Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0019

 

 

 

 

    2022 оны 01 сарын06 өдөр                               128/ШШ2022/0019            

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Хариуцагч: БОАЖС.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн мэргэжилтэн А.Ц нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь БОАЖСад холбогдуулан “...БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгуулах тухай” тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээлгэх”-ээр маргаж байна.

2. Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Т” ХХК-нд Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Нүхтийн аманд 0.57 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон.

Улмаар Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр “Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 26-01/21 дүгээр албан бичгээр Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Байгаль орчин,  аялал жуулчлалын яамнаас 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09/1819 дүгээр албан бичгээр “газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“...Байгаль орчин  аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 тоот тушаалаар “Т" ХХК-ийн Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд байрлах 0.57 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалт бүхий газрын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй болсон. Тодруулбал: “Т” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй газар 0.57 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Улаанбаатар хотын хөгжил нэмэгдэхийн хирээр хотын иргэд хөдөлгөөний дутагдалд орсноос зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчлөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч “Т” ХХК нь сайдын тушаалаар олгогдсон газарт адил үйл ажиллагаа явуулж буй газар ашиглагч компаниудтай хамтран дотоодын аялал жуулчлал буюу уулын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Монгол улсын цаг уурын онцлогоос шалтгаалан уулын спортын үйл ажиллагаанаас олох орлого сайн биш бөгөөд манай компанийн зүгээс орлого олохоос илүү нийгэмд чиглэсэн буюу хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж ирсэн.

2020 он гарснаар Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас улбаалан Дэлхий нийтээр хөл хорио тогтоосноор аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, салбарт ноцтой хүндрэл учруулж давагдашгүй хүчин зүйлс тохиолдон өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа нь нийтэд илэрхий билээ.

Давагдашгүй хүчин зүйлс арилсан үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах хүсэл зорилго байгаа болно.

Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримтлахаар заасан бөгөөд дээрх зарчим нь "хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-р зүйлд заасан нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоож, нотлох баримтыг цуглуулснаар мөн хуулийн 4-р зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хангах гол үндэслэл болохоор заасан байхад дээрх зарчмыг баримтлалгүй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн үйл ажиллагааны болон нийгмийн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... тохиолдолд Сайд тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь "хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх"-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

"Т” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, манай компанийн үйл ажиллагаа явуулж ашиглалтын газрыг хүчингүй болгосон акт гаргах гэж байгаа тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо үйл ажиллагаа явуулж байсан эсэх", “хүндэтгэн үзэх шалтгаантай " эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь "Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл боллоо.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, мөн хуулийн 27-р зүйлийн 27.1, 27.2-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байтал манай компанид тус газартай холбоотой ямар нэгэн мэдэгдэл, хуулиар заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байгаагүй нь Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай тушаалын манай компанид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч байгууллага газрын төлбөр тооцоогоо бүрэн төлж ирсэн. Нэхэмжлэгч компани нь эрхлэн явуулж буй үйл ажиллагааны үр дүнд ажлын байр нэмэгдэх, Нийслэлийн иргэдэд тулгамдаж буй хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах болон хүүхэд залуучуудыг цэнгэг эрүүл агаартай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэн нийгэмд үнэ цэнийг бүтээх бүрэн боломжтой юм. Нэхэмжлэгч “Т” ХХК нь газартай холбоотой үлдэгдлийн талаар тооцоо нийлж, төлбөрийг төлөхөөр 2021 оны 3-р сарын 09-ний өдөр холбогдох төрийн байгууллагад очиход Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалаар газар хүчингүй болсон талаар мэдэж, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 4-р сарын 21-ний өдрийн 09/1819 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон. Энэ нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна бодит нөхцөл байдлыг судалж тогтоогоогүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Улаанбаатар хотын хөгжил нэмэгдэж иргэд хөдөлгөөний дутагдалд орсноор зүрх судас, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчинд нэрвэгдэж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч компани нь сайдын тушаалаар олгогдсон газрын хажууд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах эрх авсан “Э” ХХК, “А” ХХК гэсэн хоёр компанитай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар хамтран ажиллах 3 талт гэрээг байгуулсан. Өөрсдийн ашиглах эрхтэй газрууд дээр хамтран аялал жуулчлалын буюу морин аялал, явган аяллын үйл ажиллагааг явуулахаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хүчин төгөлдөр гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу байгуулсан. Талуудын 3 талт гэрээг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Т” ХХК нь “Э” ХХК, “А” ХХК-ийн 015/2017 дугаартай аялал жуулчлалын клуб байгуулах хамтарсан тушаалаар Богд уул уулчдын клубийг үүсгэн байгуулсан. Клубийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг “Т” ХХК-ийн захирал Ц.Г, дотоод үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг маркетингийн менежер Л.Ө даалгасан. Л.Өл-г гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд удаа дараа тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийсэн. Үзлэгээр нэхэмжлэгч компани нь зохих журмын дагуу аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан нь маш тодорхой харагдаж байсан. Үүнийг шүүгч анхаарч үзэхийг хүсье. Талуудын хооронд байгуулсан 08 дугаартай гэрээний 1.1, 3.1-д заасны дагуу 3 компани зохих журмын дагуу авсан газар дээрээ “Т” ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагааг татан явуулах, “Э” ХХК нь зочид, жуулчдыг хүлээн авах байрлуулах, амруулах түр сууцыг байрлуулах, эмчээр хангах, “А” ХХК нь зочид, жуулчдад эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол, ундыг нийлүүлэх замаар нийслэлийн иргэдэд уулын спортын чиглэлээр дотоод аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газарт ганц хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан компани нь эдгээр 3 компани байдаг. Бусад аж ахуйн нэгжүүд газраа орон сууц барьсан нь нүдэнд илэрхий байгаа.

2020 он гарснаар Монгол улс төдийгүй дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчнөөс улбаалан дэлхий нийтээр хөл хорио тогтоосноор аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Салбарт ноцтой хүндрэл учруулж, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа учраас үйл ажиллагаа явуулахгүй 2 дахь жилийн нүүр үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлахаар заасан байдаг. Дээрх зарчим нь хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, санал өгөх боломжийг олгодог. Энэ зарчим нь хүний эрхийг хангах төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулснаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хангах юм. Гэтэл дээрх зармыг баримтлалгүй нэхэмжлэгч “Т” ХХК, “Э” ХХК, “А” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй дотоод аялал жуулчлалын үйл ажиллагаа болон нийгмийн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргажээ.

Хавтаст хэргийн 139 дүгээр хуудаст авагдсан БОАЖС-н 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4767 дугаартай албан бичгээр “Т” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл, албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүлээгүй болно гэж мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч компани нь зохих журмын дагуу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн 37 дугаар зүйлийн 37.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу газар ашиглагч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг төрийн байгууллага гүйцэтгэхээр хуульчилж өгсөн боловч төрийн байгууллагын уялдаа холбоо муу, нэгдмэл байдал, залгамж халаагүй байдлаас болж нэхэмжлэгч компанитай газар ашиглах гэрээг байгуулаагүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу гэрээ биелэлтийг жил бүр дүгнээгүй байж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гэрээ байгуулж өгөх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж байсан боловч гэрээг цаг тухайд нь байгуулаагүй. Энэ нь хариуцагч талын буруутай үйлдэл гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 32, 33, 34 дүгээр зүйлд зааснаар иргэн аж ахуйн нэгж нь газар ашиглах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасны дагуу сайд газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргаж, шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч гэсэн 3 талт гэрээг байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга батлахаар хуульчилсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар зохицуулсан байхад хариуцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанитай газар ашиглах гэрээг байгуулаагүй,  гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй байж нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын газрын эрхийг хүчингүй болгосон акт гаргах гэж байгаа тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгах нь захиргааны байгууллагын үүрэг юм. Үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитоор хийлгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч компанид газартай холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байгаагүй. Иймд маргаан бүхий актын манай компанид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зармыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1186 дугаар албан бичгээр дээрх 3 компанид мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдлээр “...ашиглах эрх авсан газар нь бусад иргэн аж ахуйн нэгжийн ашиглалтын талбайтай давхцаагүй байгаа боловч тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалтаар байр, сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандарттай зөрчилдөж байна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл хуульд зөөврийн чанартай сууцыг байршуулна гэж заасан. Үүний дагуу контейнер сууцыг байршуулаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулаад, эмч байрлуулаад, иргэд хувцсаа солиод, сургалт аваад клубийн үйл ажиллагааг явуулж байсан. 2019 онд газар дээр нь очиж үзэж байсан нь дээрх албан бичгээс харагддаг.

2020, 2021 онд ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбогдуулаад Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн “Форс мажор” гэрчилгээг аваад хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд “...Монгол улсын Засгийн газраас хуулийн этгээд, байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн нөхцөл байдал нь үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зорилгод урьдчилан даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс мөн болохыг нотолж “Т” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна. Энэхүү гэрчилгээ нь дээр дурдсан ковид-19 буюу Корона вирусийн цар тахлаас шалтгаалсан төрийн эрх бүхий байгууллагын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж нөхцөл байдлыг маш тодорхой заасан байгаа. “Т” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь Богд уул клубийн 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлангаар нотлогдож байна.

Монгол улсын цаг уурын онцлогоос шалтгаалан уулсын спортын үйл ажиллагаанаас олох орлого сайн биш байдаг. Нэхэмжлэгч компани ашиг олохоос илүү нийгэмд чиглэсэн буюу иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан үйл ажиллагааг явуулж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрхийг сэргэж өгөхийг эрхэм шүүгчээс хүсч байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Сайдын тушаалаар нийт 104 иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглах эрхийг цуцалсан байдаг. Үүний цаана тус тусдаа өөр өөр 103 нөхцөл байдал байгаа. Газар ашиглах эрхийг цуцлах болсон үндэслэл нь хариуцагч талын дурдаж байгаа шиг анхан шатны баримтаа бүрдүүлэн өгөөгүй гэдэг үндэслэл биш байгаа. Үндэслэл нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа. Манайхаас бусад 103 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл нь манайхтай зарим нь адил, зарим нь огт өөр байгаа. Тэгэхээр бусад иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг манайд хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Газар ашиглах эрх олгох асуудлыг хуулиар зохицуулж өгсөн. Холбогдох баримтуудаа болон төслөө бүрдүүлэн өгсний дагуу газар ашиглах эрхийг олгодог. Манай компани газар ашиглах эрхээ авсан. Хэрэв баримт дутуу байна гэсэн бол хариуцагч тал түүнийгээ гаргаж өгөх боломжтой. Хариуцагч талд тухайн баримт нь байгаа. Хавтаст хэрэгт байхгүй баримтыг үндэслэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Бид тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэсэн төслөө бичээд, зохих журмын дагуу хандаад газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан байгаа. Үүний дагуу үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Тэгэхээр анхан шатны баримт дутуу байсан гэдэг хавтаст авагдаагүй зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Гурван талт гэрээг байгуулаагүй нь нэхэмжлэгч компанийн буруу мэтээр ярьж байна. Гурван талт гэрээний нэг тал нь иргэн, аж ахуйн нэгж, нөгөө 2 тал нь төрийн байгууллага байдаг. Манай зүгээс гурван талт гэрээг байгуулъя гэсэн хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. Холбогдох байгууллагад гаргасан албан бичиг нотлох баримтаар авагдсан байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас төсөл гарлаа гэхэд гэрээ шууд батлагдахгүй. Хан-Уул дүүргийн Засаг даргад очоод гацна. Түүний дараа яаманд очиж батлуулна. Сайд, дарга нараар гарын үсэг зуруулна. Бодит байдал дээр сайд, дарга нарын халаа, сэлгээ хийгдээд гэрээн дээрх нэр солигдох болоод анхнаасаа эхлэх болдог. Бүх зүйл шууд ногоон гэрлээр явахгүй. Тэгэхээр гэрээ байгуулаагүй нь зөвхөн нэхэмжлэгч талын буруутай үйлдэл гээд байгаа нь хэт нэг талыг барьсан бодит байдалд нийцээгүй тайлбар байна. Бид газрыг ашиглаад, төлбөр тооцоог нь төлөөд үйл ажиллагаагаа журмын дагуу явуулъя гэж байгаа. Гурван талт гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, төслөө өгөөгүй гэж ярьж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, үүнд үнэлэлт дүгнэлт өгч тушаалаа гаргах үүрэг нь захиргааны байгууллагад байгаа. Сонсох ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, үнэлэх, шийдвэр гаргах процесс огт байхгүй болсон. Өөрөөр хэлбэл процессын алдаа тушаал гарсан. Бусад 103 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд тусдаа асуудал юм. Процессын алдаатай гарсан шийдвэрүүд хүчингүй болдог. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү

5. Хариуцагч БОАЖС-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Т" ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 3.1-т заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “ ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан “ ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/ барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх буюу 2016 оноос хойш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11из/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу БОАЖС-н 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгодог. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулаагүй, гурван талт гэрээг байгуулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тухайн газарт уулын аялал хийх төслөө бичиж өгсний дагуу тухайн тусгай хамгаалалттай газар нутагт төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хянасны дагуу боломжтой гэсэн дүгнэлт гарч, ийм арга хэмжээг ингэж хэрэгжүүлж ажилла гэсэн зөвлөмжийг өгөөд газар ашиглах эрх нээгдэх ёстой. Үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд хангалттай тусгаж өгсөн бөгөөд газар ашиглагчийн үүрэгт багтсан байдаг. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй байж бид уулын аялал зохион байгуулж байсан, бусад компанитай гэрээ байгуулсан гэж байна. Тухайн хуулийн этгээд төслөө бичээд хамгаалалтын захиргаанд хүргүүлээд төсөлдөө үнэлгээ хийлгэе гэвэл заавал гэрээгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлага байхгүй. Төслийг авч үзээд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийсний үндсэн дээр нарийвчилсан үнэлгээ хийгддэг байгаа. Нэхэмжлэгч компанийг тусгай хамгаалалттай газар нутагт газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх боломжгүй. Хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа байсан. Иймд БОАЖС газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцнэ. Давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлаж байна. “Форс мажор” гэрчилгээтэй танилцахад 2021 оны 11 дүгээр сард хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу гэрчилгээг гаргасан. Үнэхээр давагдашгүй хүчин зүйл тулгарч газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан бол яагаад тухайн үед нь уг гэрчилгээг аваагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсний дараа буюу өнөөдрөөс 2 сарын өмнө “Форс мажор” гэрчилгээг гаргуулан авсан. Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг нь энгийн газартай харьцуулшгүй юм. Тусгай нөхцөл, болзолтойгоор ашигладаг. Гурван талт гэрээг байгуулаагүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны буруутай үйл ажиллагаа гэж ярьж байна. Гэтэл нэг ч удаа гурван талт гэрээгээ байгуулъя гэж манайд ирж байгаагүй. Нэхэмжлэгч компани анхан шатны баримтаа бүрдүүлээгүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж тооцох үндэслэл байхгүй. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэж газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна хэмээн үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн,

2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан журмын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” эсэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй,

3. нэхэмжлэгч “Т” ХХК  нь “Э” ХХК болон “А” ХХК гэсэн хоёр компанитай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 3 талт хамтран ажиллах гэрээний үндсэн дээр маргаан бүхий газарт уулын спортын чиглэлээр аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулж байсан ч 2020 он гарснаар дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчнөөс улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөл байдлыг хариуцагч харгалзаж үзээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч “Т” ХХК-нд анх Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.57 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2016/415 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгосон.

Улмаар Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалаар “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй... нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны ... 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсний 52-т нэхэмжлэгч “Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаар тушаал, 2016 оны 2016/415 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, БОАЖС-н 2021 оны А/50 тоот тушаал болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Э” ХХК болон “А” ХХК гэсэн компаниудтай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 3 талт хамтран ажиллах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 015/2017 дугаар хамтарсан шийдвэрийн үндсэн дээр “Богд уул” уулчдын клубыг байгуулан маргаан бүхий газар болох Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Нүхтийн аманд байрлах 0.57 га газарт дотоодын аялал жуулчлал, уулын спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар түр сууцыг байгуулан 2018-аас 2019 онуудад үйл ажиллагаа явуулж байсан, 2017 онд газрын төлбөрт 2.000.000 төгрөг, 2018 онд 6.864.000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 16/1495 дугаар албан бичиг, “Богд уул” уулчдын клубийн 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр,

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох БОАЖС-н 2021 оны А/50 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 16/4670 албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 2731 албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 11и-3/5988 албан бичгүүдэд дурдагдсан үндэслэл нь нэхэмжлэгч “Т” ХХК-нд хамаарч буй эсэхийг шалгаж тогтоох ямар нэг ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагааны мэдэгдэл, албан тоотыг хүргүүлж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 1194 дүгээр албан бичиг болон  БОАЖС-н 2021 оны 01/4767 дугаар албан бичгээр,

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон гэх Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 16/4670 албан бичигт нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэр байхгүй, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2020 оны 11и-3/5988 дугаар албан бичигтэй холбогдуулан шүүхээс явуулсан тодруулгын хариуд Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11и-3/8004 дүгээр албан бичгээр тус албанд “Т” ХХК-нд холбогдох хэрэг шалгагдаагүй,

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны хугацаанд нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тогтоол гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч “Т” ХХК нь дээрх хугацаанд өөрийн ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсантай холбоотойгоор Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчид 2021 оны 02/707 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ”-г олгосон зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”,

24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”,

26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн,

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон,  6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” хэмээн,

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” хэмээн тус тус хуульчлан заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Т” ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “нөхцөл байдлыг тогтоох” болон “оролцогчийг сонсох”-той холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус үндэслэн БОАЖС-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх асуудлыг хуульд журамд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч БОАЖС даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖСаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ