Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 845

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэртэй, О.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах,

О.Дгаас 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь Ц.Эт 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг зээлүүлсэн. Ц.Эээс зээлсэн 6 000 000 төгрөгөө өгөхийг шаардсан боловч өгөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Этэй хамт нотариатаар орж зээлсэн 6 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч энэ хугацаанд хариуцагч нь 500 000 төгрөг өгч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир Ц.Эээс зээлийн гэрээний төлбөр 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь О.Дгаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь өгч чадаагүй. Иймд зээлсэн мөнгөндөө тааруулж “Мөнгөн завъяа” дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараатай лангууг худалдах саналыг О.Дд тавьсан, тэрээр хүлээн зөвшөөрч барааг худалдаж авсан. Ойролцоогоор 6 600 000 төгрөгийн барааг зарж борлуулаад 3 400 000 төгрөгийн барааг Ц.Эт буцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Анх лангууны эзэмшлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард багтаан О.Дгийн нэр дээр хийлгэнэ гэж тохиролцсон. 2016 оны 04 дүгээр сард О.Д нь би Солонгос улсад суралцахаар явах болсон гээд лангуугаа буцааж авах талаар ярьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт дурьдаагүй нь Ц.Эээс дахин мөнгө авах санаа байна гэж ойлгож байна. 2015 оны 6 дугаар сард лангуу хүлээлгэн өгсөнөөр талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн лангуу хүлээлцсэн актанд төлбөр тооцоо дууссан гэж бичсэн байдаг. Тиймээс Ц.Э нь О.Дгаас зээлсэн зээлээ бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард “Мөнгөн завъяа” дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг О.Дд худалдсан. О.Д нь тухайн барааг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргуулж авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Солонгос улсад суралцахаар явах болсон гээд 10 000 000 төгрөгийн бараанаас 3 400 000 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 6 600 000 төгрөгийн барааг зарж мөнгийг өөртөө авсан. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6 600 000 төгрөгийг О.Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. О.Д хариуцагчаас бараа шилжүүлж аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эийн гаргасан 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг төлсөн ба илүү төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас хариуцагчийн эрх ашиг сонирхол илтэд хохирсон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч зээлийг гэрээгээр тохирсон хугацаандаа буцаан төлөөгүй тул хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь ззэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна”, “гэрч Г.Орхонсэлэнгийн мэдүүлэг нь талуудын хооронд ямар харилцаа үүссэн цаашлаад хариуцагч зээлийн гэрээний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болохыг нотолж чадаагүй бөгөөд Ц.Э, О.Д нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “мөнгөн эдлэл худалдах худалдан авах гэрээ”-ээр тохиролцсон талуудын хүсэл зориг, бичгийн хэлцлийн агуулга нь мөнгөн эдлэл барааг шилжүүлэх, түүнтэй холбоотой зүйлийн талаар байх бөгөөд уг бичгийн баримтад төлбөр тооцоо дууссан гэж тэмдэглэснийг хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу мөнгийг буцаан өгсөн цаашлаад энэ үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагч нь зээлийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй тул зохигчид Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцож 10 000 000 төгрөгийн бараатай лангууг 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгч Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөр тооцоог дуусгавар болгосон. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ гэх баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг хүлээн авсан болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар  “зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг”-ийг хүлээхээр заасан. Иймээс шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй дүйцэхүйц мөнгөн эдлэлийг хариуцагч шилжүүлэн өгч нэхэмжлэгч түүнийг хүлээн авсныг буруу үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг хүлээн авсны дараагаар 6 600 000 төгрөгийн барааг худалдан борлуулж мөнгийг нь өөртөө авсны дараа лангууг буцаан хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл 5 500 000 төгрөгийн үүрэгт нь 6 600 000 төгрөгийн барааны мөнгийг харилцан тооцож дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Мөнгөн завъяа” дэлгүүрт байрлах лангууг нэхэмжлэгч хүлээн авч байгаагүй тус лангуунд зогсож бараа худалдан борлуулсан зүйл байхгүй гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр няцаагдсаар байхад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагч сөрөг нзхэмжлэлийн шаардлагаа өөр төрлийн буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаатай холбон тайлбарлаж, үнэт эдлэлийн барааны үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргасан нь зээлийн гэрээтэй тооцогдох боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж тус гэрээний үүргийг биелэлтийг хангах зорилгоор мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ гэх баримтад төлбөр тооцоо дууссан гэсэн бичиглэл байгаа нь зээлийн гэрээтэй шууд хамааралтай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа 10 000 000 төгрөгийн мөнгөн эдлэлийг хүлээн авсны дараагаар өмнө ямар нэгэн мөнгө шилжүүлэн өгсөн зүйл байхгүй талаар хэлсэн. Талууд төлбөр тооцоо дууссан гэх бичиглэл нь зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буйтай холбоотойгоор бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаарх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 600 000 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч О.Дгаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 00 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй байна /хх6-8/

 

Шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн буюу уг гэрээний дагуу зээлдүүлэгч 6 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, зээлдэгч хүлээн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээг үндэслэлээ болгож, зээлийн гэрээний төлбөр тооцоог уг гэрээнд зааснаар дуусгавар болгосон гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан “Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаас үзвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөгдөх мөнгөн төлбөрийн үүргийг тухайн гэрээтэй шууд холбож, харилцан тооцоо нийлсэн гэх агуулга тусгагдаагүй байна. /хх71/ Иймд хариуцагч Ц.Эийн төлөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг нь зохигчдын маргаантай байгаа харилцаа, түүгээр гүйцэтгэх үүргийн талаар нотлоогүйг шүүх зөв дүгнэсэн байна.

 

Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдож, хамтруулан шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА