| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 181/2018/03285/и |
| Дугаар | 142/ШШ2019/00480 |
| Огноо | 2019-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2019/00480
| 2019 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2019/00480 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 29 856 950 төгрөг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2 750 000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулах, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг даалгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г овогтой М миний бие Н овогтой Т-тэй 2007 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2008 оны 5 дугаар сарын 17-нд охин З маань төрсөн. Бид 2008 оны 10 дугаар сарын 21-нд албан ёсоор гэр бүл болж гэр бүлээ батлуулсан. 2008 оны сүүлчээр Эрдэнэтэд байдаг Т-ийн гэрт хүүхэдтэйгээ 3 лаа амьдрахаар явсан. Гэтэл Т нь охиноо төрсөн цагаас нь хойш ааш зан нь илт хувирч, охин бид хоёрыг гэрээсээ хөөж, өөрөө олон хоногоор гэртээ ирэлгүй байнга алга болдог болсон. Ийм байдалтай удаа дараа явсаар нялх биетэй намайг охинтой минь өвлийн хүйтнээр гэрээсээ хөөсөн. Тэр үеэс бид дахиж уулзалдаагүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш Т нь нэг ч удаа охиндоо анхаарал хандуулаагүйгээс гадна холбоо барилгүй сураг тасарсан. Энэ үеэс хойш би охиноо ганцаараа асран хамгаалж, тэжээн тэтгэж сурч боловсрох бүхий л нөхцөл байдлаар хангаж ирсэн. Эцэг Н.Т нь Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу охин Т.З-ын тэжээн тэтгэх үүргээ нэг ч удаа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх даалгах болон хуульд заасан хэмжээгээр хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлгийг зохих журмын дагуу тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Г овогтой М миний бие тус шүүхэд хандан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Н.Т-т холбогдуулж “Тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэн гаргаж байна. Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 29 856 950 төгрөг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50% буюу 2 750 000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулах гэжээ. Г овогтой М миний бие Н овогтой Т-тэй 2007 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2008 оны 5 дугаар сарын 17-нд охин З маань төрсөн. Бид 2008 оны 10 дугаар сарын 21-нд албан ёсоор гэр бүл болж гэр бүлээ батлуулсан. 2008 оны сүүлчээр Эрдэнэтэд байдаг Т-ийн гэрт хүүхэдтэйгээ 3-лаа амьдрахаар явсан. Гэтэл Т нь охиноо төрсөн цагаас хойш ааш зан нь илт хувирч, охин бид хоёрыг гэрээсээ хөөж, өөрөө олон хоногоор гэртээ ирэлгүй байнга алга болдог болсон. Ийм байдалтай удаа дараа явсаар нялх биетэй намайг охинтой минь өвлийн хүйтнээр гэрээсээ хөөсөн. Тэр үеэс бид дахиж уулзалдаагүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш Т нь нэг ч удаа охиндоо анхаарал хандуулаагүйгээс гадна холбоо барилгүй сураг тасарсан. Энэ үеэс хойш би охиноо ганцаараа асран хамгаалж, тэжээн тэтгэж сурч боловсрох бүхий л нөхцөл байдлаар хангаж ирсэн. Миний бие 2013 онд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг өөрийн нөхөр болох Н овогтой Т /РД:ФД8504Ш7/-т холбогдуулан гаргасан болно. Гэвч Т-ийг хаяг нь тодорхойгүй хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, хэргийг хаасан. Ингээд 2013 оны 09-сард хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийг минь шүүх хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 27 -ны өдөр 842 дугаар шийдвэр гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлах болсон. Тухайн үед шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлах, оршин байгаа хаягийг тогтоох хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч хариуцагч Н.Т нь Монгол Улсын хилээр гарсан, оршин байгаа хаяг нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж байсан. Н.Т нь 2011 онд Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан боловч 2018 оны 04 дүгээр сарын байдлаар Монгол Улсын хилээр орж ирснийг миний бие мэдсэн. Мөн Улаанбаатар хотод харсан. Ингээд хариуцагч Н.Т-ийн оршин байгаа газрын хаягийг тогтоох, эрэн сурвалжлуулах агуулга бүхий иргэний хэрэг маргааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу сэргээж үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү хэмээн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг минь хүлээн авч эрэн сурвалжлах ажиллагааг явуулж Н.Т-ийг Орхон аймаг Хүрэнбулаг 4-27-63 тоот хаяганд байгааг мэдсэн. Ингээд би хуулийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 17 ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гарган 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд одоо тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэрлэлт цуцлуулах, Хүүхдийн асрамж тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах, жил бүр хүүхдийн сургалтын төлбөрийн хариуцагчид ногдох төлбөрийг төлүүлэхээр даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Миний бие хүүхдийн тэтгэлгийг 2010 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 101 600 /зуун нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийн 50%-иар тооцож 50 800 /тавин мянга найман зуун/ төгрөгийг 12 сараар бодож 609 600 /зургаан зуун есөн мянга зургаан зуун/ төгрөг, 2011 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 118 100 /зуун арван найман мянга нэг зуун/ төгрөгийн 50%-иар тооцож 59 050 /тавин есөн мянга тавин/ төгрөгийг 12 сараар бодож 708.600 /долоон зуун найман мянга зургаан зуун/ төгрөг, 2012 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 126 500 /зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийн 50% -иар тооцож 63 250 /жаран гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг 12 сараар бодож 759 000 /долоон зуун тавин есөн мянга/ төгрөг, 2013 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 149 900 /зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийг 50%-иар тооцож 74 950 /далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг 12 сараар бодож 899 400 /найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун мянган төгрөг/, 2014 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 169 000 /зуун жаран есөн мянган/ төгрөгийг 50%-иар тооцож 84 500 /наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг12 сараар бодож 1 014 000 /нэг сая арван дөрвөн мянган төрөг/, 2015 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 185 400 /зуун наян гаван мянга дөрвөн зуун/ төгрөгийг 50%-иар тооцож 92 700 /ерэн хоёр мянга долоон зуун/ төгрөгийн 12 сараар бодож 1 112 400 /нэг сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун/ төрөг, 2016 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 183 700 /зуун наян гурван мянга долоон зуун/ төгрөгийг 50%-иар тооцож 91 850 төгрөгийг 12 сараар бодож 1 102 200 /нэг сая нэг зуун хоёр мянга хоёр зуун/ төгрөг, 2017 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 185 300 төгрөгний 50%-иар тооцож 92 650 /ерэн хоёр мянга зургаан зуун тавин/төгрөгийг 12 сараар бодож 1 111 800 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун/ төгрөг, 2018 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 198 600 төгрөгийг 50%-иар тооцож 99 300 /ерэн есөн мянга гурван зуун/ төгрөгийг 12 сараар бодож 1 191 600 /нэг сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун/ төгрөг мөн 2019 оны амьжиргааны доод түвшин болох 217900 төгрөгний 50 хувиар тооцож 108 950 / нэг зуун найман мянган төгрөг есөн зуун тавин/ төгрөгийг 5 сарын 17-н хүртэл /охин Н.З нь 11 нас хүрнэ/ 5 сараар бодож 544 750 /таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг, 2019 оны 5 сарын 18-наас 12 сар хүртэлх амьжиргааны доод түвшин болох 217 900 /хоёр зуун арван долоон мянга есөн зуун/ төгрөгийг 100 хувиар 7 сараар тооцож 1 525 300 /нэг сая таван зуун хорин таван мянга гурван зуун/ төгрөг, 2020-2026 оны 05 дугаар сар хүртэл буюу 18 нас хүртэлх тэтгэмжийг 2019 оны тогтоогдсон амьжиргааны доод түвшин болох 217 900 төгрөгийг 100%-иар 77 сараар тооцож 16 778 300 /арван зургаан сая долоон зуун далан найман мянга гурван зуун/ төгрөг нийт 27 356 950 төгрөг, мөн 2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгнөөс Н.Т-т ногдох 2 500 000 төгрөг, нийт 29 856 950 төгрөгийг хариуцагч Н.Т-ээс нэг удаагийнхаар хүүхдийн тэтгэмжийг гаргуулах, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох болон цаашид жил бүр охин Т.З-ын сургалтын төлбөрийн хариуцагчид ногдох хэсэг болох 50% болох 2 750 000 төгрөгийг төлөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд ихэсгэн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн хамт хянан шийдвэрлэж, хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Н.Т нь нэхэмжлэгч Г.М-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хариуцагч болох Т нэхэмжлэгч болох М-тай 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 05 дугаар 17-нд охин З маань төрсөн. 2008 оны 10 дугаар сарын 21-нд албан ёсоор гэр бүл болсон. Нэхэмжлэгч Г.З бид хоёрын зан ааш таараагүйн улмаас хоёр тусдаа амьдрах болсон. Иймд нэхэмжлэлийн дагуу Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “Г.М-ийн 2019 оны 03 дугаар сарын 06-нд гаргасан нэхэмжлэийн нэмэлт шаардлагатай танилцаад энэ тайлбарыг гргаж байна. Миний бие нь хүүхдийн тэтгэвэр төлөхөөс зориуд зайлсхийн гадаадад гарсан явдал байхгүй. Би зохих журмын дагуу виз мэдүүлж, Үндсэн хуульд заасан зорчих цагаачлах эрхийн хүрээнд 2011 оны 7 сард Норвеги улс руу явж тэнд янз бүрийн ажил хийж амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сард визний хугацаа хэтрүүлсэн минь илэрч эх орондоо ирсэн. Намайг явах үед Г.М хүүхдийн тэтгэврийн талаар ямар нэгэн зүйл яриагүй байсан. Би охин З-д хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг төлөх болно. Харин нэхэмжлэлд заасан тэтгэврийг олон жилээр нөхөн тооцох, урьдчилан гаргуулах, бусад зардал гаргуулах нь ямар хуулийн үндэслэлтэй болохыг хэлж мэдэхгүй байна. Ийм учраас би өмгөөлөгч сонгон авч хэргийн материалтай танилцуулж, асуудлыг судлуулсны үндсэн дээр энэ талаар шүүх хуралдаанд тайлбар, баримт гаргах болно. Иймд өмгөөлөгчийг хэргийн материал танилцах, шүүх хуралд бэлтгэх боломжтойгоор шүүх хуралдааныг зарлахыг хүсье. Би ойрын хугацаанд өмгөөлөгч сонгон авч мэдэгдэх болно...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь Н.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 29 856 950 төгрөг нөхөн гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2 750 000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулах, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Н.Т нар нь 2007 оноос хамтран амьдарч, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Т.З төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Т.З-ын төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид 2008 оноос хойш тусдаа амьдарсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрчлэгчид 2008 оноос хойш тусдаа амьдарсан, тэдний хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Г.М, Н.Т нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Н.Т маргаагүй тул 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Т.З-ыг эх Г.М-ийн асрамжинд үлдээж, эцэг Н.Т-ээр насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох нь зүйтэй байна.
Хүүхдийн сургалтын төлбөрийн тухайд: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.
Охин Т.З нь “Г” сургуульд суралцдаг, жилийн төлбөр нь 5 000 000 төгрөг болох нь тус сургуулийн суралцагч болон эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээгээр нотлогдож байх тул сургалтын төлбөрийн 50 хувийг эцэг Н.Т-ээс гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хүүхдийн тэтгэлэгт 29 856 950 төгрөгийг нөхөн гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулж байх шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэгийг 2010 оноос хойш нөхөн гаргуулахаар шаардсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ, 32.3-д Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тус тус заажээ.
Гүйцэтгэх баримт бичиг гэдэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, мөн хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна гэжээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого, мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулахад энэ хуульд заасан журмыг баримтлана, хуулийн 90.6-д Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хүүхдийн тэтгэлэгийг нөхөн төлөх асуудал нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд яригдах асуудал гэж үзэхээр байх ба, хариуцагч Н.Т-ийг 2013 онд шүүхээс эрэн сурвалжлах шийдвэр гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан гэсэн тайлбарууд нотлогдоогүй болно.
Харин хариуцагч хүүхдийн тэтгэлгийн нөхөн төлүүлэх төлбөрөөс 3 491 100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас энэ мөнгийг гаргуулан үлдэх 23 865 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн, “цаашид хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2 750 000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулах, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг даалгуулах” шаардлагын тухайд: Сургалтын төлбөрийг өмнө буюу урьдчилан гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл ирээдүйд бий болох үйл явдлыг шүүх урьдчилан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Мөн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгуулах гэсэн шаардлага нь шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхойлж буй хэлбэр гэж үзсэн учир шийдвэрийн тогтоох хэсэгт оруулаагүй бөгөөд, түүнчлэн хүүхдийн тэжээн тэтгэх асуудлыг шүүх шийдвэрлэсэн нь хариуцагчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 576 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 110 808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Г.М, Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Т.З-ыг эх Г.М-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин Т.З-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Т-ээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Т-ээс 5 991 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлээс 23 865 850 төгрөг гаргуулах, цаашид хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2 750 000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 576 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 110 808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА