Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01434

 

    

Э.Сарантунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,

 

Э.Сарантунгалагийн нэхэмжлэлтэй,

Манайх наран ХХК-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Сарантунгалаг, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Манайх наран ХХК-ийн 5 дугаар багт байрлах хими цэвэрлэгээний газарт 2018.01.19-ний өдөр цагаан өнгөтэй булган шубыг найз Мөнхжаргалын шубаны хамт цэвэрлүүлэхээр өгсөн. Улаанбаатар хотод явж байхад шуба чинь гарсан, бэлэн болсон гэж хими цэвэрлэгээний ажилтан утсаар залгаж хэлсэн. Тэр үед Улаанбаатарт байсан тул найз Мөнхжаргалыг өөрийн шубатайгаа цуг авчих гэсэн. Улаанбаатараас ирээд найзаасаа шубаа аваад гэртээ ирээд үзтэл шар өнгөтэй болоод химийн хоронд түлэгдсэн байсан. 2018.01.26-нд хими цэвэрлэгээний газар очиж гомдол мэдүүлэхэд гомдлыг хүлээн зөвшөөрч ахиад шинэ хороор цэвэрлээд өгье гээд аваад үлдсэн. 3 хоногийн дараа шубаа авах гээд очтол өнгө нь шарлаад том том цоорч түлэгдсэн байсан. Шубыг минь төлж өг гэхэд чадахгүй угаасаа шар байсан гээд намайг олон үгээр доромжилсон. Энэ талаар цэвэрлэгээнд шубаа цуг өгсөн найз Т.Мөнхжаргал гэрчлэх болно. Шубаны үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг шүүхэд хянагдах явцад 1,860,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 1,860,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хими цэвэрлэгээнд Э.Сарантунгалаг найзын хамт 2018.01.15-нд 2 ширхэг булган шуба цэвэрлүүлэхээр өгсөн. Үйлчилгээний хуудасны дугаар 9302 байсан. 2018.01.18-нд найз нь ирж хоёр шубыг аваад явсан юм. Гэтэл 3 хоногийн дараа өнгө нь өөрчлөгдсөн байна гээд өөрийн шубаа аваа ирсэн. Манай ажилтан Ц.Долгормаа хими цэвэрлэгээнд хувцасны өнгө өөрчлөгддөггүй талаар учрыг тайлбарлаж хэлсэн байдаг. Хими цэвэрлэгээний бодис /трихлорэтилен/-д хувцас түлэгддэггүй талаарх тайлбарыг тоолгүй түлэгдэж, шарласан гэж уурлаад орхиод явсан байдаг. Энэ талаар хувцас хүлээн авагч Ц.Долгормаа, машинист Н.Чимэд нар мэдэж байгаа, одоо шуба нь цэвэрлэгдсэн, өмсөхөд бэлэн хадгалагдаж байна. Иймээс шубыг 2,500,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Манайх наран ХХК-аас 1,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Сарантунгалагт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 26 -ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 55,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,860,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 44,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар... гэснийг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-т тус тус зааснаар... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ны өдрийн 21 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хариуцагч Манайх наран ХХК-ийн захирал Б.Мөнхтөр надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч Б.Цэдэндамбаа бие нь өвдсөн учир Дархан-Уул аймгийн Амин холбоо ӨЭТөвийн 16 дугаар багийн өрхийн эмч Батчимэг нь өмгөөлөгч Б. Цэдэндамбааг 2020.01.17-ны өдрөөс 2020.01.27-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг олгосон. Гэтэл анхан шатны шүүх хүүхдийн эмч бичсэн байна гэсэн үндэслэлээр хариуцагч болон өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн тухай гомдол гаргахад Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийг ажлаас чөлөөлсөн тухай хүүхдийн эмчийн тодорхойлолтыг үнэн зөв баримт гэж үзээгүй, өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тооцохгүй гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн нь Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.1-д Өрхийн эрүүл мэндийн төв, 16 дугаар зүйлийн 16.2-т Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлд эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана. 38.1.1.-д ...хүн өвчлөх үед магадлагаа гаргана гэж заасны дагуу өмгөөлөгч Б. Цэдэндамбаа надад өвчтэй учир өрхийн эмчийн магадлагаа өгсөн. Үүнийг хүүхдийн эмч гэсэн тамгатай байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т өрхийн эмч гэж өрх сум тосгон эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмч байна. Өрхийн эмч хүүхдийн эмч байж болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт өнөөдөр Монгол Улсад байхгүй. Хүүхдийн эмч том хүнд эмнэлгийн магадлагаа өгч болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсний улмаас хариуцагч Б.Мөнхтөр болон өмгөөлөгч Б. Цэдэндамбаа ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-д анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн хүсэлт эмнэлгийн магадлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн нь мөн хуулийн 34.4.5-д зааснаар хүндэтгэж үзэх шалтгаантай байсныг анхан болон давж заалдах шатны шүүх анзаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Э.Сарантунгалагийн өгсөн шуба нь цагаан байна гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй. Э.Сарантунгалаг нь шубыг аваад 2 жил болсон байна. Энэ хугацаанд яаж хадгалсан ашигласныг тогтоогоогүй байж шүүх шубыг цагаан байна гэж нотолж байгаа нь ямарч үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан трихлорэтилен гэсэн бодисоор манайх цэвэрлэгээ хийгээгүй. Манайх перхлорэтилен гэдэг бодисоор цэвэрлэсэн. Уг шуба нь ямар ч өнгө хувирсан зүйл байхгүй гэдгийг шүүх нотлоогүй байж цагаан өнгийн шуба гэж тогтоосон нь үндэслэлгүй.

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ хийсэн ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй, үйлчилгээний хөлс төлөөгүй байхад гэрээ хийснээр дүгнэж 1,860,000 төгрөгийг хариуцагч Манайх наран ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар өмгөөлөгч, хариуцагч нарын эрхийг ноцтойгоор зөрчиж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байх тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг Манайх наран ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч Э.Сарантунгалаг 2018.01.19-ний өдөр өөрийн цагаан өнгөтэй булган шубыг цэвэрлүүлэхээр Манайх наран ХХК-ийн хими цэвэрлэгээний газар өгсөн, цэвэрлэсний дараа буцаан авахад өнгө нь шаргалтаж, үс нь химийн хоронд түлэгдсэн байсан гэх үндэслэлээр шубны үнийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шуба нь цэвэрлэгдсэн, өмсөхөд бэлэн байгаа, өнгө өөрчлөгдсөн зүйлгүй, өөрөө авахгүй гээд орхиод явсан гэх тайлбар гаргажээ.

 

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.1., 228 дугаар зүйлийн 228.1. дэх зохицуулалтад нийцжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөхөн төлнө.

 

2019.09.11-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ...шубаны өнгийг өмнөх үеийн зурагтай харьцуулалт хийж үзэхэд шубаны өнгө бүрсийж, сор нь шаргал туяа суусан байна, ...цоорсон зүйл байхгүй хэдий ч үсний сор нь шар туяа сууж түлэгдсэн байх магадлалтай байна, ...цэвэрлэгч бодис нь /Трихлорэтилен/ зориулалтын бодис мөн боловч технологийн горим зөрчигдвөл үслэг эдлэлийн өнгө хувирах өндөр магадлалтай байдаг... гэж тодорхойлсон, хөрөнгө үнэлгээний Капитал зууч ХХК дунд зэргийн урттай цагаан өнгийн булган шубыг 1,860,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэг цугларсан баримтаар тогтоогджээ.

 

2.   Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд зааснаар хэрэглэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлнө гэж, Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS5353:2004 стандартад үйлчлүүлэгчийн хувцас эдлэлийг чанарын шаардлага хангахгүй цэвэрлэсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хохирлыг үйлчилгээний байгууллага бүрэн хариуцна гэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, ...сэргээх боломжгүй бол ...гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчид учирсан гэм хор хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаантай холбоотой байх учиртай.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөг байсныг 1,860,000 төгрөг болгон багасгаж өөрчилснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзнэ, хэрэгт нэхэмжлэгч Э.Сарантунгалаг нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өөрчилсөн байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэхгүй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг засаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

 

3.   Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Сарантунгалагийн ...хими цэвэрлэгээнд цагаан өнгийн шубыг цэвэрлүүлэхээр өгсөн... гэх нэхэмжлэлээ нотолж гаргасан фото зураг, хэрэгт авагдсан гэрч Т.Мөнхжаргалын ...Э.Сарантунгалагын шуба цав цагаан өнгөтэй, ...хими цэвэрлэгээнээс авахад энд тэндээ шарлаад, түлэгдээд үс нь унасан байсан... гэсэн /хх-33/, гэрч У.Оюунгэрэлийн ...Э.Сарантунгалаг манай дэлгүүрээс цагаан өнгийн шуба авсан, ...яагаад мэдэж байна вэ гэвэл цагаан өнгийн шуба жилдээ 1, 2 л ирдэг, ...2,800,000 төгрөгийн үнэтэй уг шубыг 2,500,000 төгрөгөөр авч байсан... гэсэн /хх-36/ мэдүүлгүүд, шинжээч Б.Цолмонгийн ...шубаны өнгийг өмнөх үеийн зурагтай харьцуулалт хийж үзэхэд шубаны өнгө бүрсийж, сор нь шаргал туяа суусан байсан... гэх дүгнэлт /хх-57-58/ зэргийг баримтаар няцаагаагүй, тухайн шубаны өнгө хувирсан зүйл байхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх ...өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн... хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж ...магадлагаанд дурдсан онош нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх боломжгүй байгааг нотлохгүй... талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй тул ...Э.Сарантунгалагийн шуба нь цагаан байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, ...хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2., 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар хариуцагч Манайх наран ХХК-иас 1,860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Сарантунгалагт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.04.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД