахад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний болон 2 хүүхдийн маань эмчилгээнд гарсан зардлыг Нарангэрэл ахын талаас бүрэн гаргаж өгсөн. Дүгнэлтүүдийг нэг бүрчлэн уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

    Гэрч Б.Мөнхбатын өгсөн: 

    “...нэг нутгийн хүмүүс гэдгээр танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 10 сарын 01-ний орой Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Өндөр хөтөл Шар булгийн даваа гэх газар аавындаа оччихоод ганцаараа 18 цагийн үед явж байтал зам дээр нэг хүн гараа өргөхөөр нь зогстол Итгэлбат гэдэг залуу машинтай давааны уруу онхолдчихлоо тусламж үзүүлээч гэж гуйсан. Машин нь хар өнгийн Муссо маркийн хагас ачааны жийп машин байсан. Жолооч нь болох Нарангэрэл, эхнэртэйгээ, Оюунчимэг 2 нялх хүүхэдтэйгээ Итгэлбат нар явж байгаад давааны уруу онхолсон байсан. Би Итгэлбаттай хамт бие нь муу байсан Нарангэрэлийн эхнэрийг, Нарангэрэлийг мөн Оюунчимэгийг 2 хүүхэдтэй нь машиндаа суулгаад Өндөр-Улаан сумын төвийн эмнэлэг дээр хүргэж ирж тусламж үзүүлсэн. Ах дүү нар руу нь утсаар ярьж мэдэгдсэн. Ах дүү нарыг нь ирэхээр нь би яваад өгсөн. Нарангэрэл ухаангүй байсан. Эхнэр нь ямар бэртэл авсан нь мэдэгдэхгүй орилоод байсан. Оюунчимэг цээж, цээж гээд орилоод байсан. 2 хүүхэд нь уйлаад байсан ил харагдах бэртэл гэмтэл ажиглагдаагүй. Итгэлбат машинаа хараад үлдсэн. Шар булгийн давааны асфальтан замаас зүүн талдаа эсрэг урсгалаас гарсан байдалтай мөр нь гарчихсан 4 дугуй нь дээшээ араад уначихсан байсан. Машин нь бол их эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

    Сэжигтэн, яллагдагчаар Ц.Нарангэрэлийн өгсөн: 

    “...би өмгөөлөгч аваагүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Манайх хот руу шилжих гээд юмаа янзалж цэгцлээд Булгантамираас авах 1.500.000 төгрөгөө авъя гэтэл мөнгө муутай байна, мал ав гэж хэлсэн. Тэгээд малыг нь Булгантамирын үзэж харахаар би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Бямбахишиг, Булгантамирын эхнэр Оюунчимэгийг 2 хүүхдийнх нь хамт аваад Булгантамирын мал байдаг айл руу явсан. Замдаа би баз Итгэлбатыг дайрч аваад Шар булаг гэх газар руу явж байгаад Шар булгийн давааг араас нь давж орж ирээд уруудаад явж байтал гэнэт машины тормоз ажиллахгүй болсон. Тэгэхээр нь би гар тормозоо тултал таттал хурд нь саарч бөгс нь хоёр тийшээ шарваад байсан. Тэгтэл машин замын хажуугийн жижиг бетонон шон мөргөөд онхолдсон. Тэгээд юу болсныг би мэдэхгүй. Би ухаан алдсан байсан. Нэг сэрэхнээ машиныхаа хажууд бүгдээрээ сууж байсан. Машин 4 дугуй нь дээшээ хараад унасан байсан. Ертөнцийн зүгээр би хойноосоо урд зүгт явж байсан. Давааны араас гарч ирэхдээ 20-30 км цагийн хурдтай явсан. Даваа руу уруудаад жаахан хурд нэмэгдэхээр нь хурдаа хасах гээд тормоз гишгэхэд тормозгүй болсон байсан. Осол болох үед машины хурд хэр зэрэг нэмэгдсэнийг мэдэхгүй. Анзаарч хараагүй, би машинаа яаж зогсоох вэ л гэж бодож байсан. Тормоз өмнө нь ямар ч асуудалгүй байсан. Би өмнө тормозоо янзалж, гар хүрч байгаагүй.  Уг машин миний өөрийн машин байгаа юм. Энэ машин миний өөрийн нэр дээр байдаг. Би осол болсноос хойш машин дээрээ очоогүй байна. Осол болсны дараа харахад нилээн эвдэрсэн харагдаж байсан. Миний машинд надаас гадна 3 том хүн, 2 жаахан хүүхэд явсан. Манай талийгаач эхнэр толгойдоо их хүнд гэмтэл авсан. Мөн хавирга болон зүүн бугалга нь хугарсан байсан. Итгэлбат ямар нэгэн гэмтэлгүй байсан. Оюунчимэгийн биед ил харагдах гэмтэлгүй байсан. Түүний баруун талын хавирганууд хугарсан байна гэж хэлсэн. Оюунчимэгийн 2 хүүхдийнх нь том хүүхдийнх нь уруулын дотор тал нь язарсан, нэг нүд хавдсан байсан. Нөгөө хүүхдийнх нь биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. Ослын улмаас миний биед зүүн талын эгэм хугарсан гэмтэлтэй байсан. Би эрүүл байсан. Архи хэрэглээгүй. Энэ ослын улмаас миний эхнэр В.Бямбахишиг нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 хоног ухаангүй хэвтсэн. Улаанбаатар хотоос эмч нар ирж хагалгаа хийсэн. Тэгээд ухаан орохгүй байж байгаад Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ухаан орохгүй хэвтэж эмчлүүлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсан.
    Тухайн үед замын нөхцөл байдал зүгээр байсан. Халтиргаа гулгаа байгаагүй. Ертөнцийн зүгээр би хойноосоо урд зүгт явж байсан. Давааны араас гарч ирэхдээ 20-30 км цагийн хурдтай явсан. Даваан дээрээс уруудаад явж байхад усанд идэгдээд ховил тогтсон байсан. Даваа руу уруудаад жоохон хурд нэмэгдэхээр нь хурдаа хасах гээд тормоз гишгэхэд тормозгүй болсон байсан. Осол болох үед машины хурд хэр зэрэг нэмэгдсэнийг мэдэхгүй. Анзаарч хараагүй. Би машинаа яаж зогсоох вэ л гэж бодож байсан. Тухайн үед тормоз гишгээд болохгүй байхаар нь гар тормозоо татсан. Тормоз өмнө  нь ямар ч асуудалгүй байсан. Би өмнө тормозоо янзалж, гар хүрч байгаагүй. Үзлэг оншилгоодоо 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өндөр-Улаан сумын төв дээр орсон.
    Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Н.Мөнхтулга, Ц.Оюунчимэг нарт учирсан хохироыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162, 163, 166-167 дугаар тал/

    * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 473 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. В.Бямбахишигийн биед тархины зүүн тал бөмбөлөгийн тархины хатуу хальсан доорх цусан хурааг авах хагалгааны дараах байдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл халтсан доорх цус харвалт, тархины ком, зүүн бугалга ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/ 

    * Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 1963 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Талийгаачийн цогцсонд гавал болон цээжний хөндийн, дээд мөчдийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, тархины 2 тал бөмбөлөгийн дагз, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсэг, бага тархины дээд, доод гадаргуу, уртавтар тархины гүүр хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы шууд бус хугарал, хугарал орчмуудын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун уушигны язрал, уналт, гялтан доорхи цус хуралт, баруун атгаал яс, өвчүү ясны далд хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Талийгаачид шинжилгээрээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь 2016 оны 10 сарын 24-ний 11 цаг 55 минутад нас барсан байна. 6. Талийгаач АII  бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/

    * Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Ц.Оюунчимэгийн биед баруун талын 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы далны шугамаарх зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Осолд орсон гэх тухайн цагт үүсчээ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаах алдагдуулахгүй. 5. Шинжилүүлсэн 3 дугаар эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлт нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар тал/

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн дүгнэлт:

Дүгнэлтэд: “...Жолооч Ц.Нарангэрэл нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Жолооч Ц.Нарангэрэл нь тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй. Ослын газар тоормозны мөр байхгүй байна. 3. Сайжруулсан, тэгш шулуун, уруу, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан осол гарахад нөлөөлөөгүй. 4. 65-52 УБЛ улсын дугаартай Муссо маркийн автомашинд “Авто тээврийн газрын “ мэргэжилтэнээр тээврийн хэрэгсэл үзлэг, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. 5. Жолооч Ц.Нарангэрэл нь дээрх Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөны улмаас гарсан байна. 6. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар тал/ 

* Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 12 сарын 06 ны өдрийн 86 дугаартай дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...65-52 УБЛ улсын дугаартай Муссо маркийн автомашин нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдрэлтэй тул уг тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 152 дугаар тал/ 

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/ 
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9, 63-66, 79, 82-83 дугаар тал/ 
* Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62 дугаар тал/ 
* Схем зураг /хх-ийн 78 дугаар тал/ 
* Ц.Нарангэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173, 174 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр Шар булгийн давааны өвөрт сайжруулсан шороон зам дээр зам тээврийн осол гарч иргэн В.Бямбахишигийн амь хохирсон, иргэн Ц.Оюунчимэгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв. 
Шүүгдэгч Ц.Нарангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр Шар булгийн давааны өвөрт сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 65-52 УБЛ улсын дугаартай Муссо маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж автомашин замын хажуу тал руу онхолдлож зорчигч Ц.Оюунчимэгийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Ц.Оюунчимэгийн биед баруун талын 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы далны шугамаарх зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Осолд орсон гэх тухайн цагт үүсчээ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаах алдагдуулахгүй. 5. Шинжилүүлсэн 3 дугаар эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлт нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлтээр, В.Бямбахишигийн амь насыг хохироосон болох нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 1963 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Талийгаачийн цогцсонд гавал болон цээжний хөндийн, дээд мөчдийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, тархины 2 тал бөмбөлөгийн дагз, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсэг, бага тархины дээд, доод гадаргуу, уртавтар тархины гүүр хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, цээжний баруун талын 4, 5, 6 дугаар хавирганы шууд бус хугарал, хугарал орчмуудын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун уушигны язрал, уналт, гялтан доорхи цус хуралт, баруун атгаал яс, өвчүү ясны далд хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Талийгаачид шинжилгээрээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь 2016 оны 10 сарын 24-ний 11 цаг 55 минутад нас барсан байна. 6. Талийгаач АII  бүлгийн цустай байна...” гэх дүгнэлтээр, жолооч Ц.Нарангэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 1.5 дах заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн дүгнэлтээр, хохирогч Н.Мөнхтулга, Ц.Оюунчимэг, гэрч П.Энхбат, О.Итгэлбат, Б.Мөнхбат нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ц.Нарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Ц.Нарангэрэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас В.Бямбахишигийн амь насыг хохироосон, хохирогч Ц.Оюунчимэгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Нарангэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Ц.Нарангэрэл нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Н.Мөнхбат, Ц.Оюунчимэг нарт учирсан хохиролыг шүүгдэгч Ц.Нарангэрэл нь нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Нарангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Нарангэрэлийн №132422 дугаартай BCD ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 


ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Өндөр овогт Цэрэннадмидын Нарангэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ц.Нарангэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нарангэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Шүүгдэгч Ц.Нарангэрэл нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Нарангэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №132422 дугаартай Ц.Нарангэрэлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нарангэрэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нарангэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Нарангэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР