| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0059/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Борлууд ургийн овогтой Н-н Х ид холбогдох 2339000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн ““ ““ тоотод байх өөрийн гэртээ “дүүтэй хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 19 цагийн орчим Ж.О-ын нүүр, толгой хэсэгт “түрүүтэй гутлын өсгийгөөр” 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...”
гэв.
Эрүүгийн 2339000000082 дугаартай хэргээс:
-Хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эхнэр Х тай гэр бүлийн маргаан үүсгэж маргалдахад буюу 18-19 цагийн орчимд түүний төрсөн ах Х нь дүүгээ өмөөрч намайг миний түрүүтэй гутлын өсгийгөөр миний толгой нүүр хэсэгт 5-6 удаа цохиж миний баруун нүд шанаа хэсэгт зулгарч, хөхөрч хавдаж, толгойн орой хэсгийг хагартал зодсон. Тэгээд миний толгойн орой хэсгийг арьс ангайж цус ихээр гойжоод тогтохгүй, бие даараад, хувхай цайгаад болохгүй болохоор нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд түргэн дуудаж эмч сувилагч нар намайг гэрээс ирж аваад эмнэлэгт аваачиж толгойн орой хэсэгт 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,
-Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд ажил ажилтай байхад гаднаас согтуу хүн орж ирээд “Хүнд зодуулаад цус алдаад тогтохгүй байна” гэсэн дуудлага ирж, дуудлагын газарт ээлжийн сувилагчаа дагуулаад очиход 1 согтуу эрэгтэй хүний толгойноос их хэмжээний цус алдсан, шархаа алчуураар дарсан байдалтай байсан ба газар дээр нь толгойн орой хэсэгт зүсэгдсэн мэт 5 см орчим язарсан шархтай, цус бүлэгнэж тогтсон байдалтай байхаар нь газар дээр нь оёдол хийх гэсэн боловч орчин нөхцөл тохиромжгүй тухайн өвчтөн цус алдсанаас болж муужирч унах гээд байхаар нь ЭМТ-д авчирч өвчин намдаалт хийгээд хэсэг газарт мэдээ алдуулаад шарханд 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
-Гэрч Н.Ам ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд өглөө сэртэл урд шөнө О нь эхнэр Х тай хэрүүл маргаан үүсгээд зодох гээд байхаар нь манай нөхөр Х нь гутлаар нь цохиж толгойг нь хагалсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
-Гэрч Н.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр О нь согтуугаар надтай хэрүүл маргаан үүсгэж намайг зодох гээд дайрах үед ах Х нь намайг өмөөрч О-ын баруун хөлийн түрийтэй гутлаар толгой нүүр хэсэгт 2 удаа цохихоор нь би голоор нь орж салгасан. Тэгтэл манай нөхрийн толгой орой хэсгээс цус гараад нүдний доод хэсэг хөхөрсөн байсан. Тэгээд толгойн хэсгээс нилээн их цус алдаад тогтохгүй болохоор нь Х ах эмнэлэгт очиж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
-2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Н.Х ийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
-2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн
эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай “...Ж.О-ын биед толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 33-36 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эхнэр Х тай гэр бүлийн маргаан үүсгэж маргалдахад буюу 18-19 цагийн орчимд түүний төрсөн ах Х нь дүүгээ өмөөрч намайг миний түрүүтэй гутлын өсгийгөөр миний толгой нүүр хэсэгт 5-6 удаа цохиж миний баруун нүд шанаа хэсэгт зулгарч, хөхөрч хавдаж, толгойн орой хэсгийг хагартал зодсон. Тэгээд миний толгойн орой хэсгийг арьс ангайж цус ихээр гойжоод тогтохгүй, бие даараад, хувхай цайгаад болохгүй болохоор нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд түргэн дуудаж эмч сувилагч нар намайг гэрээс ирж аваад эмнэлэгт аваачиж толгойн орой хэсэгт 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд ажил ажилтай байхад гаднаас согтуу хүн орж ирээд “Хүнд зодуулаад цус алдаад тогтохгүй байна” гэсэн дуудлага ирж, дуудлагын газарт ээлжийн сувилагчаа дагуулаад очиход 1 согтуу эрэгтэй хүний толгойноос их хэмжээний цус алдсан, шархаа алчуураар дарсан байдалтай байсан ба газар дээр нь толгойн орой хэсэгт зүсэгдсэн мэт 5 см орчим язарсан шархтай, цус бүлэгнэж тогтсон байдалтай байхаар нь газар дээр нь оёдол хийх гэсэн боловч орчин нөхцөл тохиромжгүй тухайн өвчтөн цус алдсанаас болж муужирч унах гээд байхаар нь ЭМТ-д авчирч өвчин намдаалт хийгээд хэсэг газарт мэдээ алдуулаад шарханд 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Ам ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд өглөө сэртэл урд шөнө О нь эхнэр Х тай хэрүүл маргаан үүсгээд зодох гээд байхаар нь манай нөхөр Х нь гутлаар нь цохиж толгойг нь хагалсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр О нь согтуугаар надтай хэрүүл маргаан үүсгэж намайг зодох гээд дайрах үед ах Х нь намайг өмөөрч О-ын баруун хөлийн түрийтэй гутлаар толгой нүүр хэсэгт 2 удаа цохихоор нь би голоор нь орж салгасан. Тэгтэл манай нөхрийн толгой орой хэсгээс цус гараад нүдний доод хэсэг хөхөрсөн байсан. Тэгээд толгойн хэсгээс нилээн их цус алдаад тогтохгүй болохоор нь Х ах эмнэлэгт очиж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
-2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Н.Х ийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
-2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай “...Ж.О-ын биед толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Н.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн ““ ““ тоотод байх өөрийн гэртээ “дүүтэй хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 19 цагийн орчим Ж.О-ын нүүр, толгой хэсэгт “түрүүтэй гутлын өсгийгөөр” 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Н.Х ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Н.Х ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.О-ын эрүүл мэндэд толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Н.Х ийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Н.Х энэ хэргийн хохирогч Ж.О-ын эрүүл мэндэд толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун нүдний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 71 дүгээр хуудаст хохирогч Ж.Отгонжаргалаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...Н овогтой Х ид зодуулсан нь үнэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт хэрэгт авагджээ.
2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.О хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Х ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.О-ын эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Н.Х ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Н.Х ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Н.Х ийг 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд: “Өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй. Гэм бурууг зөвшөөрч байна.” гэж мэдүүлжээ.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж
хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Х ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгж буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х ид шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 36 см урттай түрийтэй, 28 см урт ултай, цагаан саарал өнгийн дотортой, түрийний гадна хэсгээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон “Яалуу” гэх нэршилтэй баруун хөлийн 1 ширхэг гутлыг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Х ид буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Борлууд ургийн овогтой Н-н Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Х ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х ид оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х ид оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Н.Х ид шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Н.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 36 см урттай түрийтэй, 28 см урт ултай, цагаан саарал өнгийн дотортой, түрийний гадна хэсгээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон “Яалуу” гэх нэршилтэй баруун хөлийн 1 ширхэг гутлыг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Х ид буцаан олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.О-ын эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Х ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Х ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР